Монголын сонгодог урлагт шинэхэн айлчилсан “Аида” яг энэ өдрүүдэд түүхт Масадагийн цөлд тэмээ унан дуулж явна. Жозеф Вердигийн “Аида” дуурийг Израйльд болж буй олон улсын дуурийн наадмын гол тоглолт болгон эртний түүхт энэ газар нүсэр тайз засан тоглож байна. Аида бүсгүйд АНУ-ын сопрано хоолойт дуучин Кристин Ливайз дуулж байгаа юм.
“Аида” дуурийг олон орны 3000 хүн үзэхээр тасалбарыг нь худалдан авчээ. “Элсэн цөлд Нью-Йорк, Лондон, Венийн тайзнаа дуулдаг шилдэг дуучид “Аида” дуурьт тоглоно гэдэг зүүд зэрэглээ шиг гайхамшигтай зүйл” хэмээн удирдаач Даниель Орен дүгнэлээ.
Масада бол түүх, археологийн дурсгалаараа ЮНЕСКО-гийн хосгүй үнэт өвийн жагсаалтад орсон газар юм.