Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хурлыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж байгаа өнөө үед эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх нь Засгийн газрын анхаарч ажиллах гол асуудал гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хувийн хэвшлийнхний санал санаачлагыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлнэ гэв.
Хуралдаанаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, банк санхүүгийн салбарт татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой бэрхшээлийг арилгах тухай хоёр багц асуудлыг хэлэлцсэн юм.
Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд татвартай холбоотой үүсч буй бэрхшээлүүд, тухайлбал олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргасан Монгол Улсын аж ахуйн нэгжид татвар ногдуулах, арилжааны банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заримт заалтыг хэрэгжүүлэхдээ уян хатан бодлого баримтлах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгох талаар Монголын банкны холбооноос асуудал дэвшүүлэн, тодорхой шийдвэр гаргах талаар санал солилцон талууд нэгдсэн ойлголцолд хүрлээ. Мөн даатгалын салбарын үндэсний эдийн засагт хүлээх үүрэг өөрчлөгдөж, эзлэх байр суурь үлэмж хэмжээгээр нэмэгдсээр байгаа өнөө үед манай улсад даатгалын талаарх ойлголтыг нийгэмд хэвшүүлэх тодорхой салбар тухайлбал жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх даатгалын тогтолцоог эрчимтэй нэвтрүүлэх талаар Монголын даатгагчдын холбооноос санал танилцуулж шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм.
Тус хурлын эцэст Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгож хөрөнгө оруулалт болон санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг бууруулах замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор Сангийн сайд С.Баярцогт болон Татварын Ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарт Гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондын хүүг зээлийн хүүгээс ялгавартай авч үзэн, ногдуулах татварын хувь хэмжээг багасгах, хуулиар татвар суулгах үүрэг хүлээгээгүй этгээдэд татвар суулгагчийн үүрэг хүлээлгэхгүй байх, давхар татварын хэрэгцээг хэрэгжүүлэх журам боловсруулан мөрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах.
Банкны салбар дахь НӨАТ-ын дарамт иргэдэд шилжихээс урьдчилан сэргийлж барьцаа хөрөнгийг банк өмчлөлдөө шижүүлэн худалдан борлуулах үйл ажиллагаанд НӨАТ ногдуулахгүй байх асуудлыг судлан үзэх, татварын хууль тогтоомжийг эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болгон уян хатан бодлого баримтлах.
Банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны болон хөрөнгийн орлогыг ялгавартайгаар татварын хууль тогтоомжинд заасныг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, татварын хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхдээ эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, бизнес эрхлэхэд нөхуүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлэх.
Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх зорилтын хүрээнд Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатай хэмээн сануулсан юм.