Хүйтэн жавар, хөлгүй их цас хоёр хөдөөгийн уул талаас аажим аажмаар салан одсон ч, хүн малгүй туйлдаж эхэлдэг хаврын хавсрагатай өдрүүд түүнийг залгадаг юм. Гэхдээ энэ улирал өөрийн гэсэн цаг хугацаатай. Бас түүнд сайн сайхан зүйлүүд ч зөндөө бий. Хэрвээ өвлийг хал нь гаднаа, хайр нь дотроо эцэг хүнтэй зүйрлэвэл, зуны улирлыг хамаг бүхнээ бусдын төлөө зориулах энэрэлт ээж гэхэд болох байх. Тэгвэл энэ хоёрыг хооронд нь холбож, уяруулж, уясааж өгдөгөөрөө хавар онцлогтой. Тэрбээр ерөнхийдөө зун хэмээх ааль намбалаг авгайгийн айлчилж ирэх бүх нөхцлийг хангадаг.
“Зуны сар зургаа байсан ч болоосой” гэсэн нэгэн найргийн мөр байдаг санагдана. Үнэндээ ч зургаа байхгүй яав даа гэмээр цаг мөн. Гэвч хорвоо ертөнц гэх хэнд ч үл захирагдах нэгэн нөхөр энэ дэлхийн хэрэг явдал өрнөх хугацааг 365 хоногийн мөчлөгт хувааж, 24 цагаар хэмжин 12 сар болгосон байна. Мөн эдгээр сараа дөрвөн өнгө төрх бүхий улирлууд болгон илгээсэн цөөхөн орны тоонд бидний Монгол багтжээ. Магадгүй бид бүхэн энэ ертөнцийн нар, сарны явдалд энэхүү дөрвөн өнгийг нь туулснаараа азтай, адтай, авхаалжтай, авьяастай ч байдаг юм бил үү, хэн мэдлээ.
Өөр өөрийн гэсэн өнгө төрх, авир араншин бүхий дөрвөн улирлын өглөө, үд, орой, үдэш гэсэн дөрвөн цагийн уулзварт дөрвөн бүсийнхээ нутгийг манах хилчид, нүүр алгадсан ширүүн салхи, нүд гөлрөм халуун агаар, мөнхөд хөлчүүрхэх согтуу манан, дөнгөж соёолох цэнхэр яргуйтай хамгийн түрүүнд золгодгоороо азтай. Чухамхүү эндээс ад, авхаалж, авьяасаа тэд сэргээж авдаг юм. Мөн бүсээ тайлж, бүтэн нойртой хоноогүй өдрүүдийг байнга араасаа дагуулж, орчлонгийн наран, саран хоёрын хооронд ганцхан удаа тохиох амьдралынхаа ихэнхийг хилдээ зориулах та нарын минь хувьд зуны энэ гурван сар алжаалаа тайлж, амсхийх өдрүүдээр дүүрэн байгаасай гэж ерөөе. Мөн хүсэл бүхэн тань биелж, хясал хэмээх зүйл та нарыг минь алсын алсуур тойрох болтугай. Аав ээж, амраг хань, алаг үр, ахан дүүсээрээ эрвээхэй эргэлдэх энэ зуны гурван сарыг дурсамж дүүрэн өнгөрөөгөөд ажил албаа өвөлд бэлтгэх намрын сараа сэтгэл дүүрэн угтаарай гэх байна. Хил маань тайван амгалан байж, хилчдийн хийморь босоо гэдгээ зүлэг ногоон наадмын дэвжээ, агт морины тоос, сум мэргэн харвааны газар дахин дахин батлаарай хэмээн захья. Ийнхүү зургаа байдаггүй ч зугаатай зуны гурван сар манайд айлчиллаа. Та манай хилд тавтай морил!
Эх сурвалж: http://bpo.gov.mn