Гэрлэлт юугаан батлуулах гэж байгаа хүмүүс эхлээд доорх бичиг баримтыг явдал чирэгдэлд дарагдан байж бүрдүүлсэн байх хэрэгтэй. Жагсаагаа бичвэл:
1. Хорооны засаг даргын тодорхойлолт
2. Гэрлэлтээн батлуулж байгаа хүмүүсийн иргэний үнэлмэх
3. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн бичиг
4. Урьд нь гэрлэж байгаагүйг батлах архивын бичиг
5. Хуримын ордны сургалтанд суусан бичиг
6. Өргөдөл
7. Бөөн нотариатаар батлуулсан бичиг сачиг
8. Эрэгтэй нь цэргийн үүрэгтний үнэмлэх
9. Баахан цаг зав
10. Гэрч
11. Хэсэг мөнгө тэмдэгт байх шаардлагатай. Эднийг бүрдүүлээгүй, хийгээгүй, аль нэг нь байхгүй тохиолдолд батлаж өгөх нь битгий хэл хөөгөөд гаргана гэдгийг анхаарна бизээ.
Энэ бичиг баримтыг хэрхэн, яаж бүрдүүлэх, юуг анхаарах талаар дэлгэрүүлээд өгье.
1 дүгээр буюу хороон даргын тодорхойлолт:
Бусад хороо яадгийг сайн мэдкү. Манай хороон дарга лав харамч, хэнхэгтэй хүн шиг байдийн. Өглөө үүр цүүр 9 цаг болвуу үгүй юу өрөөрүү нь давхиад ороход "тодорхойлолт авах уу" гэсээр бүлтийтэл хараад сууж байналээ. Тэгээд "тэгье ээ" гээд иргэний үнэмлэхээ сарвайваас 5 минутын дотор 2 хүнд нэг нэг хувь тодорхойлолтыг үйлдэж өгнө. Юумыг яаж мэдхэв дахиад 2 хувийг үйлдээд өгөөч гэвэл "хэрэггүй ээ. наадах чинь байхад болно" гэж шуналтай хүнд харамч зан гаргана. Энийгээ аваачаад иргэний бүртгэл мэдээлэл дээр өгөөрэй гэж хэлжугам. Иргэний бүртгэл мэдээллийн газар нь хороон даргын бичгийг хураагаад авчих учир дүүрэг дээр очоод 2 хувь тодорхойлолт сох дутаж гэрлэлтийг чинь гэрчлэхгүй хөөн гаргах магадлал өндөртэй. Тиймээс даргаас тодорхойлолт авахдаа хүн тус бүр 2 хувийг 400 төгрөг төлөн хийлгэж авах нь зохилтой. Заримдаа хорооны дарга байхгүй, тамга нь түгжээтэй, оронд нь тодорхойлолт бичиж өгөгч нь түцрүү гарсан гээд алга болох гэх мэт тооцоолж баршгүй хүндрэлүүд гархыг бас үгүйсгэхгүй ээ.
2 дугаар буюу гэрлэгчдийн иргэний үнэмлэх:
Иргэний үнэмлэхгүй хүнийг Монгол улсын иргэн биш хэмээн үзэх нягууртай учир эртнээс энийгээ авдаг газраас нь авчаад кармалаад явж байх хэрэгтэй. 25 болон 45 настай хүмүүсийн иргэний үнэмлэхний хугацаа дууссан байж магадгүй учир эхлээд он сарыг нь сайн ажиж байж хороон боссоос тодорхойлолт аваарай. Эс тэгвээл нөгөө мөнгөн тэмдэгт чинь хэдээр үржигдэн алга болно шдээ. Нотариат, тодорхойлолт, сунгуулах энэ тэр гэх мэтэд.. Энэ завшааныг ашиглаад "үнэмлэхний хугацаа нь дууссан гэрлэгсдэд зориулаад үнэмлэх сунгуулахад 20.000 орчим төгрөг, 30 хоногийн хугацаа шаардлагатай шүү" гэж хэлмээр байна. Гэрлэх гэж ядаж байхад дахиж нэг сар хүлээнэ гэдэг бол асар их тэвчээр. Тиймээс эртхэн тэр хугацаа мугацаагаа үзэж хараарай.
3 дугаар буюу дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн бичиг:
Аль байгаа дуургийнхээ эрүүл мэндийн нэгдэл дээр гүйж очоод жижүүр эгчээс "бид гэрлэх гэж байгаам. яахуу??" гэж асууна. Эгч сайхан ааштай байвал ямар эмчид, юугаа үзүүлэх, бүх цаашлаад өрөөний дугаарыг нь хүртэл хэлж өгөх магадлалтай. Муухай ааштай байвал зөн совингоороо л явна даа. Зөнгөөрөө мэдэрдэг хүн гэж хэр баргийн байхгүй, хэн нэг эмчээс асууж алуулж мэднэ гэж үзээд би одоо хэлээд өгье.
а. ДОХ-н шинжилгээ
б. Сүрьеэний шинжилгээ
в. Арьс өнгөний шинжилгээ
г. Мэдрэлийн шинжилгээ гэсэн өвчнүүдээ судлуулах ёстой. Ингэхийн тулд эхлээд эмлэгийн КАСС гэсэн өрөөг олоод 6000 төгрөг төлөөд А4-ийг 6 хуваасны 1 хэмжээтэй, тамганы дардас чүү чай гэж багтахаар цаасыг худалдаж авна. Тэгээл эхлээд ДОХ-оо шалгуулна даа. Өглөө асар эрт 8 цаг гэхэд шинжилгээ авах өрөөний гадна оочирлохгүй бол тэр өдрөө багтаж батлуулна гэж худлаа болно. Зиа хэрэв шинжилгээгээ өгчихсөн бол өдөр 3 цагаас хариуг чинь өгнө. 3 хүртэл юугаа хийж явхав үлдсэн хэдэн өвчнөө цаасанд дээрээ бөглүүлээд, бусад ажлаа хөөцөлдөж байхдаа зүгээр. Бусад шинжилгээг бол өрөөнийх нь номерыг л мэдэж байхад юугаа ч үзүүлж харуулалгүйгээр тамга даруулаад авчихна. Мэдээж улаан цайм мэдрэлтэж, элдэв янзын шинж тэмдэгээ дэлгэж тавиад суухгүй л бол айлтгүй.
4 дүгээр буюу урьд өмнө гэрлэж байгаагүйг батлах архивын бичиг:
Өглөө очоод хороон тодорхойлтоо авчаад, шинжилгээгээ өгчихсөн хүмүүс бол шууд зуун айлд байдаг иргэний бүртгэл мэдээллийн төврүү мөрөө гаргах нь дээр. 13 цагаас элдэв янзын архивын мэдээлэл гаргана гэж бичсэн байдаг учир тэр болтол хүмүүсээ бөөгнүүлж, оочирлуулдаг юм шиг байгаан. Тэрүүгээр дүүрэн хүн байна. Овсгоотой нэг нь ард урдуур дайрах, хүүхэд тэвэрсэн хүнийг очирлуулах, танидаг хүнээрээ хэлүүлэх гэж мэт арга хэмжээг авна. А үлдсэн хэсэг нь үнэнч цагаан хөдөлмөр гарган оочирлоно. ИБМГазар нь хүний хөлөөр тасардаггүй аймшигийн ачаалалтай газар учир дотор нь ажиллаж байгаа хүмүүс аймшигтай уурлах, хөөж туух, чамруу орилож чарлах, худлаа ярьж явуулах гэх мэт үйлдлийг тасралгүй хийнэ. Энийг нь тэвчээд, сайн жагсаж чадвал 2000 төгрөг өгөөд "би урьд өмнө гэрлээгүй" гэсэн бичгийг хийлгэж дөнгөнө.
5 дугаар буюу хуримын ордны сургалтанд суусан бичиг:
Дээрх ажлуудаа шат дараалалтай нь хийчихсэн бол хуримын ордонруу хамаг хурдаараа жирийлгэх хэрэгтэй. 13 цагаас нэг сургалт эхлэх учир тэрнээс өмнө амжиж орох хэрэгтэй. Яахав эхний 30 минутанд бол хоцрогсдыг зүгээр оруулах бөгөөд түүнээс оройтогсодыг бол ширүүн харц л угтах байх. Юутай ч ороод суучихсан байхад мэдэхэд илүүдэхгүй нилээн олон юмыг хэлж өгнө. Лекцийг уншигч бол уран панаалтан цагийн багш бөгөөд хичээлээ дуусвуу үгүйюү хамаг юмаа хамж аван ум хумгүй зугтаж одно. Түүнийг явсны дараа гэрлэхийг завдагсад бүгдээрээ хуримын ордны ажилтны гарт шилжих ба энэ цагаас эхлэн хатуу үгээр бөмбөгдүүлж, хүйтэн гараар нухлуулж эхлэнэ гэдгийг дуулгая. Тэрээр шинээр гэрлэх гэж байгаа хүмүүсийг агуу их аз жаргалыг уландаа гишгэн зогсоо зайгүй загнан нэр усыг нь хэлүүлж, заваан муухайгаар нь дуудна. Ингээд үл зогсон бос гэсэн газар нь босч, суу гэсэн үед нь суухгүй бол бичгийг нь өгөхгүй боож ч магадгүй увиагүй нэгэн билээ. 2000 төгрөгийг түүнд өгөөд дээр дурьдсан эрүүл мэндийг бичгийг 4 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний өөрийн нэр бүхий цаас авснаар эндхийн хавчлага өндөрлөнө. Хэрвээ энэ сургалтанд нь суухгүйгээр бичиг авах арга байгаа ба энэ нь: 5000 төгрөгөөр "Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд " гэсэн номыг худалдаж аван дээр нь 2000 төгрөгийг төлөх явдал юм.
6,7 буюу өргөдөл болон бөөн нотариатаар батлуулсан бичиг сачиг:
Хуримын ордноос гараад шууд нотариатын газар очоод гэрлэх гэж байгаагаа хэлнэ. Тэгэнгүүт өөдөөс чинь бөөн өргөдөл, цаас гаргаж ирээд бөглүүлнэ. Дараа нь гарт чинь байгаа хамаг бичиг сачигуудыг нотариатчин батлаад өгнө. Ойролцоогоор 5000 төгрөг орчимыг энд төлөх байх. Хаа очиж нотариатын ажил бусад газраас хэд дахин хурдан явагдана шүүдээ.
8 дугаар буюу эрэгтэйн цэргийн үүрэгтний үнэмлэх:
Энэ гэрлэхэд ямар хэрэгтэй юм бөө мэд. Ямар ч байсан байж байвал л болоо. Гэрлэлтийг чинь батлахдаа хальт эргүүлж тойруулж харчихаад өгнө. Хэрвээ тэр цэнхэр хавтастай жижиг дэвтэр байхгүй бол бас л боогдоно доо.
9 дүгээр буюу баахан цаг зав:
Өглөөнөөс хойш цаг заваа үрсэн хэвээрээ нотариатын газраас гарч эрүүл мэндийн нэгдэл ороод ДОХ-н шинжилгээний хариуг аваад ерөнхий эмчээр эцсийн тамгыг даруулаад бүх хурдаараа өөрийн дүүрэг дээр хүрнэ. Хүрэх үед эртдээ л 16 цаг болсон байх вий. Дүүрэг дээрээ очиход чинь бас аягүй их хүн шинжилгээнийхээ хариуг 15 цагаас аваад очсон байна. Тиймээс ажил тарахаас өмнө амжихын тулд дор хаяж 2 цаг очирлоно. Урд чинь бүтэлгүй, бичиг үсэг тайлагдаагүй, дүүнгэ хүмүүс жагссан байвал өнгөрөө. Маргааш дахиааал ирэх хэрэг гарна. Маргааш ирэхгүйн тулд эрчүүд аюумшиггүй их зэвсгийн эрдэмтэй, эмэгтэйчүүд хэл ам бэлүүдэх ухаанд суралцсан байхыг амьдрал та нараас шаардна. Аятайхан урд хавиар нь орчуул шууд гэрлэлийн гэрчээ дуудах хэрэгтэй. Тэр өдөртөө дашням, балжинямтай учраад батлуулж чадвал маш их аз завшаан тохиож байнаа гэсэн үг. Дашрамдахад дүүрэгийн ажилчид 1,3,5 дахь өдрөөс бусданд нь "дотуур ажилтай" байдаг ба цайны цагаас 5 минут өнгөрөө л бол "би өлсөөд байна, би шээмээр байна" гэж аяглах нь ихсэнэ.
10 дугаар буюу гэрлэлтийн гэрч:
Өөрийн төрсөн аав, ээж, овог нэгт ах дүү нь энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэх эрхтэй Гэрийнхэн нь хол газар яваар одсон, хамаатан садангүй айлын ганц хүүхэд байваас гэрчээ найзаараа ч юмуу хийлгэх "цорын ганц арга" буй гэсэн. Тэр нь: НАЙЗЫГАА НОТАРИАТААР БАТЛУУЛАХ гэнэ. Би лав амьдралдаа ийм юм сонсоогүй учир гайхшаа бараад учрыг нь одоо хүртэл олоогүй л явж байгаа. Тиймээс аавыгаа дуудаж аврагдав. Амьдралд хүн болсных их юм дуулсаан. ИБМГазар явж байсан чинь нэг эмэгтэй архивын мэдээ гаргадаг ажилтанд хандан "би нөхөртэйгөө хамаатан гэдгийг баталсан архивын лавлагаа авъя" гээд зогсож байсан. Ингээд бодохоор ийм бичиг хаа нэгтээ бас хэрэг болдог л юм шиг байна..
11 дүгээр буюу хэсэг мөнгөн тэмдэгт:
Өглөө гэрээс гарч хороо орохоос авхуулаад үйлдэл хийх болгондоо мөнгөн тэмдэгт хэргэлсээр ирлээ шдэ. Замдаа атуусанд сууна, хоол иднэ гэх мэтэд бас л мөнгө орно Үүгээр зогсохгүй яг гэрлэлтээ батлуулах өрөөнд ороход бас 3000 төгрөг орчим хурааж авна. Гэх мэтчилэн хөдөлвөл мөнгө урссаар байх болно хүүхдүүд минь.
За ингээд дээрх бүх бичиг баримт, материалыг бүрдүүлэн дүүрэг дээрээ очоод гэрлэлтээ батлуулсны дараа чамд "гэрлэлтийн гэрчилгээ", иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, хуримын ордны сургалтанд суусан бичиг, гэрлэж байгаагүйг чинь нотлох лавлагаа гээд бараг бүгд буцаад ирнэ.
Гэрлэлтийн гэрчилгээгээ авчихсан хүн чинь яаж зүгээр байхав. Гялс иргэний үнэмлэхээ гэрчилгээтэйгээ нотариатаар батлуулаад, өргөдөл бичиж хороон даргаараа цохуулаад дүүргийнхээ хөдөлмөр халамжийн хэлтэс гэдэг газар аваачиж өгөөд 1 сар хүлээсний үндсэн дээр нөгөө айхтар хуулинд заасан 500.000 төгрөгөө авч болно. Ер нь авахгүй ч байсан болно.
Шинээр гэрлэж байгаа хүмүүсийн урам зоригыг мохоохыг үнэхээр хүссэнгүй. Харин ч яг дарааллаар нь, гарч болох саад бэрхшээлтэй нь үнэн бодитоор хэлж өгөхыг хичээлээ шүү таминь.
Ингээд шинэ гэрлэхийг завдагсдад амжилт хүсээд, аз жаргалаар дүүрэн гэр бүл болоорой гэж ерөөе. Бас бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе.