МАН-ыг засгаас гаргахыг 100 хувь дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

МАН-ыг засгаас гаргахыг 100 хувь дэмжжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАН-ын гэрээний биелэлт, мөн МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг хэлэлцээд 100 хувь дэмжсэн байна.

Тус хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй 37 гишүүн оролцсон гэх мэдээллийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өглөө.

Ирц хангалттай байсан бөгөөд Ерөнхий сайд тодорхой тайлбаруудаа өгсөн, гэхдээ энэ үеэр ҮЗХ-ны шийдвэрийг хүлээж авахгүй гэх юм уу, санал нийлэхгүй гэх эсрэг санал гараагүй гэдгийг тодотголоо.

МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн даалгаврыг бүлгээс АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгожээ.

Харин МАН-ын зургаан сайдыг наадмын өмнө чөлөөлөх үү, наадмын дараа чөлөөлөх үү гэдгийг бүлгийн төвшинд нарийн ярилцаагүй аж.

Мөн МАН-ыг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг нэгдүгээрт, төрийн албанд халаа сэлгээ хийж, 600 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэхүү халаа сэлгээнд цэвэрлэгч хүртэл өртсөн. Цаашдаа ч халаа сэлгээ зогсохгүй үргэлжлэх байсан учраас ийм шийдвэрт хүрсэн.

УИХ дахь МАН-ын бүлгээс өгсөн хариу мэдэгдэлд гэрээнд заасан ажлууд яваагүй шалтгааныг АН өөрсдөө ажлын хэсгийг ахалж байж, ажлаа явуулаагүй гэж буй. Энэ бол хангалттай, үндэслэлтэй шалтгаан болохгүй. УИХ-аас байгуулагдсан холбогдох гол хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт МАН-ын гишүүд ажиллаж байгаа. Энэ бол зүгээр шалтаг гэдгийг бүлгийн дарга нь тодотголоо.


Сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар дараах хариулт өглөө.

-Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрийг гишүүд хэдэн хувиар хүлээж авсан бэ?

Б.Гарамгайбаатар: -Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн зургадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан.

-Наадмаас наана МАН-ын зургаан сайдыг гаргах уу?

-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой ярьсангүй.

-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг вэ. Танайх гаргая гэхээр МАН гарчих уу?

-АН өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН-д санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт, энэ хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш.

-Ерөнхий сайдыг эзгүйд ийм шийдвэр гаргаж болж байгаа юм уу?

-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. Ардчилсан намын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан.

-Ерөнхий сайд бүлгийн хуралд суухдаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан?

-Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцсон. Өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа: -Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хамтарч ажилласан. Гэвч МАН-ынхан хийх ажилдаа биш халаа, сэлгээнд ач холбогдол өгсөн. Бүх яам, газрууд доод шатаа хүртэл халж байна гэсэн гомдол ирсэн. Тийм учраас манай гишүүд энэ халаа сэлгээ цаашид үргэлжлэх юм бол тогтворгүй байдал үүснэ гэж ярьсан. 2008-2012 онд хамтарсан засаг барьж байхад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нэг ч хүн халаагүй. Бид энэ байдлаар жишээлж байсан. Гэвч их хэмжээний халаа сэлгээ буюу 600 гаруй хүн халсан.

-МАН энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл яах вэ?

-Ардын нам мэдээж хуралдаж холбогдох байгууллагаараа ярих байх. АН хамтарч ажиллах ажиллагаагаа эрчимжүүлье, баярын өмнө шийдэх асуудлуудаа шийдье гээд МАН-д хандсан. Дөрөв дэх өдөр хариу өгсөн. Тэрэн дээрээ бүх зүйл заалтаараа АН-ын буруутгасан байгаа. Тэгэхээр бидний энэ асуудал зайлшгүй асуудал болжээ. Шалтгаан нь харилцан бие, биенээ буруутгахаас өөр асуудал үлдээгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгааа юм. Мөн МАН-ын мэдэгдэлд ажлын хэсгийн ахлагч нар АН-аас байна гэсэн асуудлыг тавьсан байна лээ. АН бол олонхийг бүрдүүлж байгаа нам гэдгийг анхаарах ёстой. АН хамтарч ажиллах санал болгосон үүнийгээ татаж авах эрх нь байгаа. Ажлын хэсэгт намуудаас харьцаагаараа орсон байгаа. Хамтын хүчээр асуудлыг шийдэх гэж оролдсон.

-Засгийн газарт тогтворгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа хөөх байсан юм бол яах гэж урьсан юм бэ?

-АН тооцож үзсэн. Өнгөрсөн хугацаанд Ардын нам УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулж, нийт асуудлын 60 хувьд Засгийн газрын халаа сэлгээ, солих өөрчлөх асуудлыг тавьсан. Энэнээс болоод ажил явахгүй байсан учраас бид засгийн газартаа Ардын намыг хамтарч ажиллах санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудалд гацаа тээг болсоор байгиа учраас ийм шийдвэрт хүрч байна. Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх.

-Зургаан сайдыг чөлөөлснөөр төрийн албаны халаа сэлгээ зогсоно гэж үзэж байгаа юу?

-С.Одонтуяа: -Аль нэг намын хүн гэхээсээ илүү төрийн албан хаагч. Энэ хүнийг ажил орох, халах нь хүний ажил, амьдралтай холбоотой учраас хүний асуудалд анхааралтай ханддаг. Энд хууль зөрчиж томилсон асуудал ярина. Үнэхээр сонгон шалгаруулалтаар ороод ажилдаа орсон хүнийг халж солино гэсэн юм байхгүй.

Ш.Түвдэндорж: -МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч ажиллаад үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин өөрсдийнхөө гишүүдийг ажил төрөлтэй болгох асуудлыг хийлээ.

Тэгэхээр засгийн газар дээр хамтрах бизнес байхгүй юм байна. Энэ зургаан сайдын асуудал цаашдаа яригдах байх. Үндсэн хууль, намуудын, сонгуулийн хууль хүлээгдэж байгаа.

-Тавантолгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч солиж магадгүй гэсэн мессэж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар бүлэг хэлэлцсэн үү?

Б.Гарамгайбаатар: -Баярын өмнө том том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Тавантолгойн төслийг намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн барих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.

Ш.Түвдэндорж: -МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ засаг цаашдаа үйл ажиллагаагаа хэвээрээ явуулна.

-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн байнгын ороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?

Б.Гарамгайбаатар: -Үлдэж байгаа намуудтай хэрхэн хамтарч ажиллахаа талаар нам болон бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу үйл ажиллагаанууд явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.

-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН-ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл байна?

Б.Гарамгайбаатар: -Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс янз бүрийн бонд гаргасан. Энэ бондуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхлэж байна. Харамсалтай нь, хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм.

-2012-2016 онд тавьсан энэ их гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?

-Бондыг үр ашигтай зүйлд зарцуулагдсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудал яригдана. Мэдээжийн хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана өр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна.

-АН МАН-ыг засгаас гаргах шалтгааныг биднийг муулсан, халаа сэлгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Ер нь яг хуулийн төслүүдийг хэлэлцэхэд МАН дэмжихгүй байгаа юм бэ?

-МАН хэлэлцэх ёстой асуудалд саад болоогүй гэж байгаа боловч зөвхөн өөрсдийнхөө өргөн барьсан хуулийн төслүүдийг явуулахын төлөө ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа МАН, АН-ын гишүүд олон бий. Асудлыг шийдээд явах бүрэн боломж байсан боловч намын эрх ашгийн үүднээс гацааж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль. Хамтран ажиллах гэрээнд үүнийг тодорхой заасан боловч эргээд ороод ирэхдээ өөр болсон. Энэ нь наад захын жишээ. МАН өөрсдийн бага хурал, бүлгээрээ хэлэлцээд тайлбар өгөх байх. Түүний дараа баримттай зүйлүүд гарч ирэх байх.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж