Чуулганаар УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулалт хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ тухай Эдийн засгийн байнгын хорооны дарга Ф.Баярсайхан танилцууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрэлийн шатанд зөвхөн занарт өрөмдөх эрх өгөөд бусдыг нь больё гэж тохирсон юм. Хайгуул эрэл хоёрыг заагладаг ганц үндсэн шалгуур нь өрөм. Эрэл нэртэй хайгуулын өрөм тавиад байхаар утгагүй болчихоод байгаа юм. Занараас бусад ашигт малтмалыг хайхаар өрөм тавихаар оруулж ирэх нь. Хёордугаарт, өрөм тавихаар хаана, ямар газарт шинээр байгалийн хий олж, улсад ямар ашиг гарах гээд байгааг хэлж өгөөч. Ажлаа хийж чадахгүй хууль ухаад байдаг ажил руу яваад байна” гэсэн асуултанд Уул уурхайн сайд Ж.Жигжид “Мэргэжлийн байгууллага зайлшгүй өрөм тавихгүй бол болохгүй байна гэж үзэж байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар хийн нөөцийг тодорхойлохын тулд өрөм тавих шаардлагатай гэж үзэж байна. Газрын тосны тухай хууль батлагдсанаар гаднаас бидэнд их санал ирэх болсон. Харин тослог элсний хувьд санал тавиагүй. Нөөцийн хувьд, шатдаг метан хийн нөөц 300 орчим газар 788 тэрбум тонн нөөцтэй гэсэн тооцоо бий“ гэж хариулав. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гадныхнаас туслалцаа авч, энэ ажилд Монголын эрдэмтэд экспэртийн байдлаар оролцдог чадвартай болгоход анхаарахыг захиж байв. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Л.ХАЛИУ