Тав хоногийн дараа Монгол үндэсний төрийн далбааны өдөр тохиох гэж байна. Харин зургаа хоногийн дараагаас Үндэсний их баяр наадам болно. Энэ өдрүүдэд Монгол хүн бүрийн нэрийн хуудас болсон төрийн далбаагаар гоёх нь нэмэгддэг. Харамсалтай нь өнөө төрийн далбаа нь ихэнхдээ Эрээнээс бөөндөж авчирсан “хулхины эд” байх жишээтэй.
Ганцхан жишээ дурдая. 2013 оны наадмын үеэр цагдаагийн байгууллага 4000 гаруй стандартын шаардлага хангаагүй, хуурамч төрийн далбааг хураажээ. Тэр дунд нь төрийн далбааны соёмбыг буруу харуулж зурсан, галын дөлийг нь өөрчилсөн, оронд нь цэцэг зурсан зэрэг дутагдлууд илэрсэн байгаа юм. Энэ нь өнөө л ганзагын наймаачдын Эрээн хотоос бөөндөж авчирдаг далбаа болж таарсан.
Жил бүрийн өдийд л зам дагуу төрийн далбааг ирийлгэн тавьж жолооч нарт худалддаг дүр зураг эхэлдэг. Өнгөрсөн жил л гэхэд Кино үйлдвэрийн замд далбаа худалдаалж буй н.Бадрал гэх хүүтэй ярилцахад “Эрээн рүү долоо хоногтоо нэг явж далбааг бөөндөж ирдэг. Зээл дээр Монголын далбаа худалдаалдаг хэд хэдэн газар бий” гэж байв.
“Соёмбо, галын дөлийг нь буруу зурсан, стандарт хангахгүй далбаа байвал таньж мэдэх үү” гэхэд “Төрийн далбаа л бол далбаа шүү дээ. Тэр нарийн ширийнийг яаж мэдэх вэ. Авчирч зараад болоод л байдаг. Хүмүүс ч авдаг” гэх хариулт өгсөн юм.
Сүүлийн хоёр жил долдугаар сарын 5-наас хойш төрийн далбааны сезон эхэлдэг. Иргэд үндэсний гэх тодотголтой зүйлсээрээ бахархах нь сайн хэрэг ч Эрээнийхэн монголчуудын энэ омогшил дээр “тоглолт” хийж баяжсаар л байгааг учир мэдэх улс сануулсаар.
Уг нь Монгол Улсын төрийн далбаанд албан ёсны стандарт гэж бий. /Төрийн далбааны түүх, стандартыг эндээс харна уу/
Энэ стандартад төрийн далбааны улаан, цэнхэр, шар өнгөний сонголт, материалын чанар, харагдах байдал, соёмбын дүрслэл, соёмбон дээрх нар, гал, сар, зөрсөн хоёр загасны байгуулалт зэргийг см, мм-ээр нарийн заасан байдаг. Гэвч энэ стандартаар үйлдвэрлэгдсэн төрийн далбаагаа хэчнээн хүн таньж мэдэж, ашиглаж байна вэ гэдэг эргэлзээтэй.
Энэ жил дахиад л Эрээнээс бөөндсөн төрийн далбаагаар бид “гоёх” уу? Үүнийг халахын тулд иргэдийн зүгээс төрийн далбааныхаа тухай ойлголт, мэдлэгээ дээшлүүлж, стандарт бусыг нь авахгүй байхад л болно. Харин үүний оронд дотооддоо үйлдвэрлэдэг төрийн далбааны худалдаалалтыг нэмэгдүүлж, иргэдэд уриалга, сонордуулгыг яаралтай хийж эхлэх шаардлага тулгараад байгаа юм.
Б.ЗАЯА