Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхлэх шийдвэрийг УИХ-аас баталлаа.
Ийнхүү хуулийг шинэчлэн найруулснаар хуульд багагүй өөрчлөлтүүд орж энэ сардаа мөн Замын хөдөлгөөний дүрэм, журмыг батлахаар болсон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, зам тээврийн осол явган зорчигч, жолоочоос гадна автозамын компани, зам арчлалтын ажилтнууд хүртэл хариуцлага хүлээх зохицуулалтыг хийжээ.
Мөн арав хүртэлх настай хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагч, багшийн хараа хяналтад хөдөлгөөнд оролцуулах тухай онцлон тусгасан байна.
Ингээд хоёр хүрэхгүй сарын дараа хэрэгжиж эхлэх хуулинд ямар өөрчлөлт орсон талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384-768 мянган төгрөгөөр торгоно
Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зэргийг хэрэглэсэн үедээ автомашинаа жолоодсон жолоочийг эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгоно. Мөн автомашин жолоодох эрхийг зургаан сараар хасах юм.
Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа машин жолоодсон, согтуугаар жолоодсон зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /768 мянга/ төгрөгөөр торгохоор хуулинд тусгажээ. Мөн жолоодох эрхийг гурав хүртэлх жилээр хасч шаардлагатай гэж үзвэл баривчлан Захиргааны хариуцлага хүлээлгэх юм.
Ослыг гаргахад нөлөөлсөн шалтгааныг олж, буруутныг торгоно
Одоо бол автозамын осол гаргахад жолооч эсвэл явган зорчигчийн аль нэг нь буруутаж улмаар хариуцлага хүлээж буй.
Харин ирэх есдүгээр сараас хууль хэрэгжиж эхэлснээр замын компани тэр байтугай замыг арчилж байгаа хүн Захиргааны хариуцлага хүлээх болж байгаа аж. Тодруулбал, замыг барьж байгуулахдаа буруу зураг төсөл хийсэн бол тэр байгууллага, замыг барихдаа стандарын дагуу тавиагүй бол замын компани, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгааг зохих журмын дагуу хийгээгүйгээс осол гаргасан бол тухайн аж ахуй нэгж, хувь хүн Захиргааны хариуцлага хүлээх юм.
Мөн бүрэн бус тээврийн хэрэгслийг буруу оношилж хөдөлгөөнд оролцуулсан оношлогооны байгууллага, хариуцлагагүй жолоочийг бэлтгэсэн жолооны курс хариуцлага хүлээнэ.
Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно
Автомашины эзэмшигч жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлбэл 96100 мянган төгрөгөөр торгох гэнэ.
Жолооны үнэмлэхгүй машин жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно
Жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох юм. Тодруулбал 48 мянган төгрөгөөр торгож, бичиг баримтгүй хүнд автомашинаа өгсөн жолоочийг 19200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Суудлын хамгаалах бүсээ зүүгээгүй бол торгуулна
Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр буюу есөн мянган төгрөгөөр торгоно.
Жолоо барих үедээ утсаар ярьж, цахим сүлжээ ашиглавал 9000 төгрөгийн торгууль хүлээнэ.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байсан юм. Тэрээр “Жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй” гэсэн юм.
Харин үүнд ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй. Гэхдээ хариуцлага хүлээлгэх тухай хуульд заасан” гэж байлаа.
Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрсөн жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх төгрөгөөр буюу 96 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасна.
Мөн Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаа авахгүй
Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаагийн газар эсвэл нэг талын төрийн байгууллага авч байгаа.
Одоо мөрдөх хуулиар Замын цагдаагийн газар, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөл болон бусад энэ чиглэлийн олон нийтийн байгууллага оролцсон мэргэжлийн комисс шалгалтыг авч байх юм.
Мөн жолооны курст суралцахдаа дүрмийн хичээлийг бие даан суралцаж болохоор зохицуулсан байна.
Хууль бусаар тусгай дуут дохио машиндаа байрлуулсан бол 96 мянган төгрөгөөр торгоно
Тээврийн хэрэгслийн оношлогоонд тэнцээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгох юм.
Мөн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэл нь ажиллахгүй бол 48 мянган төгрөгөөр торгох гэнэ.
Хууль бусаар тусгай дуут болон гэрлэн дохиог машиндаа суурилуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 96 мянган төгрөгөөр торгох юм.
Гэрлэн дохио зөрчвөл 19200 мянган төгрөгөөр торгуулна
Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгуулна.
Мөн уулзвараас баруун тийш эргэх атлаа зүүн тийш эргэх дохиог өгч бусад жолоочийг төөрөгдүүлсэн бол 19200 төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсож бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол 19200 төгрөгөөр торгоно.
Үүнээс гадна жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж эргэлт хийвэл 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм.
Зам тавьж өгөөгүй бол торгуулна
Түргэн, цагдаа, онцгой байдлын шуурхай дуудлагаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 мянган төгрөгөөр торгуулна.
Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг хасна
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин хурдны дээд хязгаарыг тавин хувиас илүү хэмжээгээр хэтрүүлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах гэнэ.
Д.ЖАРГАЛ