УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болоход МАН-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч оролцсонгүй.
Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл нар харьяалагддаг. Тэднээс энэ удаагийн хуралдаанд нэг нь ч ирсэнгүй. Дээр нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, М.Сономпил нар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар ирээгүй юм. Ирц бүрдэхийг хүлээсний эцэст УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ирснээр Төсвийн байнгын хороо хуралдлаа.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн орж ирсэн ч картаа уншуулж ирцэнд орсонгүй, хуралдааныг ажиглаж сууна.
Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар харьяалагддаг юм.
Ийнхүү МАН Засгийн газраас гарах шийдвэрээ байнгын хорооны хуралдаанд суухгүй, ирцээр уяхаас эхлүүлээд байна.
Г.ДАРЬ