Гурван өнгө, гурван төрхөөс мөнгөжих ”Цайны зам”

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Гурван өнгө, гурван төрхөөс мөнгөжих ”Цайны зам”

Тог, тог. Хэе, монголчууд аа. Ийнхүү гадаадын жуулчид Мон­го­лын үүдийг тогшиж эхэллээ. Бид тэ­дэнд юу үзүүлэхээр, юугаар тэдний нүдийг хужирлаж, халаасанд байгаа мөнгийг нь хамахаар төлөвлөж бай­­на вэ. Халаасандаа багтаж яд­сан мөнгөтэй харийн баячууд Мон­голд жуулчилдаг гэж эндүүрэв зэ. Хэдийгээр Монголд жилдээ 400 мян­га гаруй жуулчин ирдэг гэсэн мэдээлэл байдаг ч энэ нь зөвхөн манай улсын хилээр орж гарсан гадаадын иргэдийн тоо юм байна. Яг үнэндээ Монголын хилээр нэвтэрч буй гадаад нөхдийн 40 мянга орчим нь жинхэнэ утгаараа жуучлахын тулд, амарч зугаалах гэж Монголд ир­дэг аж. Тэдгээрийн дийлэнх нь “wild tourist” буюу зэрлэг жуулчид. Тэд­нээс Монголд унах унац нь тун бага.

Монголын хувьд аялал жууч­ла­лын хамгийн оргил улирал нь зургадугаар сараас эхэлдэг. Ялан­гуяа, долдугаар сараас аялал жууч­­­лалын орлого огцом өсдөг нь Мон­голын үндэсний их баяр наадам­­тай холбоотой юм. Энэ жил Ар­дын хувьсгалын 80 жилийн ойн баяр тохиож буй учраас гадаадын жуулчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн найдвар аялал жуучлалын салбарынханд байгаа юм.

Гадаадын жуулчдыг Хөвсгөлөөр аялуулж, говиор зугаалуулж, Тэрэлжид амруулахаас өөр тэдний нүдийг хужирлаж, сэтгэлийг нь татан, мөнгийг нь “сэгсрэх” зүйл ховорхон. Тэгэхээр аялал жуучлалын салбарыг түлхүү хөгжүүлж түүнээс мөнгө босгох нь Монголын эдийн засгийн томоохон бодлого байх ёстойг аялал жуучлалын салбарынхан сануулсан.

Тиймээс гурван өөр өнгө, гурван өөр соёл, гурван өөр амьдрал, гурван өөр зан заншлыг харуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тод­руул­бал, орос айлаар зочилж, хя­тад айлд бууж, Монгол айлд морилох боломжийг харийнханд ол­­гож, хам­тын төлөвлөгөөгөөр мөн­гө тонших хамтарсан төслийг хэрэг­жүү­лэхээр боллоо.
Монгол Улсын Байгаль орчин аялал жуучлалын яам, БНХАУ-ын ӨМОЗО-ны Аялал жуучлалын тов­чоо, ОХУ-ын Буриад улсын Үндэс­ний аялал жуучлалын агент­ла­гийн хооронд “Цайны зам” төс­лийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулаад байна.

“Цайны зам” гэх нэрнээсээ эхлээд содон сонин сонсогдох энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол, Хятад, Оросыг дамнасан аялал жууч­лалын  шинэ бүтээгдэхүүн бий болгох бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид тус бүрдээ “Цайны зам”-ыг суртал­чилж, тансаг хэрэглээтэй, тасар­чих­сан баячуудыг даллах “даллуур”-ыг бэлтгэх юм байна.

 “Цайны зам” 300 жилийн түүхтэй. Хятадын худалдаачид ба­раа таваар, цайгаа Монголоор дам­жуу­лан, Орос руу гаргах тэмээн жингийн жимийг ийнхүү нэрлэдэг байж. Өөрөөр хэлбэл, төмөр зам, автозам, агаарын тээвэр хөгжихөөс бүр өмнө хятад, монгол жинчид тэмээнд цай ачиж Монгол, Оросын нутагт зардаг байсан нь хожмоо түүхэнд “Цайны зам” хэмээн мөнхрөх болсон хэрэг. Торго дурдан, үнэт үслэг эдлэл, алт мөнгө, шүр сувд, цай, чихэр зэрэг бараа таваарыг тээвэрлэсэн тэмээн жингийн цуваа 8000 километр замыг туулдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий. Жинчид Хятадын Бээжин, Хаалган хотоос Монголын Улаанбаатар, Завхан, Ховд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Хиагтаар дайрч, Оросын Эрхүү, Улаан-Үд, Москвад хүрдэг байсан тус замыг сэргээснээр гурван орны аялал жуучлалаас орж ирэх ашиг сая сая доллараар өснө гэдгийг төслийн судалгааны багийнхан өгүүлсэн.

“Цайны зам” төслийг хүрээнд агаарын болон төмөр зам, авто машин гэсэн гурван төрлөөр гадаадын жуулчдад үйлчлэх бөгөөд Хөххотоос шууд Монголын Даланзадгад сум руу нисэх боломжийг бүрдүүлэх хэрэг­тэйг ч онцолсон.

Төслийн хүрээнд зэрлэг жуулч­дын хэтэвчинд нь таарсан хэрэглээг, тасарчихсан баячуудад таалагдах үйл­чил­гээг нэвтрүүлж, ингэснээр гадаадын жуулчид гурван өөр соёл, гурван өөр иргэншилд  халаасанд бай­гаа мөнгөө харамгүй цацах нөхцөлийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Монголын зан заншил, мон­гол ахуйг илтгэх үзэсгэлэн яармаг, Монголын түүх дурсгалын үзмэрүүд, цайны соёл, худалдаа наймааг гадаа­дын­ханд сурталчлах гэнэ.

300 жилийн тэртээд хятад жинч­дийн гаргасан “Цайны зам”-аар цай биш мөнгө Монгол руу сая саяар нь урсан орж ирэх дэг. Эдийн засагт хөшүүрэг болох энэхүү “Цайны зам” тун удахгүй Монгол руу урсах мөн­гөний суваг болох хувирах бололтой.


Ж.Эрхэс
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж