Фермерүүдэд 150 сая еврогийн тусламж олгохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Фермерүүдэд 150 сая еврогийн тусламж олгохоор болжээ

Европын комисс  халдварт E.coli нян тархсанаас ихээхэн хэмжээний алдагдалд ороод буй фермерүүдэд 150 сая еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргалаа.

Люксембург хотод болсон Европын холбооны хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтаар Европыг түгшээж буй өвчин үүсгэгч нян болон үүнтэй холбоотой хямрал, маргаантай асуудлыг хэлэлцжээ. Германы эрүүл мэндийн сайд халдварт нянгийн хамгийн аюултай үе өнгөрсөн гэж мэдэгдсэн байна. Өвчин үүсгэгч аюулт нянгийн халдвар тархсанаас хойш хүнсний ногооны худалдаа эрс буурч,  24 хүн нас барж, ойролцоогоор 2400 гаруй хүн өвчлөөд байгаа юм.

Германы эрүүл мэндийн сайд халдварт нянгийн тархалтаас айхгүй байгаа шалтгааныг шинжээчид хамгийн аюултай үе ард хоцорсон гэж хэлснээр тайлбарлаж байна. Европын парламентын гишүүд Герман улсыг олон хүний амь насыг авч одсон нянгийн халдварыг зогсооход дорвитой арга хэмжээ аваагүй, бодит мэдээллээр хангаагүй гэж шүүмжилж байгаа юм. Нянгийн тархалт хүнсний ногооноос үүсэлтэй гэдэг ташаа мэдээлэл гарснаас үүдэн Испанийн фермерүүд долоо хоногийн дотор 225 сая еврогийн алдагдалд орсон гэж мэдээлсэн байна. Германы хүнсний ногоо тариалагчид мөн 80 гаруй сая еврогийн алдагдалд орсон ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж