Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Арвин зээлийг зарцуулах зарим жагсаалтыг өөрчилмөөр байна гэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт дорвитой тоног төхөөрөмж орж ирээгүй. Мөн музейн салбарт хөрөнгө зарцуулах шаардлагатай гэж байлаа. Д.Арвин гишүүн “Музейн үзмэр алга боллоо. Бүх үзмэр гудамжинд, контейнерт хадгалагдаж, гадаадад гарч байна. Музейгээ санхүүжүүлэхгүй юм уу” гэсэн юм. Мөн зээлийн хэрэгжилтийг салбаруудад задлах бодлого хэрэгтэй гэж байлаа. Сангийн сайд С.Баярцогтын хариулснаар ерөнхий хэлэлцээрт салбаруудаар тодорхойлж тусгадаг аж. Энэ удаагийн зээлийг хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гэсэн дөрвөн салбарт зарцуулахаар болсныг тайлбарлалаа. Харин тусгайлсан хэлэлцээрээр салбар дотор нарийвчлан задалж тусгадаг гэлээ.
Хөдөө аж ахуйд өгөх зээлийн эзэмшлийг яаж тогтоохыг О.Чулуунбат гишүүн лавлав. Сангийн сайд С.Баярцогт түүнд “Хөдөө аж ахуйд өгөх зээлийн эзэмшлийг хэрхэхийг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Хоршоололд хамрагдах малчид өмчлөгч болоод явна. Мах, сүүний үйлдвэрлэлийг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр барина” гэж байлаа.
Төсвийн байнгын хорооны хуралд оролцсон гишүүд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор маргааш хэлэлцэх юм байна.