А.Сүхбат: Би наадамд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

А.Сүхбат: Би наадамд зодоглоно

Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар, бөх судлаач н.Эрдэнэ, эрхзүйч З.Ариунболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан аварга А.Сүхбат:

Бөхийн эрэмбийг хуйвалдаад эрх мэдлээрээ далайлгаад авчихдаг иймэрхүү байдал тогтох вий гэдгээс эмээж өнөөдрийн хурлыг хийж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ ч сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний гучин жил дэвжээнд гарсан хөдөлмөрийн үр өгөөж юм. Би 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан. Дархан аварга цолыг би өөрөө өөртөө өгөөгүй. Ерөнхийлөгч зарлигаа гаргаж эрэмбээ тогтоогоод өгсөн шүү дээ. Энэ цолны эрэмбийг буулгах эрх надад байхгүй. Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж зарлигаа өөрчилж, эсвэл шүүхээр энэ маргаан шийдэгдээд эрэмбийг өөрчилбөл би хүлээн зөвшөөрнө. 

Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн жил Баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж Далай аварга цолыг чимэг болгож, МУ-ын аварга, Далай даян аварга, Дайчин дархан аварга гэсэн ийм цолыг бий болгосон. Үүнтэй холбогдуулан 2014 оны долоодугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч зарлиг гарган миний бие болон Г.Өсөхбаяр аваргад МУ-н Дархан аварга цолыг хүртээсэн. Энэ явдалд миний бие үнэхээр баярлаж, таяг тулаагүй насан дээр минь Дархан аварга цолыг гардууллаа гэж төр, ард түмэндээ баярлаж байлаа. Гэтэл тэр өдрөөс дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадмаар гарч барилдахад Зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр аварга, барууны магнайд Дархан аварга А.Сүхбат аварга гарч барилдана гэхэд би үнэхээр гайхсан. Хүний байрыг булаасан юм шиг эвгүй байдалд орж, ард түмэнд буруугаар ойлгогдоод байх шиг санагдсан. Энэ асуудлыг шийдэж, эрэмбийг тогтоож, олон нийтэд зарлаж өгөхийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүссэн боловч одоо болтол хариу ирээгүй байна.

Цолоо үнэгүйдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй

Саяхан баяр наадмыг зохион байгуулах хорооноос аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж зүүний магнайг тодруулна гэх чиглэл өгсөн гэсэн. Намайг улсад гурав түрүүлсэн, Г.Өсөхбаяр аваргыг дөрөв түрүүлсэн болохоор Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарна гээд байгаа. Би 2000 онд ес даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн.  2001 онд ес давж аварга цолны болзол хангаад арав давж түрүүлсэн. Ингээд 2004 онд ес давж түрүүлээд Далай аварга цолны болзлыг хангасан. Ингэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар би 2004 онд Дархан аварга цолны болзлыг хангасан байсан. Харин Г.Өсөхбаяр аварга 2009 онд Дархан аварга цолны болзлыг хангасан. Би Дархан аварга болохыг мөрөөддөг байсан. Ер нь бол А.Сүхбат уу, Г.Өсөхбаяр уу? гэдэг  тийм ч том асуудал биш. Яагаад гэвэл бид хоёр найзууд. Тэгэхээр би шулуухан хэлэе.

Эрэмбийг булааж авч болдоггүй юм. Г.Өсөхбаяр аваргыг миний өмнө эрэмбэлэх гэж байгаа бол түүний амжилтыг 2004 оноос урагш шилжүүлэх хэрэгтэй. Боломжтой юм гэж байдаг. Үнэхээр боломгүй юм гэж бас байдаг. Тэгэхээр би цолоо үнэгүйдүүлж, энэ булхай луйварт үнэ цэнийг нь дарагдуулж чадахгүй гэж мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж