-Төрийн захиргааны болон тусгай албан тушаалтныг улс төрийн намын гишүүнчлэлгүй байхыг шаардана-
Монгол Улс Төрийн албаны тухай хуулийг анх 2002 онд баталж байжээ. Үүнээс хойш уг хуулинд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Тэгвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Монгол төрийн дархлааг сайжруулж, засаглалыг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг гаргаж, энэхүү санаачилгаа хэрэгжүүлэх нөхцөл болгон 10 хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаа хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зургадугаар сарын 19-нд сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсөл нь боловсрогдож байгаа 19 хууль, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон зургаан хуулийн төсөл байгаа юм байна. Харин УИХ-д төслийг өргөн мэдүүлсэн найм, төсөл нь батлагдсан таван хууль байна. Боловсрогдож байгаа эдгээр хуулийн төслөөс Улс төрийн намын тухай болон Төрийн албаны тухай хуулийн төслүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илүүтэй ач холбогдол өгч байгаа юм. Үүнээс Төрийн албаны тухай хуулийн төслийг авч үзье.
Төрийн албаны тухай хуульд оруулах 10 үндсэн өөрчлөлтийг дараах байдлаар томъёолж байгаа юм. Үүнд,
1. Төрийн алба мерит буюу чадахуйц зарчимд үндэслэх болно
2. Төрийн албан тушаалыг шат, дараатайгаар (карьерын зарчим) дэвшдэг болно
3. Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоог бэхжүүлнэ
4. Төрийн албан хаагчдын хийж болохгүй үйлдлийг хуулиар хориглоно
5. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид байна
6. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон албан тушаалаас нь халах, чөлөөлөхийг хориглоно
7. Төрийн албаны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, шилэн болгоно
8. Сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавина
9. Төрийн албаны зөвлөлийг хариуцлагажуулна
10. Төрийн албаны тухай хуулийн тогтвортой байдлыг хангана гэсэн үндсэн зарчмууд байгаа юм.
Төрийн албан хаагчдыг шат, дараатайгаар албан тушаал ахиулах, нэг албан тушаалдаа доод тал нь таван жил ажилласан хүнийг тушаал ахиулах, төрийн албаны доод албан тушаалаас дээд албан тушаалд хүрэхийн тулд дор хаяж 18-20 жил ажилласан байх заалтыг оруулахаар санал болгож байгаа аж
Өнөөгийн мөрдөж байгаа хууль мэргэшсэн төрийн албыг бий болгоход зохих хувь нэмрээ оруулсан ч нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийг даган хувьсч байгаа өөрчлөлт, хариуцлагыг улам өндөржүүлэх амьдралын шаардлагын улмаас ийнхүү засвар шаардаж байгаа юм. Төрийн албан хаагч гэж хэн байх, ямар эрх, үүрэгтэй байх талаарх хуулийн тодорхойлолт хуучраагүй ч “хуулийг монголчилж нутагшуулдаг” бидний гэм чамгүй бий. Тиймээс шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд байгаа зарим заалт үнэхээр ач холбогдолтой. Тухайлбал, тохиолдлын шахааны хүнээр төрийн алба дүүрсэн гэсэн шүүмжлэл байнга гардаг. Сонгууль болгоны дараа эрх барих мэдлийг авсан улс төрийн хүчний боловсон хүчин бялуу хүртэх зарчмаар төрийн албын дүүргэдэг болсон нь нууц биш. Удаа дараагийн сонгуулийн дараах халаа сэлгээний улмаас яамдуудад арваас дээш жил тогтвортой ажилласан хүн байхгүй болсон. Нэг засгийн үед яригдаж байсан гадаадын төсөл, хөтөлбөрийг хариуцаж байсан мэргэжилтэн сонгуулийн дараа шинэ хүнээр солигдож, нэгэнт эхэлсэн ажлыг дахин тэгээс эхлэх зовлон учирдаг тухай гадаадын ярьдаг. Энэ янзаараа удаан явбал “төрийн хар хүн” гэдэг ойлголт устах аюултай. Тийм учраас төрийн албан хаагчдыг шат, дараатайгаар албан тушаал ахиулах, нэг албан тушаалдаа доод тал нь таван жил ажилласан хүнийг тушаал ахиулах, төрийн албаны доод албан тушаалаас дээд албан тушаалд хүрэхийн тулд дор хаяж 18-20 жил ажилласан байх заалтыг оруулахаар санал болгож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хоморголон халахыг хуулиар хориглохоор бас төлөвлөж байна.
Төрийн албыг улс төрөөс ангид байлгах зохицуулалтыг мөн хийж өгөхөөр тусгажээ. Төрийн жинхэнэ албан хаагчаар /захиргааны болон тусгай/ томилогдох гэж байгаа хүнээс улс төрийн аливаа намын гишүүнчлэлгүй байхыг шаардахаар тусгаж байна.
Харин төрийн үйлчилгээний албан хаагч нь аливаа намын дэмжигч байж болох юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар төрийн захиргааны албан тушаал дараах албан тушаалтнуудыг хамруулж байгаа.
Үүнд, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны, бүх шатны шүүхийн Тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн, мөн Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, яам болон тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал хамаардаг байна. Харин төрийн тусгай албан тушаалд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, цагдаагийн төв байгууллагын дарга, Хилийн цэргийн удирдах газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шүүхийн шинжилгээний байгууллагын дарга, дипломат албан тушаал, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалыг хамруулдаг.
Тэгэхээр хэрвээ хуульд өөрчлөлт орвол энэ бүх албан тушаалтнууд намын гишүүнчлэлээсээ татгалзах юм.
Мэдээж өнөөгийн хуульд төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага бий. Хуулинд одоо хариуцлага дээр нэмэн хэд хэдэн өөрчлөлт оруулахын зарим нь Монголын шинэ үеийн амьдралаас урган гарсан хариуцлага байна. Тухайлбал, тухайн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, халсан, бууруулсан тохиолдолд ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзах, тамга тэмдгээ аван зугтахыг хуулиар хориглох юм. Мөн тангаргаасаа няцсан, өөрийнх нь гаргасан шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан бол тухайн албан тушаалтнаар заавал нөхөн төлүүлэхээр тусгажээ.
Мөн улс төрийн албан тушаалтан (улс төрийн албан тушаалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, яамдын дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХТ-ийн дарга, хот, тосгоны захирагч нар тооцогдоно) шинээр томилогдсон нөхцөлд 3+2 зарчим буюу өөрийн шууд удирдлагад ажиллах улс төрийн гурван албан тушаалтан, үйлчилгээний хоёр ажилтныг л өөрчлөх хязгаар тавьж өгөх юм.
Д.НАРАНТУЯА