Гандантэгчилэн хийдийн цорж лам, нэрт соён гэгээрүүлэгч, ард түмний Эгэл баатар Г.Диваасамбуу агсан таалал төгссөн ч түүний ариун чандрыг оршоосон чодён буюу шүтээн суваргыг үр хүүхэд, номын шавь нар нь бүтээлгэжээ. Суваргын нэгийг төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэрийн хийдэд, нөгөөг Улаанбаатар хот дахь Гарма Гаржүд Үржинпэрэнлэйлин хийдэд залсан байна. Чодён нь тахилын шүтээн гэсэн утгатай төвд үг бөгөөд ийм суварганд номын хутгийг олж, бурхны номд төгс нэвтэрсэн эрхэм хүмүүсийн чандрыг оршоон залдаг. Ингэснээр тэр нь нэг ёсондоо шүтээн болж, түүнд мөргөж шүтэх аваас ид шидээ хайрлаж, аврал өршөөлийг үзүүлж байдаг гэсэн утгатай ажээ.
Ч.ЗОТОЛ