Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын хаврын чуулган завсарлах болж байгаатай холбоотойгоор Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлаа тайлагналаа.

Тус байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс 650 өргөдөл хүлээн авснаас 124 нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал байсан аж.

Эдгээр өргөдлөөс 304 хүсэлтийн хариуг өгч, 176 хүсэлтийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлжээ.

Мөн Өргөдлийн байнгын хорооноос зургаан тогтоол, гурван хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгчээ. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдан хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авах. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусгах чиглэлийг Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт өгчээ.

Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 2011 оны зургадугаар сарын 8-ний өдрийн 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгожээ.

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатган хариуцлага тооцох. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах. Төрийн алба улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны 10 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосныг байнгын хорооны дарга онцоллоо.

Хэвлэлийн бага хуралд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, тус хорооны гишүүн С.Ганбаатар нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж