Канадын баруун хэсгийн Саскачеван мужид олон тооны түймэр асч, 13 мянга гаруй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Түймрийг унтраах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд Канадын армийн цэргүүдийг дайчилсан байна. Одоогийн байдлаар 1000 гаруй цэрэг түймрийг унтраахаар замдаа гарч, 600 орчим нь гал сөнөөх сургалтанд хамрагдаж байгаа гэнэ.
Халуун хуурай уур цаг агаарын улмаас Саскачеван мужид сүүлийн 24 цагт гэхэд л есөн газарт түймэр ассан байна. Зарим түймрийг хүмүүс санаатай тавьсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Үүний зэрэгцээ Номхон далайн эргийн мужид түймэр гарснаар Ванкувер хотыг саарал утаанд бүрхэжээ. Саскачеван мужид энэ он гарсаар 674 түймэр ассан нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters