Оюутнуудад тэтгэлэг олгох тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Оюутнуудад тэтгэлэг олгох тухай хэлэлцэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагаас эхэлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ. Мөн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд тусгаснаар их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгаад буй юм.

Түүнчлэн тус байнгын хороогоор Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ажээ.

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан мөн дээрх цагт зарлагджээ.  Тус хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагт эхэлж, Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж