Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Амар сайхаан гэж …

Амарсайхан гэдэг даргатай нэг агентлаг байдаг даа.  Яагаав нөгөө, Газрын тосны газар гэж. Амар сайхаан гэгчийн нөхдүүд л тэнд ажилладаг бололтой юм билээ. Асуудал үүслээ гэхэд амар сайхаан гэгчийн хариулт өгчихөөд л амар сайхан яваад байдаг. Ард түмний  бухимдал, шатахууны хомсдол, шагийн түлшний үнийг  анзаарч буй эсэх нь тодорхойгүй, ажил үүрэг нь ойлгомжгүй нэг том агентлаг байгаад байдаг.  Олигтой ажил хийхгүй мөртлөө бас ой мой тэмдэглэх дуртай гэж байгаа.  Улс оронд нь нүүрлээд байгаа шатахууны хомсдлын эсрэг ургаа хад шиг загначихаад ууж идэх болохоор уургын морь шиг дүүхэлзээд л. Амар сайн уу гэж монголчууд мэндэлдэг. Амарсайхаан гэж хариулдаг гэлээ асуудалд амар сайхнаар хандаж болохгүй байх.

Сар гаруйн хугацаанд инфляцийг хөөрөгдөж, эрх баригчдыг сандаргасан  шатахууны хомсдолыг санаатай үйлдэл хэмээн Амар сайхаан дарга оншилсон. Ард түмэн хэрэглэдэг хэмжээнээсээ хэтэрхий ихээр нөөцлөөд байгаа нь нөлөөлсөн хэмээн хардсан. Хэвлэлийнхэн хэтэрхий буруу ойлголт өгсөн гэж бусад руу буруугаа бухсан. Хомсдол үүсээгүй гэж хоржоонтой нь аргагүй мэдээлсэн. Уг нь тавдугаар сараас Монгол Улсын эдийн засгийн голлох салбаруудын ажил ид эхэлдэг гэдгийг энгийн хүн ч мэдэх л хэрэг. Жаахан хүүхэд ч зам засварын ажилд хэрэглэдэг техник хэрэгсэл дизель хөдөлгүүртэй гэдгийг мэднэ. Гэтэл Газрын тосны газрын ганган дарга, гараа хумхисан цэргүүд нь мэддэггүй нь хачирхалтай.  
Хятад руу сайдаа гуйлгад мордуулж, Оросод Ерөнхийлөгчийнхөө нүүрийг ширлүүлээд сууж байгаа амар сайхан төлөвлөгөөтэй амарчихсан агентлаг хэрэгтэй ч юм уу даа, Монголд. Гал алдахад хүрээд байгаа Монголын төлөө Газрын тосны газар юу хийсэн юм бэ. Өнгөрсөн далан жилийн хугацаанд үндэсний гэх тодотголтой газрын тосны ганц ширхэг үйлдвэр барьчихсан бол монголчууд оросуудыг царайчилж, хятадуудыг горьдох хэрэг гарахгүй байсан даа.

Шатахууны хомсдолын эсрэг зохицуулалт хийж байгаа, түлш наашаа гарсан гэх түүхийдүүхэн хариултаар ам таглах агентлагийнхны ажлыг шалгавал таарна. Авлига авч уу, ажлаа яагаад хийхгүй байна вэ гэдгийг нь шалгаад үзэхэд гэмгүй л байх шүү.

Газрын тосны газрын үндсэн үүрэг нь Монгол Улсын газрын тосны салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Харамсалтай нь, газрын тостой монголчууд гаднаас гуйлга гуйгаад сууж байна гэдэг Газрын тосны газрынхан ажлаа хийхгүй байгаагийн  шинж.  Импортлогчдод хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой газар нь үгсэн хуйвалдаж, үнэ өсгөхөд нь оролцдог гэсэн хардлага байдаг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг.  Ямар нэгэн “но” байгаа болоод л олон нийт хардаж, сэрдэхэд хүрсэн биз. 

Анхны  Ерөнхийлөгчийн дээлийг мялаалгаснаас хойш 13 жил болсон хэрнээ олсон, олборлосон бүх тосоо Хятад руу гаргачихаад, харин өөрсдөө Орос руу гуйлгад морддог нь Амарсайхаан даргатай агентлагийнхны ажил нь юм даа.

Москва руу өдөр бүр ярьж Монголын мөнгийг гуйлга гуйхад үрэхээс өөрөөр гавьтай юм хийдэггүй Газрын тосны газар ингэхэд амар сайхандаа жаргавал таарах юм шиг ээ. Үлгэр хүртэл амар сайхан жаргажээ гээд төгсдөг биз дээ.


А.Шархүү
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж