14 болон 16 насны шигшээ багийн дасгалжуулагчид томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

14 болон 16 насны шигшээ багийн дасгалжуулагчид томилогдлоо

МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны 3 дахь удаагийн хурал өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ удаагийн хурлаар нийтдээ долоон асуудлын талаар хэлэлцсэн. Үүнээс хамгийн гол асуудал нь 14 болон 16 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчдыг сонгосон явдал байлаа.

14 насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр

14 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Хараацай ” клубын дасгалжуулагч  Э.Шинэбаярыг томилсон бол 16 хүртэлх насны шигшээ багийг  “Дэрэн” клубын дасгалжуулагч Вожислав Бралушич дасгалжуулахаар боллоо. Э.Шинэбаяр дасгалжуулагчийн хувьд Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангилалтай бөгөөд “B” ангилалын сургалтанд суусан өөрийн зэрэглэлээ ахиулах боломжтой байгаа бол 16 хүртэлх насны шигшээ багийн шинэхэн дасгалжуулагч Вожислав Бралушич нь UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” ангилалтай Серби улсын иргэн билээ.

16 насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Вожислав Бралушич

Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчдыг олон улсын томоохон тэмцээнүүд ойрын хугацаанд хүлээж байна. Манай урд хөрш буюу БНХАУ-д 14 хүртэлх насны АХБХ /AFC/-ны бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 1-14 өдрүүдэд явагдах бол Хятадын хөлбөмбөгийн холбооноос мөн 16 хүртэлх насны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнийг  “Silk Road Cup” нэртэйгээр өөрийн эх орондоо зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд 4 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд Узбекстан, Киргизстан, БНХАУ болон Монгол гэсэн орны багууд өрсөлдөх юм. Тэмцээн 8-р сарын 10-нд эхлэх хуваарь гарсан. Манай өсвөрийн шигшээ багийн тамирчид 2 насны ангилалд БНХАУ-д зохиогдох энэхүү олон улсын тэмцээнд оролцох болно.

Тэгвэл ирэх 2016 онд болох АХБХ-ны 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд мөн болох хуваарьтай байгаа юм. Монголын баг тамирчид тэмцээний “ D “ хэсэгт Япон, ХонгКонг, Бруней улсын багуудтай багтаад байгаа.  Энэхүү тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоо өөрийн эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж