Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр/VII.6/ болж гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
12 аймгийн нутаг гандуу байгаагаас өвөлжилт хүндрэх бололтой
Ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс ихэнх айлууд өвөлжөө, хаваржаандаа зусч буй талаар онцгой байдлынхан онцолж байна. Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсээд байна. Мөн отрын бүс нутаг болох Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын нутаг гандуу байгаагаас энэ жил отроор мал оруулах боломжгүй болжээ.
“Нийт 21 аймгаас есөн аймгаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатар аймгуудад зуншлага хэвийн байна. Харин үлдсэн 12 аймгийн нийт 133 сумын 66 нь гантай, 67 сум нь гандуу байна. Энэ нь 2015-2016 оны зуншлага, намаржилт, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харуулж байна” гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар онцоллоо.
“Тахилга хийнэ, бороо оруулна” гэж ард иргэдийг төөрөлдүүлэгсэд олширчээ
Гантай байгаа аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн гүн хямралд орсон тухай хурлын үеэр яригдсан юм. Мөн энэхүү байдлыг нь далимдуулж зарим хувийн ашиг хонжоо хайсан лам, хуврага, бөөгийн дүр эсгэсэн хүмүүс “хонь, адуу, малаар уул, усны тахилга хийнэ, бороо оруулна” гэж хард иргэдийн сэтгэл зүйгээр тоглох явдал олноор гарах болжээ. Мөн үер, усны аюул, төөрсөн, осолдсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын албан хаагчид, усчин, аврагчдыг ажлаа хэвийн явуулахад лам, бөө, үзмэрч хүмүүс ихээр саад учруулж байгааг ч албаныхан учирлаж байна. Учир нь зарим лам хуврага, бөө нар гамшигт нэрвэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчихийг тулган шаардаж буйг аймаг, орон нутгаас мэдэгджээ.
Ган гачигтай хэрхэн тэмцэх вэ?
Ийнхүү ихэнх нутгаар гандуу, гантай байгаа учраас дараах арга хэмжээг яаралтай авч, өвөлдөө өнтэй орох бэлтгэлийг хийх нь зүйтэй гэж Улсын онцгой комиссынхон үзлээ.
- Отрын бүс нутаг, хөрш зэргэлдээ сумдад отроор мал оруулах, бэлчээр сайтай газруудад худаг ус гаргуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд маргаан, зөрчилдөөн үүсгэлгүйгээр хуулийн дагуу шуурхай зохион байгуулах,
- Энэ сарын 10-наас өмнө гантай болон, гандуу байгаа аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг өргөн далайцтай зохион байгуулах,
- Мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн өвс, тэжээлийг шинээр хуваарилан, татан байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах,
- Ард иргэдийн эмнэлгийн болон нийгмийн халамж үйлчилгээг шуурхай хүргэхэд зориулж хугацаа, гүйлтийн норм дуусч, актлагдсан, шуурхай албаны автомашингүй байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж асуудлыг шийдвэрлэх.
- Малыг эрүүлжүүлж, тарилга, туулга, угаалтанд хамруулах,
- Өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хаагдсан, цасанд боогдсон зам, давааг нээх, малын бэлчээр гаргах зориулалтаар ачигч түрэгч трактор /ковш/ шаардлагатай байгаа аймгуудын судалгааг гаргаж, асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн юм.
Д.ЖАРГАЛ