Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар Эрүүгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаа тул ирцээс албан ёсоор хасагдаж хуралдаанд оролцохгүй болж буйгаа мэдэгдэж, хурлыг орхин гарлаа.

Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц 50 хувьд хүрэхгүй болж 42.1 хувь болж буураад байна.

Ирц 50 хувьд хүрээгүй байхад Эрүүгийн тухай хуулийн төслөөр санал хураах нь эцэстээ хууль зөрчсөнд тооцогдож, асуудал Үндсэн хуулийн цэцэд очих болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгож байсан ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хуралдаан үргэлжилнэ” гэснээр санал хураалт үргэлжилж байгаа юм.

Тэрээр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.11-д “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.“ хэмээн заасан байдаг учир хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн явуулах болно гэж тодотгож байлаа.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т заасны дагуу Эрүүгийн хуулийн төслийг дэмжих боломжгүй байна” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн учраас картаа сугалахад ирцэнд бүртгэх ёсгүй” гэдгийг мөн онцолж байгаа юм.  

Одоогийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нар оролцож байна.

Онцлоход, өнгөрсөн баасан гаригт хуульч гишүүд болох Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Л.Цог, О.Баасанхүү, Ж.Батзандан нар Эрүүгийн тухай хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдсэн юм. Тэд хуулийн этгээдэд ял өгөхийг эсэргүүцэж байгаа төдийгүй энэ хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нь гэрийн хорионд нэртэй цайгаа уугаад суух, хөрөнгө мөнгөгүй ядарсан иргэн нь шоронд суух нөхцөл бүрдэнэ гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн автын хэрэг Эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй болж буй нь ноцтой гэсэн асуудлыг ч хөндөж тавиад байгаа. Дээр нь МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсон нь бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байх бас нэгэн шалтгаан болу өгөөд байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж