Канадууд заргалдаж, оросууд бачуурч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Канадууд заргалдаж, оросууд бачуурч байна

Монголын ураны төлөө канадууд заргалдаж, оросууд бачуурч байна



Ямар  өдөр гэрээг нь байгуул­чихсан  юм, “Дорнод Уран” гэж цаасан дээр нэртэй ч цасан дээр мөрөө гаргаж чаддаггүй нэгэн компани байх.  Байдлыг нь харахад, лам хуврагуудын хэлдгээр хар мөртэй, барцад ихтэй өдөр л С.Батболд, В.Путин хоёр хамтран ажиллах гэрээг нь байгуулчихсан гэлтэй. 

“Рос-Атом”-ын тэргүүн Сергей Кириенко процедурын асуудлаас шалтгаалж, ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу уран олборлох “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах ажил хойшлогдсоор бай­гааг мэдэгджээ.

“Рос-Атом”-ын тэргүүн хамтарсан компани үйл ажиллагаандаа ороход монголчууд чөдөрлөж байна гэсэн бол Монголын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Хан ресурс”-ын зарга “Дорнод Уран”-ыг чөдөрлөж буйг нуухгүй бай­гаа. “Оросын талаас зохих бүх баримт бичгээ бүрдүүлээд дууссан. Харин Монголын тал бат­лагдсан төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байна” гэ­сэн “Рос Атом”-ын нөхрийн мэдэгдлийг харахад  оро­сууд Монголоос уран олборлож чадахгүйдээ нэ­лээд бухимдалтай байгаа бололтой. Тиймдээ ч оросууд монголчуудыг “Хан Ресурс”-ын талд орж, хөрөнгийн сангийн доод хэмжээ болон хууль, эрх зүйн орчинг тэдэнд таатай болгож, дэмжсэн хэмээн хардаж буй аж. Уг нь хүний хоолноос нь хороох гэж байж эзнийг нь харааж, хардах нь арай л дэндсэн хэрэг баймаар.

Оросуудыг адгаж, сандаргахад хүргээд байгаа энэ­хүү асуудал ч  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д албан ёсны ажлын айлч­лалын үеэр хөндөгдсөн гэдэг. Монголын ураны сал­барт хоёр улсын хамтарсан экспедицийг ажил­луулах сонирхолтой байгаагаа ноён Д.Медведев илэрхийлсэн  байна. 

2009 онд  ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Мон­голд Улсад  айлчлахдаа Монголын ураны сал­барт Орос түлхүү оролцох саналаа илэрхийлж, үүний­гээ ч  монголчуудад тулган шаардсан. Д.Медведевийн хүсэлтийн дагуу Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуу­лахаар шийдвэрлэсэн ч хоёр тал эзэмших хувь, гаргах хөрөнгө оруулалт дээрээ санал зөрөлд­сөний улмаас бүтэн жилийг алдсан нь бий.  Харин өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Дорнод Уран”-ын 51 хувийг Монгол, 49 хувийг ОХУ эзэмшихээр гэрээ байгуулж, уг ажлыг Мон-Атом”, болон “Атомредметзолото” компанид даалгасан. Гэтэл өнөө хэр “Дорнод Уран” үүд хаалгаа нээгээгүй байгаа. Үүний хамгийн том шалтгаан, саад нь өнөөдрийн хувьд “Хан ресурс”-ийн зарга болоод буй. Уг зарга шийдэгдчих юм бол Монгол Улс “Дорнод Уран”-ыг хэзээ мөдгүй хөдөлгөхөд бэлэн байгаа гэнэ. 

“Хан ресурс” компанийн зүгээс Монголын Засгийн газар болон  “Мон-Атом” компанийг тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар хураасан гэх үндэслэлээр буруутгаж, олон улсын шүүхэд хандан 200 сая ам.долларыг нэхэмжилсэн. Дорнодын орд газрын 237 А дугаартай лицензийг  анх “Төв Азийн уран” компани эзэмшдэг байсан бөгөөд үүний 58 хувь нь “Хан ресурс”, 21 хувь нь Монгол Улс, 21 хувь нь оросуудад ноогддог байсан аж. УИХ-аас 2007 онд баталсан Ашигт малтмалын хуулийн дагуу улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн заалтаар Монгол Улс өөрийн эзэмших 21 хувиа дээшлүүлж, оросуудаас найман хувийг, канадуудаас 22 хувийг нь авч, “Төв Азийн уран” компанийн 51 хувийг эзэмших болсон юм. Үүний дараахан Цөмийн энергийн газраас 2009 онд баталсан Цөмийн энергийн хуулийн дагуу “Төв Азийн уран” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.  “Хан ресурс” компани хууль зөрчсөн гэдэг тайлбартайгаар хураасан “Төв Азийн уран” компанийн эзэмшдэг байсан Монголын хамгийн их ураны нөөцтэй гэх Дорнодын орд газрын төлөөх тэмцэл монголчуудыг хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг оросуудын болон олон улсын шүүхийн өмнө нүдээ бүлтэлзүүлэх хүргээд байна.

Дорнодын ордын  баталгаажсан ураны нөөц нь 28868 тонн.  Уг ордын хоёрдугаар хүдрийн биетээс  оросууд 1988-1995 онд ураны 0,109%-ийн агуулгатай 490,6 мянган тонн хүдэр олборлож байсан гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр оросууд энэ орд газрын тухай монголчуудаас илүү мэдээлэлтэй ч байгаа. Монголын ашигт малтмалын бүх судалгаа, тайлан мэдээлэл оросуудын гарт байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, энэ ордоос хэр хэмжээний уран олборлох, хэдэн жил ашиглах, хэр ашиг унагахаа оросууд аль хэдийнэ тооцчихсон суугаа. Тэдний хувьд Монголын ураны салбарыг бусдад алдахаас айж буй нь илэрхий байна.  Ерөнхийлөгчийн айлчлалын талаар мэдээлэхдээ Монголын эрх баригчид Канад, Австрали, Хятадад элэгтэй гэх үгийг Оросын хэвлэлүүд тодотгож байснаас харахад уранаа канадуудад буцаагаад өгчих вий гэсэн эмзэглэл ч цухалзаж байгаа юм.

“Хан ресурс”-ын зарга нэг талд шийдэг­дэхгүйгээр Монгол, Оросын хамтарсан компани Дор­нодын сав газарт үйл ажиллагаа явуулах эрх­гүй. Энэ нь эргээд шүүхийн шийдвэрт сөр­гөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Ямар ч байсан мон­голчууд олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Гэхдээ энэ зарга хэдийд шийдвэрлэгдэхээс “Дорнод Уран” хэзээ байгуулагдах нь шийдэгдэнэ. Тэр болтол “та тайван бай, таны толгой зууван байна” гээд л оросуудад хэлээд сууж байхаас өөрөөр яах билээ, монголчууд.

Ж.Нямсүрэн
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж