&#34Мартаж болохгүй, уучилж болно&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

&#34Мартаж болохгүй, уучилж болно&#34

БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрсөн оны наймдугаар сард Дэлхийн залуучуудын спортын II наадам болсон билээ. Тэгвэл дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон спортын шинэхэн хот Наньжинийг Монголын 50 сэтгүүлчдийн баг өргөн бүрэлдэхүүнтэй зорьсон юм. Учир нь энэ онд Чөлөөлөх дайны 70 жилийг ойг Монгол Улс, БНХАУ, ОХУ хамтран тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд өмнөд хөршийг зорьсон тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байна. Өмнөх дугаарт Монгол-Зөвлөлтийн холбоот цэргийн дурсгалын суваргын талаар хүргэсэн. Харин энэ удаа долдугаар сарын 2-ны өдөр танилцсан “Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан ах дүү нарын дурсгалын ордон”-ын талаар өгүүлж байна.

 

40 ХОНОГТ 300 МЯНГАН ИРГЭНИЙГ ХӨНӨӨЖЭЭ

Бээжингээс 1500 км зайд орших Наньжин хотыг бид хурдны галт тэргээр зорьлоо. Урд хөршийн нийслэл хотоос 1000 гаруй км зайтай энэхүү газарт очиход 4 цаг 30 минут хангалттай байлаа. Хөх мөрний адагт, Жансу мужийн баруун өмнөд хэсэгт орших Наньжин хот нь аж, үйлдвэр өндөр хөгжсөн Хятадын томоохон хотуудын нэг аж. Мөн эртний дөрвөн нийслэл хотын нэг гэдгээгээр (Бээжин, Си-Ань, Луо-Ян) Наньжин урт түүх, арвин соёлтой. Бидний зорьсон дурсгалын ордон бол “Наньжинд болсон их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор”(the Nanjing Massacre Memorial Hall) юм. Энэхүү цогцолбор 1985 оны наймдугаар сард байгуулагдсан. Цогцолборт 10000 гаруй түүхийн баримт болон эд зүйлс хадгалагдаж байдаг бөгөөд Хятадын нэгдүгээр зэрэглэлийн музей гэж тооцогддог аж. Тэр дундаа Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор амьсгалж буй энэ үед энэхүү музейг зорих дотоодын иргэд болоод жуулчдын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна гэж хөтөч бидэнд тайлбарлаж байв.

Японы арми 1937 оны арванхоёрдугаар сараас 1938 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Наньжин хотыг эзлэн түрэмгийлж их хядлага явуулжээ. Ингэхдээ “Гурвыг хоослох” буюу устгах, булаах шатаах гэсэн бодлогыг хэрэгжүүлсэн гэж музейн тайлбарлагч онцолж байв. Тухайн үед Хятадын засаг захиргааны төв байсан энэ хотод нэг сая 10 мянган хүн оршин суудаг байсан бөгөөд дайны үеэр 500 мянган хүн дүрвэжээ. Харин тэднээс 100 мянган цэрэг хотоо хамгаалан үлдэж, 300 мянган хүн амиа алдсан байна.

Музейн гадна олон хөшөө бий. Энд цамц нь урагдаж, үс нь арзайсан навсгар хувцастай хөл нүцгэн ээж, шархдсан нэгийгээ үүрч яваа цэргүүд, хүүхдүүдээ тэврээд зугтах аав зэрэг хөшөө нүдэнд тусна. Музейд орохоос өмнө биднийг угтах энэхүү хөшөөнүүд их түүхийн гэрч болсон музейн онцлогийг харуулж байсан юм.

 

Японы Квантуны арми тулалдааны үеэр хотыг сахиж байсан цэргүүдийг Хөх мөрний дэргэд шахаж байжээ. Мөн 42 хоногийн хугацаанд Наньжины 300 мянган хүний амь насыг хөнөөсөн гэж түүхэнд бичигдсэн байна. Музейн танхим бүрд хүнд үеийг харуулсан баримтаар дүүрэн. Тухайн үед Хөх мөрний эргээр 100 мянга гаруй хүнийг хөнөөсөн нь хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн хамгийн том хэрэг болсон гэж музейн тайлбарлагч хэлэв. Мөн ард иргэд рүү ч түрэмгийлэн дайрсан гэнэ. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болон буу зэвсэггүй энгийн ард иргэдийг хэрцгийгээр хөнөөдөг байжээ. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, байшин сууринг нураах, хүмүүсийг тамалж алах, олноор нь нэг дор буудан хороох тэр бүү хэл дөрвөн мөчийг нь салгах гэх харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэж тайлбарлав.

 

ХҮН ХӨНӨӨХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ОЛОН ИРГЭНИЙ АМИНД ХҮРСЭН ХОЁР ЯПОН ҮНДЭСНИЙ БААТАР БОЛЖ БАЙЖЭЭ

Музейн тайлбарлагчийн хэлснээр япончууд хүн буудах тэмцээнийг явуулдаг байжээ. 10 минутын дотор хэн нь түрүүлж 100 хүнийг алах вэ гэдэг уралдааныг зарлажээ. Үүнд хоёр япон цэрэг оролцож, нэг нь 105, нөгөө нь 106 хүний аминд хүрчээ. Тухайн үед энэхүү хоёр цэргийн талаар Японы сонинуудад үндэсний баатар хэмээн бичиж байсан байна. Энэ нүглийнхээ хариуг ч амсч хожим хоёулаа Алс Дорнодын шүүх цаазасан талаар музейн тайлбарлагч тайлбарлав.

Музейд хядлагад өртөж амиа алдсан хүмүүсийн зураг 12 секунтэд солигдох булан байсан юм. Учир нь дайны үед Наньжинд 12 секунд тутамд нэг хүн амиа алдаж байсныг харуулах зорилгоор ингэж хийжээ.

Хядлагын үеэр хүүхдүүдэд тоглоом өгөх, эмнэлгийн үзлэг хийх, хүмүүстэй тоглох зэрэг хуурмаг мэдээллийг Японы талаас өгч буруу мэдээлэл тарааж байсан байна.

Японы түрэмгийлэлийн үед олон улсын хүмүүс(Америк, Герман) сайн дураараа үлдэж, аюулгүйн бүсийг байгуулжээ. Энэхүү бүсэд маш их дүрвэгсэдийг хүлээн авсан бөгөөд 200 мянган иргэн хамрагджээ. Музейн нэг хэсэгт тухайн үеийн үнэнийг бичиж байсан Герман ноёны хөшөөг залсан байна. Энэхүү ноёнтны өдрийн тэмдэглэлийг хожим Герман улсаас олжээ. “Бид энэ дайныг хүлээн авч чадна. Гэхдээ дайны түүхийг мартаж болохгүй” гэж хэлсэн Германы ноёнтны үг хожим алдаршжээ.

Мөн Наньжингийн сургуульд багшилж байсан Америк эмэгтэйн дурсгалыг хүндэтгэж, хананд түүний гавьяаг бичжээ. Хядлагын үеэр тэрээр 9000 гаруй охидуудад тусалж, аварсан байна. Охидыг хамгаалах үед хүнд хэцүү байсан тэрээр хожим Америкт очоод өөрийнхөө амийг хороосон аж. Гэвч энэхүү эмэгтэй “Хэрвээ надад дахин нэг амь нас байх юм бол би дуртайяа Наньжиний хүмүүст очиж үйлчилнэ” гэж гэрээслэл үлдээсэн байжээ.

 

Япон цэргүүд Наньжин хотынхонд тусалж, элэгтэй байгаа гэсэн мэдээнүүд ар араасаа цуварсаар байсныг гэрчлэх олон материал энд байсан юм.

2014 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаар арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг олон нийтийн гашуудлын өдөр болгон зарлажээ.

Ийнхүү бидний Бээжингээс хурдны галт тэргээр 4 цаг орчим явж очсон Жансу мужийн Наньжин хотын нэгэн түүх бол “Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан ах дүү нарын дурсгалын ордон” байсан юм.

Хятадын ард түмэн өөрсдийн гашуун түүх, дайны хар мөрийг тод томруунаар үзүүлэх энэ цогцолборыг байгуулахын тулд 700 сая юань зарцуулсан байна. Түүгээр ч зогсохгүй их хядлага эхэлсэн арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг үндэсний хэмжээнд харууслын өдөр болгон зарлажээ.

Үргэлжлэл бий.

ЦУВРАЛ 1: Эрэлхэг баатруудад жил бүр хүндэтгэл үзүүлдэг

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж