МАН-ыг Засгийн газраас гаргах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэр эцэстээ барьцаа болж хувирлаа. Танхимын зургаан сайдаа чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулахгүй гэж мэдэгдсэнийхээ төлөө Ерөнхий сайд огцруулах асуудалтай тулж мэдэх нь. Золигийн байгаа биз. Хамтраад ажиллая, хийе бүтээе гэснийхээ төлөө ингэж яллуулж суух ч гэж…
Уг нь Засгийн газар огцруулах нь ямар их хортой байдгийг АН МАН-ынхнаас илүү мэдэх учиртай. Харамсалтай нь, туулсан зовлон нь сургамж болоогүй бололтой. Одоо биш юмаа гэхэд наадмын дараа Засгийн газрыг унагах төлөвлөгөө хэрэгжээд эхлэх нь.
Гэтэл наадмын дараа намар залгана. Тариа ногоогоо хураахаас эхлээд өвөлжилтөд бэлтгэх их ажлын үе залгана. Ийм үед засаг төр нь бужигнаад эхэлбэл ажил цалгардана. Ер нь аль ч цаг үед Засгийн газрыг бужигнуулахад алдсан нь их болохоос хожсон нь үгүй.
Засгийн газарт сэлгээ хийх сургаар энэ хэдэн өдрүүдэд яаж бужигнаж байна, долларын ханш өссөөр 1985 төгрөгтэй тэнцлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бүр нам зогссон. Ийм байдал үргэлжилбэл цаашдаа л улам хүндэрнэ. За тэгээд ахмадуудын анхааруулсан бичин жилийн зуд залгавал мал аж ахуй эрсдэлд орно.
Гантай байгаагаас энэ намар хадлан тэжээл бэлтгэх аргагүй болоод байна. Зусландаа буусан айлууд өвөлжөө рүүгээ буцаж байна. Одоо өвөлжөөндөө бууна гэдэг намар хадлан авахгүй гэсэн үг. Ийм байхад тал талаасаа ойлголцоод ажлаа бодсон нь дээргүй юу. Ердөө нэг хоногийн дараа хаврын чуулганыг хаана. Хэлэлцэж батлах асуудал 50 хувьдаа хүрсэн билүү. Хаврын чуулганаар батлах гол хуулиуд хэлэлцэгдэх нь байтугай өргөн ч баригдаагүй байна.
Хамтарсан дээрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Тавантолгой төслөө батлахгүй бол чадахгүй. МАН сөрөг хүчин байхдаа яаж “бойкотолдог” байлаа. Нэг бол завсарлага авна, эс бол хуулийн төслийг дэмжихгүй унагана. Хүссэнээрээ л тоглолт хийсэн. 26 кноп ямар хүчтэй болохоо өнгөрсөн 2 жил шахамын хугацаанд харуулсан.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын ээлжит бус чуулган зарладаг юм бол дээрх хуулиудаа урагшлуулахын төлөө л тал талаасаа зүтгэ. Цаг хугацааны хувьд ч боломжит өдрүүд багасч байна. Хэрвээ УИХ дээрх хуулиудыг 2016 он гарахаас урьтаж батлахгүй бол жилийн дараа байгуулагдах парламентад хүлээлгэж өгөхөөс аргагүй болно.
Харин ард түмэн сонголт хийхдээ хэн хамгийн их хэрүүл хийж, Засгийн газартай ноцолдов гэдгээр бус хийж бүтээснээр нь жинлэнэ.
2012 онд олдсон боломжоо үлдэж байгаа хугацаанд зөв ашиглая гэвэл тогтвортой байдлыг хангаад ажиллах боломж л үлдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дахин сануулъя, “Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтарсанаа больдог. Засгийн газрын хувь заяаны асуудлыг шүүдэг байж болохгүй. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр…
Засаг байгуулж байхдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. “Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй” гэж ярьж байсан биз? Тулгамдсан асуудлаа шийднэ гэсэн яасан бэ? Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон жаахан хариуцлагатай болно” гэж…
Хаа, хаанаа ажил хийхээ бодох болж… Хэрүүлийг хэзээ ч хийж амжина.
Г.ДАРЬ