Зуслангийн замын хөдөлгөөнийг нөгөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Зуслангийн замын хөдөлгөөнийг нөгөөдөр нээнэ

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтийн шинэ гүүр Хандгайт чиглэлийн 16.35 километр автозамыг шинэчлэн барих ажил үргэлжилж байна. Өнөөдөр зуслан чиглэлийн зам засварын ажилтай нийслэлийн удирдлагууд танилцлаа.

Зуслан чиглэлийн зам засвар ажил эхлээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар долдугаар сарын найман гэхэд зуслан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээх ёстой. Гэвч зам хучилт, далангийн дүүргэлтийн ажил дуусаагүй шалтгаанаар хоёр хоног хойшлуулж, энэ сарын 10-ны өдөр замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Эхний ээлжинд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн уулзвар хүртэлх арванхоёр метрийн өргөнтэй, долоон сантиметрийн зузаантай, 7,8 тэрбум төгрөгийн өртөгтэй таван километр замыг "Эрдэнэ зам", "Тэгш плант" гэсэн компаниудын түншлэл тавиж дуусч байна. Дээрх замын хөдөлгөөнийг түр нээхдээ замын түр тэмдэглээнүүдийг байршуулах юм. Дараа нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метрийн өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хийнэ. Харин Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх зам барилгын ажлыг "Төгс зам", "Наранбулаг хан" гэсэн компаниуд гэрээ ёсоор үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Эхний таван километр зам доор ус зайлуулах 13 хоолойг байрлуулсан. Энэ нь бороо, цастайд зам усаар дүүрэхгүй, усанд идэгдэж эвдрэхгүй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Гэхдээ гүйцэтгэгч талууд дээрх замдаа гурван жилийн баталгаа өгчээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаандаа зам засварынхаа ажлыг компани бүрэн хариуцан хийх юм.

Зам барилгын ажил хийгдэхийн хажуугаар тухайн замд түр зорчих хэсгийг жолооч нарт гаргаж, зуслан чиглэлийн хөдөлгөөнийг зохицуулж байна. Цаашид ч зуслан чиглэлийн зам таг хаахгүй. Зам засвар хийгдэхтэй зэрэгцэн машины хөдөлгөөнийг зохицуулна гэж нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр мэдэгдлээ.

Зураг төслөөр зуслан чиглэлийн зам есөн метрийн өргөнтэй байжээ. Харин нийслэл, гүйцэтгэгч талууд замын өргөнийг дахин хэлэлцэн замын хоёр талыг газар буюу 317 айлын хашааг чөлөөлж, арванхоёр метрийн өргөнтэй болгосон гэнэ. Ямартай ч гэрээ ёсоор зуслангийн замын ажил аравдугаар сард дуусна. Энэ хүртэл зусланг зорих иргэд аль аль талдаа хүндрэл чирэгдэл гаргахгүйгээр нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахыг хотын удирдлагууд хүсч байна.

Д.УЛАМБАЯР

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж