Бүтэн хоёр өдөр бужигнасан засгийн асуудлаар парламентад суудалтай намын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тов тодорхой илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн хувь заяаг нам шүүхгүй” гэдгийг дуулгаад улстөрийн тогтворгүй байдал үүсгэвэл Монголд хортой гэдгийн онцлон хэллээ. Түүний хэлснийг парламентад суудалтай намын удирдлагууд хэрхэн, яаж хүлээж авсныг мэдэхгүй юм. Ямар ч байсан “Нийтлэг эрх ашгаараа бид асуудлаа харах цаг болсон”-ыг сануулсан Ерөнхийлөгчийн зөв байлаа.
Уулзалтад оролцсон намын дарга нар, намын төлөөллүүдийн байр суурийг харахад эдийн засаг хүндэрсэн энэ үед засгийн газраар оролдох хэрэггүй гэдэг дээр Ардчилсан намын дарга З.Энхболдоос бусад нь санал нэгдэв. ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэл засаг төрөө тогтвортой байлгаад эдийн засгаа аврах уу, эсвэл Засгийн газраа унагааж эдийн засгаа алах уу хэмээн Ардчилсан намынхнаас ам асуув.
2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Шийдлийн Засгийн газрын сайдуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь томилсноос хойшхи долоон сарын хугацаанд Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах тухай яриа үе, үе улс төрийн хүрээний амны зугаа болсоор ирсэн. Энэ удаад эхлэлийг нь Ардчилсан намынхан өөрсдөө тавьсан нь арван зургааны оны сонгуулийн өмнө галаар наадсантай адилхан явдал боллоо. УИХ-ын хаврын чуулганы нээлтээр УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээг зурсан сайдуудыг огцруулна гэж анх энэ асуудлыг босгож ирсэн бол дараахан нь Оюутолгойн асуудлаар С.Ганбаатар, Г.Уянга нарын гишүүд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулж байв.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан нам засгаасаа Ардын намыг хөөхөөр болсноо зарласнаар гуравдугаар ээлжийнхэн ч хоолондоо орохоор саарал ордонд сэмхэн бэлтгэж, зарим нь бүр сайдаар тодорчихсон аятай загнах болсон гэх. "Дур эзнээ голохгүй" гэгчээр хэн өөрийгөө яаж төсөөлөх нь тэдний хэрэг. Харин зуны халуун, эдийн засгийн хямралыг анзаарах сөхөө завгүй улстөржиж байгаа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд ийм шийдвэр гаргах эрх бий юу?
Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл дангаараа дүгнэдэг байгууллага ч биш юм. Учир нь, засаг хэрхэн ажиллаж байгаад гагцхүү УИХ дүн тавих эрхтэй. Үндсэн хуулийг зөрчиж байгаа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд Ерөнхийлөгчийн анхааруулсан үг бол “Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад “Засгийн газарт хамтарсанаа болино. Засгийн газрын хувь заяаны асуудлыг ярилцана” гэдэг бол байж болохгүй зүйл гэж бодож байна. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр”.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам засаг барьж байгаа гээд тус намын Гүйцэтгэх зөвлөл нь Монголын хууль тогтоох дээд байгууллагаас илүү эрх мэдэлтэй гэсэн үг биш юм. Учир нь 1992 онд монголчууд Үндсэн хуулиараа намын засаглалыг авч хаясан. Нам бол үндсэний чиглүүлэгч биш гэдэг үзэл бодлыг тунхаглаад 23 жил болж байна. Энэ тохиолдолд Үндсэн хуулиар олгогдсон УИХ-д тушаал өгөх эрх Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд яаж бодсон ч баймааргүй. Ядахнаа Гүйцэтгэх зөвлөлийнхөн 31 -үүлээ ярилцаад шийдсэн бол өөр хэрэг. Тавин хувьдаа хүрэхгүй 11 хүний үгээр засгийн хувь заяаг шийдвэрлэчихдэг ч юм биш байх л даа. Тэгээд бас "хулгайгаар" хударгагүй загнах шаардлага юун.
Улсын төсөв 378 орчим тэрбумын алдагдалтай байгаа, гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарсан, дэлхийн зах зээлд зэсийн үнэ уналттай, нүүрсний боруулалт муу гээд эдийн засгийн эрх ашгаа бодвол Засгийн газар тогтвортой байх учиртай. Ялангуяа парламентын сонгууль болоход ганцхан жил үлдсэн, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд хэлэлцэх асуудал олон, УИХ-д сандал суудлын хэрүүлд зарцуулах цаг тун бага үлдсэн билээ. Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг ардаа үдсэн өнөөгийн парламентад ирэх намар, хойтон хаврын гээд хоёрхон чуулган үлдээд байна. Гэтэл хуулийн дагуу долдугаар сарын 1 гэхэд хаалтаа хийх ёстой энэ хаврын чуулганаар дөнгөж гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгааг Я.Содбаатар гишүүн шүүмжилсэн байсан. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуульд УИХ салхи ч оруулаагүй байгаа шүү дээ.
Хэлэлцэх асуудлынхаа талыг ч шийдвэрлэж чадаагүй хууль тогтоогчид өнгөрсөн гурван жилийн хугацааны дийлэнхийг засгаа унагаах, сайдуудыг огцруулах, төмөр зам, нүүрсний хэрүүлд зарцуулсан. Одоо үлдэж байгаа богинохон хугацаанд ядаж л засаг төрөөрөө оролдмооргүй байна. Улс төр талаасаа Шийдлийн засгийг огцруулах нь шинэ үзэгдэл биш. Тэр тусмаа Ардчилсан намын засгийн үед тэд засаг барьу тоглох нь ердийн үзэгдэл. Гэхдээ эдийн засаг, улс орны эрх ашиг талаас нь бодолцвол засаг огцорсноор Монгол Улс, монголчуудын амьдрал доройтно. Албан тушаалд дуртай хэдэн хүн гуравдугаар ээлжний хоолонд орох гэж, ард түмний амьдрал, улсынхаа эдийн засгаар мөрий тавьж болохгүй биз дээ.
Өнөөдрийн эдийн засгийн хямралын эхлэл нь Монголын засаглалын хямралаас эхтэйг улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх болсон. Тэгээд ч УИХ-д угаасаа улстөржих цаг, зав үлдсэн бил үү. Улс орны эрх ашиг бодолцоод Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Ажлаа сайн хий. Бүгдээрээ ажил хэргээ хийе. Бидний өмнө хийх маш их ажил байна. Богино хугацаанд асуудал шийдэж болж байна. УИХ хүлээгдэж байсан олон чухал асуудлыг яриад л явж байна шүү дээ. Хамтраад яриад, шийдэж” болохгүй юу.
Ө.БАТЗУЛ