Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн сүүдэрт

Нар хэдийнэ жаргасан хойно Токиогийн Shibuya-гаас Yutsuya орох гэж төөрч будилсан бидний хэдэн сэтгүүлч метрогоор явна. Метронд оффисын ажилтан болов уу гэлтэй албан хувцасласан хүмүүс голдуу байх агаад зарим нь ажлын алжаалаа тайлсан бололтой шар айраг сэнгэнүүлэн хурхирна. Түүний арьсан цүнх, айфоне утасны сүүлийн загвар суудлаар хөглөрөх ч хэн ч тоож тоншихгүй ажээ.

Токиод хачин этгээд хувцасласан эр, эмийг нь ялгахгүй шахам залуус, анимэ шиг хувцасласан охидыг аль ч гудамжнаас харж болно. Хосоороо хөтлөлцөн алхахаас илүүтэй утастайгаа найзлагсад дэндүү олон. Хаа нэгтэй утасны уурга барьсан, хосоороо хөгжилтэй явах залуус харагдах ч хятадаар ярих нь хэн бэ гэдгийг нь илтгэнэ.

ДНБ-ээрээ дэлхийд дөрөвт жагсдаг энэ улсад нахилзаж, бөхөлзсөн, бүхнийг тогтсон дэг, жаягийн дагуу хийх хүмүүсээр дүүрэн. Гудамжаар нь алхахад ямар ч аюулгүй ч гэлээ цаанаа хүйтэн харилцаа, худал инээмсэглэл ноёлно. Хүн амынх нь өсөлт 126,88 саяд хүрээд зогсчээ.

Манайх шиг стрессдэх зүйл үгүй. Бие биедээ огт чирэгдэл учруулахгүй ч далд стресст хүлэгдсэн талаар Монголоос Япон Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан бүсгүй учирлав.

Техник технологийн хэт өндөр хөгжил нь тэдний сэтгэн бодох чадвар, халуун дотно амьд харилцаанд аажим аажмаар нөлөөлж, нэгэн хэвэнд хайрцаглах болжээ.

Статистикийг сонирхвол, энэ улсын хүн амын тоо жилээс жилд цөөрч буй үзүүлэлт үзэгдэнэ. Өсөлт нь зогсчээ. 2013 онд гэхэд л төрөлтөөсөө нас баралтын тоо нь 238 мянга 632 хүнээр илүү байна.

Дунджаар япон эмэгтэйчүүд нэг хүүхэд төрүүлж байгаа нь хүн амын өсөлтөнд сөргөөр нөлөөлж, ирээдүйд хөгшчүүлийн улс болох аймшигтай дүр зураг харагдана. Нийгмийн аюулгүй байдлын судалгаагаар гаргасан тайлангаас нь харвал, энэ хэвээрээ үргэлжилбэл 2048 онд хүн ам нь 99.1 сая хүртэл буурна. Цаашилж цөөрсөөр 2060 онд 86.7 сая хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Хэдхэн зууны дараа энэ үндэстэн арчигдах нь гэсэн яриаг Японы аль ч хот, тосгоноос сонсч болно.

Энэ бүхний шалтгаан нь өөрийгөө боловсруулах, мэргэжил эзэмших, амьдралаа залгуулах ажилтай болоход бүхнээ зориулж гэрлэлтээ хойш тавьдагтай нь холбоотой гэнэ. Ажилгүй байж эхнэр, хүүхэн эргүүлдэг бидэнд бас ч гэж давуу тал байна шүү.

Гэрлэлт нүдний гэм болсноос хурим өдрийн од шиг болсон тухай манай элчингийнхэн хуучлав. 126 сая хүн амтай улсад жилд дунджаар 650 мянга орчим хос айл болж, амьдрал зохиодог нь хоёр зуун хүн тутмаас нэг нь гэр бүл болдог гэсэн үг. Энэ нь дайны үеэс ч доогуур үзүүлэлт ажээ. Гэрлэлтийн дундаж нас нь 2010 онд эмэгтэй 29.3, эрэгтэй 35 байсан бол одоо энэ нас таваар нэмэгдсэн байх юм. Манайхаар бол “өтөлсөн” хойноо гэрлэдэг болж. Мэдээж хожим гэрлэж байгаа болохоор анхны хүүхдээ 30-36 насандаа төрүүлнэ.

Хамгийн эрүүл, экологийн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг ч хавдар, зүрх судасны өвчлөл үхлийн шалтгаан нь болдог гэх таагүй мэдээг бидэнд Токиог танилцуулсан жолооч хэлэв.

Мэдээж хэрэг амиа хорлолтоороо энэ улс тэргүүлдэг. Сэтгэл гутралд нэрвэгдэх нь элбэг. Тиймээс ч 15-29 насны залуусын амиа хорлолт эмэгтэйчүүдээс нь хоёр дахин их байдаг аж.

Бидний цалингийн доод түвшинг япончууд амьдрах мөнгө гэх агаад ажил хийж байгаа л бол цалин нь амьдралд хангалттай хүрэлцэнэ. Япончууд гэрлэх сонирхолгүй болсон бөгөөд эрчүүдээсээ илүү хүүхнүүд нь ажилтай орлоготой, боловсролтой. Худалдан авалтын 70 орчим хувийг бүсгүйчүүд хийдэг аж. Тиймээс ч нэг ёсондоо эрчүүдийн амьдралд эзлэх байр суурь ганхаж, хүүхнүүддээ гологдох болжээ. Иймд ажлаа тармагцаа хамт олноороо уушийн газарт ууж, хөлчүүхэн гэрийн зүг алхаж яваа дүр зураг Токиогийн гудамжны оройны ерөнхий төрх.

Нэгэнтэй нийгмийнх нь гол ачааг эмэгтэйчүүд нь үүрч, эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь багассан болохоор Японы ерөнхий сайд Шинзо Абэ ч Засгийн газартаа ажиллаж буй эхчүүд, эмэгтэйчүүдийг албан тушаалд түлхүү томилох санал гаргаж, байр сууриа тавьж өгөхөд бэлэн байгаагаа үе үехэн илэрхийлэх болсон гэнэ.

Сексийн харьцаанд хожим ордог болсноос үүдээд тэр хэрэгцээг нь зохицуулахын тулд жижиг дэлгүүрүүдээр нь секс комекс их зардаг болжээ. Хаашаа ч орсон ийм төрлийн комекст булан гаргаж тавьсан харагдана.

Манайд мартагдах дөхсөн ахмад, ихсээ хүндлэх ёс тэнд алхам бүрт анзаарагдах нь таатай.

Гэхдээ бүх зүйл дүрэм, журмаар багцлагдсан, түүнээс хэн ч гажихгүй бөгөөд гажсан тохиолдол хүлээлгэх хариуцлага нь өндөр болохоор бидэн шиг уур бухимдлаа ил гаргах бус дотроо хураасаар сэтгэл санааны хувьд хүндхэн байдалтай, харахад эрүүл саруул ч үнэндээ жаахан “ёо ёо”-той болчихсон “амьтад” байдгийг тэнд ажиллаж амьдарч буй монголчууд дуулгана лээ.

Манайхан шиг чадах, чадахгүй нь хамаагүй дуртай салбар руугаа үсчиж, дургүйгээ хүрэхээр хаяад явдаг зүйл Японд огт үгүй. Тиймээс дээд сургуульд орохын тулд бүхнээ зориулж, чадаагүй бол цэвэрлэгч ч хамаагүй барьж авснаа насаараа хийх үзэл ой ухаанд нь гүн бат шингэсэн. Ажлаа сольж, арай өөр зүйлд суралцах тухай ойлголт тэдэнд үгүй.

Техник, технологийн хэт хөгжил, хайрцагласан ёс зүйн хүлээс нь тэднийг улам бүр хүний амьдралын утга учраас холдуулж байх шиг. Унаж босч, өгсөж, уруудахын зовлон, жаргал, тэр хөндүүртэй хэрнээ сайхан мэдрэмжийг, амьтанлаг араншин, үгүйдээ хөгжилтэй тэнэглэлгүй, “кодлогдсон” амьдралаар амьдарна гэдэг гадна байдлаараа атаархам сайхан ч үнэн хэрэгтээ уйтгартай.

Дур зоргоороо аашилж, дуртайгаа даган далдаганаж, дургүй нэгнээ хүссэнээрээ хараан, нулимах бидний нийгэм бас ч гэж амттай юмсанж.

Авгай эргүүлж, архидаад агсам тавихгүй. Ширхэг ч хоггүй, гял цал, хөгжил нь хэтийдчихсэн гудамжаар өдөр болгон програмчлагдсан робот шиг нэгэн хэвийн зүйлийг хийж, ажлаа сольж хөл алдахгүй, айлын хөөрхөн бүсгүйтэй амрагийн болзоонд явахгүй, ёс зүйд хүлэгдэж, өдөр болгон түүндээ захирагдан дотроо шаналах хэрнээ нүүрэндээ хүчээр инээмсэглэл тодруулж, нахилзах, бөхөлзөх амьдрал нэг тиймэрхүү, амнаас унах шахсан амтгүй, давсгүй лавшаа шиг.

Турьхан охидын гарыг хөтөлж, нулимсыг нь арчих гар утасны дэлгэцээс цаашлахгүй, хүслээ хангахаас хэтрэхгүй байх гунигтай. Янаг тачаалд умбан түг түг хийн түргэсэх зүрхний цохилтыг мэдрэхгүй, бурхны бэлэглэсэн гоо сайхныг хараагүй мэт харцаа бууруулан амьд хэрнээ анзаарагагүй байх зовлонтойёо. Цаг агаар бүгчим халуун ч хүмүүсийн харилцаа нь цаанаа л нэг “хүйтэн” орон шиг санагдсан.

Хөгжлийн сүүдрээс зугтах мэт онгоц хөөрөн нисэх тэр ахуйд яагаад ч юм санаа алдав. Цонхоор Токиогийн гоёмсог байшин, нов ногоон байгаль цаанаа л гунигтай бүүдийнэ. Гандуу, хөгжилгүй, ядуу, мөнгөгүй ч гэлээ түгжирсэн Улаанбаатартаа толхилцоод амьдрах сайхан ч юм шиг.

Жаргал даахгүйн зовлонт хүний тэмдэглэлээ жаргаахын өмнө диваанжин гээч тэмдэглэл хөтөлсөн “тамын хүү” Л.Нарантөгст дэндүү гунигтай санагдах авай.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж