Монголын өсвөрийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт БНХАУ-д нэг сарын хугацаатай бэлтгэлд хамрагдахаар болжээ. Тодруулбал М.Ундрам, Г.Чулуудай, Б.Эгшиглэн, дасгалжуулагч Я.Баярсайхан нар тус улсын ширээний теннисний тамирчдын ур чадварыг хөгжүүлэх сургалт хөтөлбөрт шалгарсан байна. Бээжин хотноо болох энэхүү сургалтыг БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас санаачлан зохион байгуулж байгаа ба хөгжиж буй 20 гаран улсын тамирчин, дасгалжуулагч нарт мэргэжлийн түвшинд сургалтыг явуулах аж. Сургалтад холбогдох бүх зардлыг зохион байгуулагч орон бүрэн хариуцаж байгаа бөгөөд өчигдөр(VII.07) хөтөлбөрт хамрагдсан тамирчдыг үдэх арга хэмжээ “Хятад Монголын хэл соёл боловсрол сан”-гийн хурлын танхимд болсон юм.
Уг арга хэмжээнд “Хятад Монголын хэл соёл боловсролын сан”-гийн гишүүд, ЭМСЯ-ын спорт бодлогын зөвлөх Ч.Амарсанаа, Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхбат, тус холбооны нарийн бичгийн дарга С.Галбадрах, дасгалжуулагч Т.Энхтөр болон сургалтад хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Арга хэмжээний үеэр сургалтад хамрагдаж буй тамирчин бүрт 1000 юанийн тэтгэмжийг “Bank of China” болон Хятад-Монголын хэл, соёл боловсролын сангаас гардуулан өгсөн юм.
Энэ үеэр Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарын бичгийн дарга С.Галбадрах хэлэхдээ: “Өнөөдөр Монголын ширээний теннисний холбооны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байна. Энэхүү спортоор дэлхийд тэргүүлэгч орон бол БНХАУ. “Bank of China” болон Хятад-Монголын хэл, соёл боловсролын сангийн дэмжлэгтэйгээр манай тамирчид, дасгалжуулагч нар нэг сарын хугацаатай бэлтгэлд хамрагдах болсонд туйлын их баяртай байна. Энэхүү сургалтад явж байгаа өсвөрийн тамирчдын хувьд хоёр үе шаттай болсон шалгаруулалтаас шигшигдэн шалгарсан юм. Тэдний хувьд 2015 оны өсвөрийн үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон сорилтуудад амжилттай оролцож, энэхүү эрхийг авсан. Энэ удаагийн дэмжлэгийн хувьд бол анхных биш юм. Монголын шигшээ багийн тамирчдыг 2014 онд ДАШТ-д оролцох үед “Bank of China” салбараас мөнгөн тусламжийг өгч байсан юм. БНХАУ-ын зүгээс Монголын ширээний теннисний холбоонд эртнээс тусалж байсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд энэхүү харилцааг сэргээж, бид бүгдийг дэмжиж буй та бүхэнд талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.” гэсэн юм.
БНХАУ руу "Хятад улсын ширээний теннисний тамирчдын ур чадварыг хөгжүүлэх сургалт" хөтөлбөрт хамрагдах Монголын баг тамирчид:
М.Ундрам (15 настай, эмэгтэй, "Оч" клуб, Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин)
Г.Чулуудай (16 настай, эрэгтэй, "Оч" клуб, Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин)
Б.Эгшилэн (17 настай, эрэгтэй, "Оч" клуб, Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин)
Дасгалжуулагч Я.Баярсайхан ("Од" клуб.)
Дашрамд, Монголын ширээний теннисний холбоо анх 1959 онд байгуулагджээ. Харин 1960 онд БНХАУ-аас Жан Юнин багш манай улсад зургаан сарын хугацаатай ирж байсан байна. Энэхүү шилдэг багшийн хувьд тус улсаас гадаадад гарсан анхны мэргэжилтэн болж байжээ. Жан Юнин багшийн удирдлага дор Монголын шигшээ багийн тамирчид зургаан сарын хугацаанд бэлтгэл хийж, 1961 оны Бээжинд болсон ДАШТ-д амжилттай оролцсоноор Олон улсын ширээний теннисний холбоонд элсэж байсан түүхтэй. Мөн 1989 онд одоогийн дэлхийн аварга Дин Инийн багш Ринго Чайн манай улсад ирж, нэг сар залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг хийж байсан. Харин хоёр улсын Засгийн газрын хоорондын солилцоогоор 1995 онд Биеийн тамирын дээд сургуульд Ван багш ирж байсан байна. БНХАУ-ын зүгээс манай улсад шилдэг дасгалжуулагч нараа ирүүлж байсан эртний түүхтэй аж. Сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг харьцааг дэмжиж “Bank of China”-ын Монгол дахь салбар дэмжин ажиллаж байна.
Ч.БОЛОР