Нийслэлийн дагуул хот болох Налайхын Захирагч Ш.Хаан өчигдөр дүүргийнхээ төв талбайд тангараг өргөлөө. Энэхүү мэдээллийг сонсоод Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар шүү дээ гэж гайхах хүн цөөнгүй байгаа биз. Иргэдийн саналаар сонгогдсон гэсэн тодотголтойгоор тус дүүрэг Захирагч, Засаг дарга гээд хоёр удирдлагатай болж буй нь энэ юм. Захирагч нь Засаг даргаасаа хамаарахгүйгээр хотын нийгмийн асуудлыг хариуцна, Засаг дарга нь Захирагчаасаа хамаарахгүйгээр хотынхоо ажлыг хийнэ гээд толгой эргүүлсэн чиг үүрэг яриад эхэллээ ямартай ч. Хоёр даргын чиг үүргийг салгаж өөрөөр хэлбэл тэднийг муудалцуулахгүй байх үүднээс Налайхын газар нутгийг дүүргийн газар нутаг, хотын газар нутаг гэж хоёр хуваана гэх. Мөн эрх мэдлийг тэнцүүхэн хуваарилж дүүргээс нийтлэг үйлчилгээний алба, хот тохижуулалт, цэцэгжүүлэлт, орон сууцжуулалт, хуулийн хэлтсүүдийг Захирагч Ш.Хааны мэдэлд шилжүүлэх юм.
Эдийн засаг нь элгээрээ мөлхөж, нийслэл дүүрэг, аймгийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотгох тухай ярьж байхад 30 гаруйхан мянган хүн амтай Налайх дүүрэгт ийнхүү хоёр дарга томилж, дахин сонгууль явуулан, сүр дуулиантай тангараг өргүүлж буй нь юуны учир вэ. Нийслэл хотыг Э.Бат-Үүл ганцаараа удирдан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гэж нэрийддэг бус уу. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулахад “Нэг нь дүүргийн Засаг дарга, нөгөөх нь хотын Захирагч. Ийм л ялгаатай. Ер нь бол Э.Бат-Үүл даргын албан тушаал бол тодорхой хэмжээгээр зөрчилтэй албан тушаал шүү дээ” гэж хариулж байна.
Ямартай ч өнөөдрөөс ажлаа эхлэх дагуул хотын шинэ Захирагчид ажлын алба байгуулж өгөх, ажлын байр бэлдэх, төсөв баталж, хэдэн төгрөг тасалж, албан хаагчдаар хангах гээд багагүй л хөрөнгө мөнгө гаргаж өгөх байх. Гэтэл хөрөнгө оруулагчидаа үргээчихээд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа яг энэ үед дарга нарын тоог нэмж, төрийг данхайлгах хэрэг байсан уу.
Д.СҮРЭН