Ингэснээр 770 мянган жолооч бус 250 мянган тээврийн хэрэгслийг даатгалд хамруулахаар болж байна. Нэг тээврийн хэрэгслийг 76500 төгрөгөөр даатгана. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд жолооч бүрийг 53 мянган төгрөгөөр заавал даатгалд хамруулахаар тусгаад байсан ч ажлын хэсгийн төвшинд нөхөн төлбөрийн хэмжээтэй нь уяж даатгалын мөнгийг нэмжээ. Энэ нь нэг талдаа даатгалын компаниуд урт удаан хугацаагаар оршин тогтнож, дампуурчихгүй байх нөхцөл бололцоог хангахад оршсон гэнэ. Нөгөө талаас Монголын өнөөгийнхөө нөхцөл бололцоог харгалзан үзэж дээрх зарчмын өөрчлөлт оруулжээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд олон асуудал хөндөгдөж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “50 хүний суудалтай автобус онхолдоход нөхөн төлбөрийг яаж хийх вэ гэдгийг лавласан. Ажлын хэсгийнхний төвшинд энэ асуудлыг нарийвчилж ярилцаагүй, хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодогчийн буруугаас болж, гуравдагч иргэн гэмтэл бэртэл авах, амь насаараа хохирсон тохиолдолд тээврийн хэрэгслийнх нь том, жижгээс хамаарч 5-10 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр өгөхөөр болж тусгаснаас бус олноороо аваар осолд орсон нөхцөлд яах вэ гэдгийг нарийвчлаагүй байв. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг тодорхой тусгахаар болж, тогтлоо.
Гуравдагч этгээдэд нөхөн төлбөр олгохоор болж, заасан нь өнөөгийн нөхцөлд авто машины осолд орсон иргэнд нөхөн төлбөр олддоггүй байна. Тиймээс зориуд энэ заалтыг оруулж өгчээ. Түүнчлэн үнэтэй машин барьдаг иргэдийн хувьд жилдээ 76500 төгрөгөөр даатгалд хамрагдаад тав хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор авах нь зохисгүй гэнэ. Тиймээс заавал 76500 төгрөгөөр даатгуулах гэсэн дээд хязгаар тавихааргүй болж, тогтсон юм.
Түүнчлэн ажлын хэсгийнхний оруулж ирсэн саналаар тээврийн хэрэгслээ даатгуулаагүй бол авто машиныг нь журмын хашаанд оруулах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Мөн авто машиныг даатгалд хамрагдаагүй байхад нь бүртгэх, үзлэг оношлогоонд оруулсан байвал тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох механизм ч үйлчилнэ.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо. Дээрх хуулийг УИХ-аар баталсан нөхцөлд 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх болж байна.