Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилнө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулга  болон Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан гишүүдийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж, улмаар хуулийг баталлаа. Тухайлбал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гишүүдийн 73.2 хувийн саналаар баталсан бол Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төсөл санаачлагчид нь буцаах санал гишүүдийн 63.4 хувийн дэмжлэг авав. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай санал гишүүдийн олонхийн дэмжлэг авснаар, уг хуулийг хүчингүй болсонд тооцлоо.
Ингэснээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.
Уг хууль батлагдсанаар хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож, үнэлэх боломж бүрдэж байгаа аж. Тодруулбал, нэг цагийн хөлс 670 төгрөгөөр тооцох бололцоотой болж буй.  Энэ нь нөгөө талдаа оюутнууд чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх бололцоо бүрдэж байгаагаас гадна малчид туслах малчин авч ажиллуулахад хөлсийг нь цагаар тооцон өгч болно. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь өөрчлөн тогтоох бололцоо бүрдэж байгаа. Тэр дундаа уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ заавал 108 мянган төгрөг байна гэж хатуу тогтоохгүйгээр салбар нь өөрөө шинэчлээд явах заалтыг шинэчилсэн хуулинд тусгажээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг ид хэлэлцэж байна. Уг нь УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжлэх байсан ч Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж буй тул хэлэлцэх асуудлын дараалалд ийнхүү өөрчлөлт оруулан, асуудлыг шуурхайлан хэлэлцэж байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж