Aрдчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Aрдчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй

Өглөө бүр ажилдаа дуртай явж, орой болоход гэр лүүгээ яардаг байх нь хүний амьдралын аз жаргал гэдэг. Хийсэн ажил нь үр бүтээлтэй, түүнийхээ төлөө авдаг цалин хөлс нь ч амьдралд нь хүрэлцээтэй, эмнэлэг үйлчилгээ, ажиллах орчин нь аюулгүй, үр хүүхэд нь эрүүл саруул өсч, сайн боловсрол эзэмших боломжтой байвал энэ аз жаргал айл бүрийн хойморт орших юм гэсэн үг. Ардчилсан намаас ирэх 2012 оны сонгуулийн уриа болгон дэвшүүлж, аймаг орон нутгаар аялан ард түмнээрээ хэлэлцүүлж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийн утга учир ч үүнд оршиж байгаа юм.

Магадгүй, монголчуудын олонхи нь 2020 онд миний амьдрал ямар байх вэ гэдгээс илүү ирэх жил, эсвэл 2015 онд ямар өөрчлөлт гарсан байх бол хэмээн наашлуулж харахыг хичээж байгаа. Гэвч хөгжлийн бодлого, хэтийн төлөвлөлтийг 5-10 жилээр харж хийж ирээгүйн горыг өнгөрсөн 20 жилд бид хангалттай амссан билээ. Сонгуульд олонхи болсон, нам эвслийн үзэмж, хувь улстөрчдийн сонирхол, богино зайны тоглолтоос болж унаж, босч, уруудаж, гажуудаж ирсэн хөгжлийн бодлогыг нэг цэг дээр төвлөрүүлэх, урт удаан хугацаанд үе шаттайгаар үргэлжлүүлэх нь Ардчилсан намаас санаачлан нийт ард түмнээр хэлэлцүүлж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийн гол зорилго гэж хэлж болох юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус намаас хүн бүрийг өмч хөрөнгөтэй, өмчиндөө эзэн байлгах ёстой гэж зорьсон ч энэ зорилго яагаад биелээгүй вэ гэдэгт хариулт өгөх нь энэ хэлэлцүүлгийн бас нэг зорилт.  Энэ зорилгыг хэн урагш түлхэв, хэн хойш татав, социализмын хуучин хөрсөн дээрээ 20 жил хий эргэж ирсэн нэг шалтгаан юу байв? Энэ асуултын хариуг нийтээрээ хайж эхэллээ.

Өнгөрсөн 20 жилийн турш бид ардчиллыг хөгжүүлэх бэхжүүлэх тухай л ярьж, лоозогнож ирсэн. Тэгсэн ч гэсэн үр дүнд хүрээгүйн шалтгаан нь ардчилал бол чөлөөт нийгэмд байдаг л нэг зарчим. Үүнийг зах зээл, иргэний нийгмийн оролцоо, хууль ёс гэх мэт бусад олон зарчимтай уялдуулж байж  зөв утгаа олдог аж. Ардчилал бүх хүнийг сайхан амьдруулна гэж амладаггүй. Харин олонхийг шийдвэр гаргахад оролцуулж, тэдэнд таарсан бодлого хэрэгжүүлнэ гэдэг баталгааг л гаргадаг. Ардчилал бол процоесс, тэн дундаа шийдвэр гаргах процесс гэдэг. Тэр процесс хэвийн, тасралтгүй явагдаж байж ардчилал ажиллагаатай, бодитой орших юм. Харин бид ардчиллын энэ шинж чанарыг орхигдуулаад “бүгд сайхан амьдарна” гэдэг социализмын үеийн үл гүйцэлдэх, утопи үзлээ гүйцэлдүүлэх гээд зүтгэчихсэн нь хамгийн том алдаа аж.

Тиймээс л Ардчилсан нам энэ процессийг тасралтгүй үргэлжүүлж, горимонд нь оруулахын тулд “Монгол хүн 2020” хөтөлбөрийг санаачилж, түүнийгээ бүх нийтээр хэлэлцүүлэн эцсийн үр дүнд хүрэхийг зорьсон хэрэг.

Наран ургах зүг Дорнод аймгаас эхэлсэн хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд 13 аймгаар өртөөлөөд байгаа. Жил жилийн сонгуулийн өмнө улс төрийн намуудаас өгдөг эдийн засгийн тооцоогүй, хоосон амлалтуудаас ангижрахын тулд энэ удаад ард түмнийхээ үгийг сонсч, түүнийг нь төрийн бодлогод тусгахаар сэтгэл шулуудсан энэ ажил харин ч олон нийтээс харамгүй дэмжлэг аваад байгаа. Очсон газар болгонд аймаг, орон нутгийн иргэд тулгамдсан асуудлуудаа уудалж, зовлон жаргалаа хуваалцаж байна. Орон нутагт олон жил засагласан МАН-ынхан эрх мэдэлдээ аархаж, иргэдийн үгийг сонсохоо больсон тухай, үе дамжсан хурган дарга нар нь ах дүү, амраг садангаараа төрийн албыг дүүргэж, ард түмэнтэй эрх мэдлээ хуваалцахыг хүсдэггүй, санаа бодлыг нь ч сонсдогггүй, ардын хүүхэд ажилд орох хаалга хаалттай, эрх мэдлийг атгасан дарга нар нь тендер нэрээр луйвар хийдэг явдал хотыг бодвол хөдөөд хэрээс хэтэрсэн тухай тэд ярьж байна.
Энэ мэтээс ха­­рахад хорин жилийн өм­­нө тунхагласан ард­­чи­лал, шударга ёс гэдэг зүйл одоо хэр нь үнэ цэнэ­гүй хэвээр байгааг хэ­лэл­цүүлгүүдээс харж бол­но. Харин нэг зүйлийг тэд сайшааж байгаа нь өмнө нь Монголын төр малаа ярьдаг байсан бол одоо хүнээ ярьж, хүн төвтэй бодлого бо­ловсруулахаар зорьж, үүн­дээ иргэдийн са­нал санаачилгыг сон­сохоор Ардчилсан на­маас эхлүүлээд байгаа энэ хэлэлцүүлэг. Ажил­тай орлоготой, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүнийг бодлогынхоо гол төв болгосон энэ хэлэлцүүлэгт иргэн бүр саналаа нэмэрлэж, аймаг орон нутаг бүр өөрсдийн тулгамдсан асуудлыг томьёолж эхлээд байна. Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Дорноговь, Дорнод, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий гээд эх орны дөрвөн зүг, найман зовхист довтолгосон хэлэлцүүлгийн багийнхан ганзага хоосон ирээгүй. Явсан газар бүр сонсох зүйл, шийдэх ёстой асуудал түм түмээрээ хуримтлагдсан байгааг ярьж байна.

Гэхдээ сайн юманд садаа хэзээд мундах биш. Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэгтэй давхцуулан МАН-аас зохион байгуулж буй “Ард түмнээ сонсьё” аян ч үүний нэг нь. Архангайд аймгийнхны өмнөөс Архангай аймгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан аваачиж гардуулаад элэг доог болж байсан МАН-ын удирдлагууд Говь-Алтайд баахан шав тавьж, шоу хийсэн. Эрүүл мэндийн сайдын боловсруулсан аймгийн төвд Халдвартын эмнэлэг барих төслийг МАН-ын дарга нар шүүрч аваад шавыг нь тавьчихсан ч гэх шиг инээдэмтэй, эмгэнэлтэй явдал ч гарч л байна. Улс төрийн нам гэдэг тууз хайчилж, тог залгадаг, шав тавьж, шоу зохиодог байгууллага биш, хөгжлийн зөв бодлого дэвшүүлж, түүнийгээ олон нийтээр дэмжүүлж байж эрх мэдэлд хүрч засагладаг байх ёстой гэдгийг энэ намын удирдлагууд одоо хэр нь ойлгохгүй байгаа нь тэр хэр. 

Хэрэв уншигчид санаж буй бол МАН-ынхны одоо хэрэгжүүлээд байгаа ард түмнээ сонсох аяныг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг 2001 онд намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа анх санаачлан эхлүүлж ард иргэдийн санал санаачлагыг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар бүтэн жил хөдөөгүүр явж байлаа. Хэдий эрх барьж байгаагүй ч тэр үед хийсэн энэ хэлэлцүүлгийн үр шим гурван жилийн дараа гарч, “Хүүхдийн 10 мянга”, “40 мянган айлын орон сууц хөтөлбөр” зэрэг одоо ч үргэлжилж буй бодлого, урт хугацааны хөтөлбөрүүд 2004 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Ардчилсан намынхан 10 жилийн өмнө ард түмнээ сонсч байсан тэр замаар одоо МАН-ынхан явж байна. Гэхдээ хэлэлцүүлгийг явуулж буй арга хэлбэр нь өөр. Төр шийддэг, мэддэг, чаддаг гэсэн хуучин суртлаа үргэлжлүүлж, иргэдийн оролцооноос илүүтэй өөрсдийн дур зоргыг дээгүүр тавьнаас болж мундраа хутгасан олон түүх дэлхийн олон улс орныг дайрсан гэдэг юм. Манайхны ч гэсэн хөгжлийг чөдөрлөж буй нэг зүйл энэ.

Одоо залуусын дунд “моод” болоод байгаа Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг уншсан хүн олон байх. Зохиолын гол дүр Жон Галтын хэлсэн нэг үг бий. “Чи надад туслах гэж бүү зүтгэ. Өөртөө л тусал, амжилт гарга. Тэр чинь надад урам зориг өгөх болно” гэж. Төрийн дарамт, үр ашиггүй зохицуулалт, хүнд суртал, тооцоо судалгаагүй татварын дарамтаас болж нэг л өдөр дүрвэсэн бизнесийнхэн “Атлантын хөндий” хэмээх газар очиж төрөөс нуугддаг. Тэр хойгуур төмөр зам, цахилгаан станцууд зогсч, дэлгүүр, ресторанууд хаалгаа барин хот тэр чигээрээ “банкрот” болж, төр хэмээх эрх мэдлийг гартаа атгасан ч ямар ч баялаг бүтээдэггүй этгээд хэрхэн сандралд орж буй тухай сургамжит зохиол. Хувь хүн бүр өөрсдийн ирээдүй, өмч хөрөнгө, хувь заяандаа эзэн байх тухай, төрөөс түүнийг хааж боох бус урамшуулах, боломжийг хязгааргүй тавьж өгөх тухай асуудал.

Харин Ардчилсан намынхан монгол хүн бүрийг эх орондоо ажил орлоготой, аюулгүй орчинтой, эрх чөлөө, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болгож, аюулгүй орчин эх орондоо, эх нутагтаа  сайхан амьдрах боломжийг хэрхэн бий болгох вэ гэдгийг ард түмнээрээ хэлэлцүүлж, тулгарч буй бэрхшээл саадыг нь сонсч эхэллээ. Гэхдээ нэг жил биш, арван жилийн дараахийг харахаар зорьж. Хэрвээ энэ хэлэлцүүлгээс хөгжлийн гарц, нийтээр дагах зөв бодлогыг гаргаж чадвал тэр нь аль нам эрх барих, сонгуулийн хугацаа зэргээс үл хамааран урт удаан хугацааны төрийн бодлого болж үргэлжлэн хэрэгжих юм. Тэр цагт 20 настай ардчилал монголчуудын хараалыг идэх учиргүй гэдэгтэй бүгд санаа нийлэх болно. 

Оны эхээр эхлүүлсэн энэ хэлэлцүүлгийн үр дүнд Ардчилсан намын өөрийнх нь рейтинг ч бас өсч байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдаж эхэллээ. Зөв цагтаа, зөв газраа байхын үр ашиг энэ. Гэхдээ эхэлсэн ажил дуусаагүй, барианы газар ч болоогүй байна. 

Б.СЭМҮҮН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж