С.Отгонбаярын буруугүйг нотоллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

С.Отгонбаярын буруугүйг нотоллоо

С.Отгонбаярын буруугүйг прокурор нотоллоо

Монголын хууль, гууль болж, монголын хуульчид нэр нүүрээ барж, бусдын захиалгаар хүн хэлмэгдүүлдэг тухай мэдээлэл байнга цацагддаг. Үнэндээ хэрэг тулган хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, нотлох баримтгүйгээр ялладаг гэсэн гомдол үргэлж гарч хэн ч үүнийг ухаж, төнхөж, үнэн мөнийг нь олох гэж зүтгэж байсангүй. Урьд нь шүүх цагдаа, прокурор гэдэг том байгууллага нийлж, хилсээр хэрэг тулган хүлээлгэдэг гэдэг муу нэр зүүдэг байлаа. Тэгвэл өнөөдөр энэ гурван байгууллага дээр Авлигатай тэмцэх газар нэмэгдэж, эрх мэдэлтнүүдийн гар хөл болон ажилладаг болж.

Шалгуулах гээд шалгагдсан нь

Эвслийн засгийн газрын үед Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр 2006 онд ОБЕГ-ын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын нөөцийн хөрөнгөөр гараа угааж, дур зоргоороо аашилж сурсан хуучин удирдлагуудын фракцыг дэлбэлж, тэдгээр хүмүүст хариуцлага тооцуулах талаар илтгэх хуудсыг  тэр үеийн төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт бичжээ. Үнэндээ шөнө дөлөөр хүртэл агуулах руугаа дайрч, бараа материал зөөж, хий хоосон зүйлд мөнгө төгрөг зарцуулж, дундаас нь ашиг хонжоо олдог байсан нөхдүүдийг тэр зүгээр хараад сууж чадаагүй хэрэг. Түүний илтгэлийг хүлээж авсан Төрийн гурван өндөрлөг  “Улсын нөцийн хөрөнгөөр гараа угаагчдын асуудлыг Авилгатай тэмцэх газар, болон хууль хяналтын байгууллагад  өгч шалгуул” гэсэн үүргийг тухайн үед  С.Отгонбаярт өгч байсан аж. Гэвч хууль хяналтын машин гомдол гаргагчийн эсрэг ажиллаж, шалгуулахаар хүсэлт  гаргасан С.Отгонбаярыг гэнэт шалгаж эхэлжээ.  2006 оны наймдугаар сард нөөцийн хөрөнгөөр гараа угаасан нэр бүхий этгээдүүдийг АТГ-т шалгуулж эхлэснээс хойш С.Отгонбаяр сайдыг хуулийнхан эргүүлдэх болов. Авлигалтай тэмцэх газрын ажилтнууд эхлээд түүнээс “Тайлбар авна” хэмээн дуудаж,  дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж, бүр яллагдагчаар татжээ. Эцэст нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Э.Амарбат  ТЕГ-ын нь албан бланк ашиглаж,  хуурамч бичиг баримтыг найзаараа хийлгэж авч байж түүнд зохиомол хэрэг хүлээлгэж,  төрийн сайдыг шүүхийн сандалд суулган, хилсээр дөрвөн жилийн ял сонсгож байсан юм.

Хүргэн нь шалгаж, хадам нь ялласан шүүх хурал

С.Отгонбаяр сайдын хэргийг гардан шалгасан хүн нь Э.Амарбат. Э.Амарбат гэгч энэ нөхөр урьд нь прокурорын мөрдөн байцаах газрн орлогчоор ажиллаж байсан тэрээр хуулийнхантай тун нарийн холбоотой. Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга  хуурамч бичиг хийгээд, албан бланк, тамга тэмдгээ ашиглаад Авилгалтай тэмцэх газарт ажилладаг Амарбат гэгч найздаа өгчихдөг. Найз нь тэр бичгийг барьж явж байгаад С.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгээд Сүхбаатар дүүрэг рүү хадам ээжрүүгээ шидчихдэг. Харин нөгөө Э.Амарбатын хадам ээж тэр хэргийг хүлээж аваад ял оноочихож. Хэтэрхий энгийн хэрнээ хэтэрхий ёс зүйгүй үйлдэл. С.Отгонбаярт холбогдуулсан хилс хэргийг хүлээж авсан Сүхбатаар дүүргийн Ерөнхий шүүгч Сүхбаатар хуучин машинаа өндөр үнээр шахах гэж оролдоод болсонгүй. Тиймээс энэ хэргийг Амарбатын хадам ээжид хариуцуулж, ял сонсгож дөнгөжээ. Хууль хяналтынхан оролцсон энэ гогцоо тасарсангүй. Э.Амарбатын хүчингийн хэргийг хуучин хамт ажиллаж байсан нөхөд нь хэрэгсэхгүй болгож. Үүний дараа Э.Амарбат нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гарган  түүгээр ч зогсохгүй өөрийнхөө ажиллаж байсан АТГ-ын дарга нарынхаа араас нь хутгалж тэдгээрийг яллуулж, шоронд илгээгээд авсан гээд Амарбатын үйлдсэн, оролцсон хэрэг олон байх юм. Нөгөө авилгалын хэрэгт холбогдоод байсан Сүхбаатар шүүгч, Амарбматын хадам  ээж Төгсгэрэл нар Э.Амарбатын нэр төрийг сэргээж өгч.Тэр ч байтугай хутга шөвөг зодоон цохионы асуудлыг нь ч зохицуулсан бололтой. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат энэ оны нэгдүгээр сарын 6-нд найзнхаа эхнэрийг оролдож байгаад Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, “Брой хаус”-ын гадаа найз З.Эрдэнэболддоо толгой, гарын шуу, хөлөндөө 3-4 удаа хутгалуулж улмаар 16 оёдол тавиулсан тухай  хэвлэл мэдээллээр тухайн үедээ мэдээлэгдэж байсан билээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байсан боловч Э.Амарбат энэ хэргийг нуухыг оролдож, улмаар цагдаад гомдолгүй хэмээн тайлбар өгч байсан.

З.Эрдэнэболдыг цагдаагийн байгууллагаас яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хянаад саяхан хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Нөгөө л хуулийнхны мафийн сүлжээ хөвөрсөөр байгааг энэ хэрэг гэрчилнэ.

Прокурорууд хэрэг хийгээгүй С.Отгонбаярыг өршөөлийн хуульд хамруулжээ

Энэ хэргийг Улсын Дээд шүүх 2009 оны дөрөвдүгээр сард хянаад С.Отгонбаярыг гэм буруугүй гэдгийг тогтоож, ганц ч удаа хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр хууль зөрчсөн, нотлох баримтгүйгээр бусдыг ялласан байна гэдэг дүгнэлт гарган түүнийг гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзжээ.

С.Отгонбаяр сайдыг Улсын дээд шүүх гэмт хэрэгт холбогдолгүйг тогтоосны дараа Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрынхан хөл толгойгоо олохгүй бужигнаж эхлэх нь тэр. Тагнуулын Ерөнхий газар С.Отгонбаяраас уучлалт гуйсан ч түүний хэргийг мөрдөж байсан Э.Амарбат гэгч нөхөр жүжиг дэглэж  хилс хэргээр хүн ялласан хуулийн зарим нэгэн оролцогчид ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Холбогдох хууль хяналтын байгууллагууд ч тэдэнтэй хуулийн хариуцлага Тэр ч бүү энэ асуудлаас хэл амгүй мултрах гэж хоорондоо жийлцэж, хариуцлагаас мултарч үлдэхийн тулд дор бүрнээ нүхээ малтаж эхэлжээ. С.Отгонбаярын хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын дарга Ш.Сүхбат, хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Оюунчимэг нар бүр ч их сандарчээ. Тэд Улсын дээд шүүх С.Отгонбаярыг гэмт хэрэгт холбогдолгүйг тогтоосны дараахан буюу 2009 оны есдүгээр сарын 14-нд  2/72 дугаар тогтоол үйлдэж ЭБШ Хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хувийн сонирхлын үүднээс прокурорын байгууллагын удирдлагуудаас өгсөн чиглэлийн дагуу гэсэн нэрээр хэзээ хойно өршөөлийн хуулинд хүчээр хамруулсныг С.Отгонбаярын өмгөөлөгчид олж мэдэн УЕП-т гомдол гаргаж С.Отгонбаярт холбогдуулсан хилс хэргийг зориудаар хэрэг болгох сонирхол нь давамгайлсан дээрхи хүмүүсийн хууль бус үйлдлийг нэн яаралтай засч залруулан алдаа гаргасан прокурорын ажилтнууддаа хариуцлага тооцож арга хэмжээ авахуулахаар мэдэгдсэний дагуу гомдлыг харъяаллын дагуу нийслэлийн .прокуорорт шилжүүлж шалгуулан дээрхи хэрэг дээр хяналт тавьж байсан хяналтын прокурор Г.Гэрэлтуяагийн 2/72 дугаар тогтоолоор хууль ноцтой зөрчин өршөөлийн хуульд хамруулсныг Нийслэлийн прокуророос холбогдох хэргийг хянан шалгаж үзээд 2011 оны  2-р сарын 15-ны 1/223 тоотод  ЭБШ хуулийн 24-р зүйлийн 24.1.1-ээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйг тогтоож, ЭБШ хуулийн  208-р зүйийн 208.1.1-ийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн болохыг Прокурорын хариу мэдэгдэлд дурьджээ. Хамгийн сонирхолтой нь  Улсын Дээд шүүхэд хянагдаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь тогтоогдсон хүнийг Өршөөлийн хуульд хамруулан, хавтаст хэрэг дотор нь бичиг хавчуулахаа тэд мартсангүй.  Үнэндээ тэд  хүнийг хилсээр ялласан гэдэг гэм зэмд унахаас айж байгаа царай нь тэр. Хэрэг хийгээгүй  хүнийг тулгаж шийтгүүлээд, дараа нь гэмгүй хүнийг гэмт хэрэгт холбогдуулах гэж улайран дайрч дураараа аашилсан хяналтын прокуроруудад арга хэмжээ авахуулах талаар С.Отгонбаярын гаргасан өргөдөл нь хариу хүлээсээр…  УЕП  Д.Дорлигжав хууль завхруулсан албан тушаалтан, ажилтнуудтайгаа хэзээ,  ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа бөгөөд хууль бус явдалтай хэр хүчтэй тэмцэхийг олон нийт хүлээж байна.

ТЕГ-ын дарга ажилтныхаа өмнөөс уучлалт гуйв

АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат ТЕГ-ын албан бланк ашиглан хуурамч материал бүрдүүлж өгсөн М.Гомбожав, А.Баяраа нарын асуудлаар  ТЕГ-ын ёс зүйн хороо хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авсан. Энэ тухайгаа ТЕГ-ын дарга Р.Болд 2009 оны 8 сарын 10-нд “Таны ирүүлсэн гомдлын мөрөөр дотоодын шалгалт явуулахад манай ажилтан М.Гомбожав нь тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм, дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдсон. Эдгээр хүмүүст зохих арга хэмжээг авсан бөгөөд үндэслэлгүй мэдээлэл бүхий тоотыг эрх мэдлээ хэтрүүлэн бусад байгууллагад явуулж, таны нэр хүндийг хохироосон ажилтнуудынхаа өмнөөс уучлалт хүсч байгаагаа илэрхийлье” гэсэн албан тоотыг Онцгой байдлыг асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярт илгээжээ. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж суух үүрэгтэй авилга, тагнуулын ажилтнууд байгууллагынхаа  албан бланкыг  ашиглан, хуурам бичиг баримт үйлдэж, түүнийг нь шүүх үндэслэн Онцгой байдлын сайдад дөрвөн жилийн ял сонсгосон. Хилс хэрэгт хэлмэгдэж, дөрвөн жилийн ял сонсож байсан  С.Отгонбаярт учирсан эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодийн хохирлыг ТЕГ-ын даргын илгээсэн алга дарам цаас нөхөхгүй нь тодорхой. Тэгэхээр хэн энэ хохирлыг барагдуулах вэ гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Ажлаа хийж явсан сайдыг аавын хаалга таттал өшиглөж чадсан Авилгатай тэмцэх байгууллагын ажилтан Э.Амарбат, Тагнуулын Ерөнхий газрын ажилтнуудад ёс зүйн хариуцлага хэтэрхий зөөлдсөн юм биш үү?

Дээрээс шидсэн чулуу

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярыг гэмт хэрэгтэн болгох захиалгыг бүр дээрээс өгч, эрх мэдэлтнүүдийн аяыг харж суудаг манай хуулийнхан түүнийг нь гүйцэтгэсэн гэж өнөөдөр олон хүн ярьж байна. Тэгэхээр АТГ, ТЕГ, Нийслэлийн прокурор, СБД-ийн шүүх гэсэн хүчний байгууллагын сүлжээ оролцсон энэ хэргийн захиалагч хэн бэ? Хэрэг хэзээ ямар шалтгаанаас хөвөрсөн бэ? гэдэг асуулт олон хүний анхаарлыг татах нь зүйн хэрэг. Ерөнхий прокурор М.Алтанхуяг, сайд асан С.Отгонбаяр хоёрын хооронд ямар нэг өш хонзон байхгүй. Тэр ч бүү хэл М.Алтанхуягийг анх Ерөнхий прокуророор томилогдох гэж байхад хамгийн их дэмжиж, анкетийг нь бариад гүйж явсан хүний нэг нь С.Отгонбаяр юм гэнэлээ. Гэвч “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчийн үлгэрээр Ерөнхий прокурорын суудалд заларч байсан М.Алтанхуяг эрх мэдэлтнүүдийн нэрийн өмнөөс С.Отгонбаярыг золиосонд унагах гэж улаарч эхэлжээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг ид өрнөж байх үед УИХ-ын гишүүн Т.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нарыг казиногийн хэрэгт буруутган, бүрэн  эрхийг нь түдгэлзүүлэх  саналыг Ерөнхий прокурор М.Алтанхуяг УИХ-д гурван ч удаа оруулж ирж байлаа. “Хадгаламж” банкны хэрэг олны анхаарлыг татаж, нэр бүхий гишүүд казино тоглосон хэргээр ял сонсож магадгүй болоод байсан тэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр тэднийг УИХ-ын чуулганы танхимд хамгаалж байсан цөөхөн хүний нэг нь. Хамгийн гол нь С.Отгонбаяр “Алтанхуяг прокуророо… Эдгээр гишүүдийн буруутайг нотлосон баримт нь хангалттай бий юу? хэмээн асууж, “Хэрвээ байхгүй юм бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага байхгүй. Та нар улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх гээд байгаа юм биш биз” хэмээн шалгааж эхэлжээ. Тухай үед Ерөнхий прокурор “Гурван гишүүний буруутайг нотлосон баримт байхгүй. УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлж байж бид гэр оронд нь үзлэг нэгжлэг хийж нотлох баримт олно” гэж хэлээд чуулганы танхимаас арай л хөөгдөлгүй гарч байсан түүхтэй. Гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн энэ хуралдаан дээр С.Отгонбаяр сайд “Нотлох баримтгүй бол энэ асуудлаа буцаагаад тат. Хэн нэгнийг зориудаар хилс хэрэгт гүтгэж, шалгадаг байгууллага танайх биш” хэмээн  Ерөнхий прокурортой ана мана үзэлцэж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр урдаас нь өрвөлзөх болсон У.Хүрэлсүхийг “Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглосон, Чимэдцэрэнтэй ойр холбоотой” гэх үндэслэлээр нам дарах гэж улаарч, түүний  төлөвлөгөөг нураасан С.Отгонбаярыг  энэ өдрөөс л “занаж” эхэлжээ. Тийм учраас  хууль хяналтынханд  ад үзэгдэж, бусдыг шалгуулах гэж өгөөд өөрөө шалгагдаж, бүр ял зэм сонс.

М.Алтанхуяг прокурор улстөрчдийн дохиураар ажилладаг гэж үү

М.Алтанхуягаас “С.Отгонбаярын талаар мэдээлэл цуглуул”, “но”-г нь ол, гэдэг үүрэг авсан АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат С.Отгонбаярын гэх тодотголтой бүхий л зүйлийг ухаж,  аргаа барахдаа ТЕГ-т ажилладаг найзаараа хуурамч баримт бүрдүүлж даргынхаа даалгаврыг “онц” дүнтэй биелүүлэхийг чармайн зүтгэсэн байна. Тэрээр зүтгэж явахдаа баар сав, зугаа цэнгэлийн газарт найз нөхдийнхөө дунд архидан согтуурч ам алдаж, “манай дарга чухал даалгавар өгсөн, тэр даалгаврыг нь гүйцэтгэчих юм бол Алтанхуяг прокурорын орлогч болох гээд байна. Удахгүй УИХ-ын гишүүн, төрийн сайд байсан томоохон нэг нөхрийн хамраас цус гаргана аа. Та нар юу болохыг нь харж байгаарай” гэж бардамнан сагсагнаж явсан нь С.Отгонбаярыг зохиомлоор хилс хэрэгт хутгах жүжгийн эхлэл байсан нь хүн бүхэнд хожим тодорхой болсон билээ.

Улсын Ерөнхий прокурор асан Алтанхуяг нь дохиурынхаа үүргийг биелүүлэхийн тулд өмнө нь өөрийнхөө туслах байсан өөрийн дотны итгэлт хүн, тухайн үед С.Отгонбаярт холбогдуулсан хилс хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Гэрэлтуяад давхар даалгаж амжсан байдаг юм.

Энэ зохион байгуулалттайгаар өөрийг нь хохироосон асуудлыг хаанаас, хэн гэгч сэдэж хэрэгт холбогдуулах санаархал өвөртөлж явсан, ямар ямар хүмүүс оролцоотойг тогтоохын тулд С.Отгонбаяр олон хүмүүстэй уулзаж, ямар учраас өөрийг нь зохиомол хэрэгт хутгаж амь нас, эрүүл мэнд, нэр хүндийг нь унагаж хохирол учируулах болсныг тогтоох гэж хөөцөлдөн явж байхдаа Улсын Ерөнхий прокурор асан Алтанхуягтай уулзалдаж болж өнгөрсөн асуудлаар ярилцахад  “ажил албанаасаа салахгүй байхын тулд хууль зөрчин чамайг хохироосондоо сэтгэлийн шаналалтай явдгаа  хэлсэн гэж яригддаг юм билээ.

Хэрэв үнэн гэж байдаг бол, Монгол Улсад хууль хуулиараа үйлчилдэг бол УДШ-ийн тогтоолыг үл тоомсорлож, гэм зэмгүй хүнийг зохион байгуулалттай, хилсээр хэрэгт хутган дур зоргоороо аашилдаг явдал монголд газар авсны жишээг дээрхи үйл явдал харуулна.

АТГ, ТЕГ, УЕП-ын хуулийг гууль болгогч дээрхи нэр бүхий ажилтнууд үйлдсэн  хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Тийм ч учраас  Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр болон түүний хуульч, өмгөөлөгчид өнгөрсөн хугацаанд учирсан эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, ажил хэргийн нэр хүнд, эд материалын хохирлоо нөхөн төлүүлэхээр  хуулийн байгууллагад дахин хандах нь зөв гэж үзэж байгаа  бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж