Хятадаас 10 мянган тонн шатахуун авна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Хятадаас 10 мянган тонн шатахуун авна

Д.Зоригт: Хятадаас сар тутамд 10 мянган тонн шатахуун авна

ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээр Монгол Улсын хувьд дизель түлшээр хөдөлдөг тээврийн хэрэгслүүд үндсэндээ зогсч, хөдөөд нэг литр шатахуун 3000-4000 төгрөгт хүрч, тариалалт зарим аймгуудад зогссон билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хоёр хөрштэй хэлэлцээр хийгээд ирсэн юм. Энэ талаар түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-ОХУ-аас хэдий хэмжээний шатахуун импортоор оруулж ирэхээр, тохиролцоонд хүрсэн талаар тодруулахгүй юу. Шатахууны хомсдолоос Монгол Улс хэзээ бүрэн гарах вэ?

-Зургадугаар сарын хувьд “Роснефть” компаниас 37 мянган тонн дизель түлш оруулж ирэхээр болж гэрээ хэлэлцээрийг хийлээ. Үүнээс 15 мянган тонн дизелийн түлшний үнийг тохирсон. Үлдэж байгаа 22 мянган тонн дизель түлшний үнийн хэлцлийг тохирно. Дотоодынхоо хэрэгцээг хангахад дээрх хэмжээ хүрэлцэхгүй учраас бусад компаниудад  нэлээд хэмжээний шатахуун захиалсан. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр байдал хэвийн болно гэж бодож байна. Яагаад гэвэл ОХУ дизель түлшний хангамжаа бүрдүүлтэл хугацаа шаардахаар байгаа. Гэхдээ Монгол Улсын хувьд зогсонги байдалд ороод байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь энэ долоо хоногоос жигдэрч эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээвэр эрхэлдэг компаниуд, цахилгаан станцууд, төмөр замынхан, уул уурхайн компаниуд хэвийн ажиллаж эхэллээ. Мөн компаниуд маань  одооноос карттай хэрэглэгчиддээ дизель түлш олгоод эхэлсэн. Зарим шатахуун түгээх станцыг хаасан байсан, нээгдсэн. Хэрэглэгчиддээ мөн энэ долоо хоногоос  картаар үйлчилж эхэлнэ. Гэхдээ ОХУ-ын зах зээлийн талаар судалдаг мэргэшсэн хүмүүс юу гэж хэлж байна вэ гэхээр “Энэ том зах зээлтэй улс шатахууны хомсдолоо хэвийн болгоход хоёр сарын хугацаа шаардана шүү” гэж анхааруулж  байгаа. Тэгэхээр Монгол Улсад долдугаар сар гэхэд байдал хэвийн болно гэж тооцоолж байна.

-Байнгын хорооны хуралдааны үеэр АИ-92 авто бензин тасарч магадгүй гэх яриа гарч байсан. Хойд хөрш нийлүүлэлтдээ хязгаар тавьж байна уу?

-Хойд хөршийн хувьд АИ-92 авто бензин амаргүй байгаа. Энэ талаар яриа хэлэлцээр хийж,  өнөөдөр ч үргэлжилж байна.

-Хятад улсаас шатахуун авахаар болоод байгаа. Ачилт хийгдэж эхэлсэн тухай мэдээлэх болсон. Хэдий хэмжээний шатахуун авахаар тохиролцоонд хүрсэн юм бэ?

-Хятад улсад хийсэн айлчлалын мөрөөр эхлээд 3000 тонн түлшний гэрээ хийсэн.  Ачилт хийгдэж байна. Дээр нь бид нэмж 7000 тоннын гэрээ хийхээр компаниудтай ярьж байна. Сар тутамд 10 мянган тонн шатахуун авахаар үндсэндээ тохирсон. Нэг зүйлийг онцлоход, Хятад улстай хийж байгаа шатахууны гэрээний хэмжээ маань Замын-Үүд дэх дамжуулан буулгах байгууламжийн хүчин чадалтай холбоотой байгаа. Энэ жил бид төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүдийн дамжуулан ачих терминаторыг өргөтгөх ажлыг үргэлжлүүлэн хийхээр болсон. Өнгөрсөн жил хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Дээрээс нь Засгийн газар  төсвийн тодотголыг УИХ-д оруулахдаа газрын тосны нөөц бүрдүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг тусгахаар болж байна. Мөн шатахуун нөөцлөх сав барихад зориулж 60 тэрбум төгрөгийн хөрөнгийг суулгана. Урд өмнө нь шатахуун хадгалах сав барих Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн байсан. Энэ дагуу хийх боломжтой.

-Дизелийн түлш ховордсоноос үнэд нөлөөлж, түүнийг дагаад тээврийн хэрэгслүүд үнээ нэмэх зэргээр үндсэндээ иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэллээ. Үнийг бууруулах талаас Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ үндсэндээ жил хагасын хугацаанд харьцангуй тогтвортой байсныг анзаарсан болов уу. ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортын татвараа өөрчлөнгүүт Засгийн газрын зүгээс түүнд нь тохируулж сар тутамд Гаалийн болон Онцгой албан татварыг хөдөлгөж, үнийг тогтвортой барьж ирсэн. Одоо нөхцөл байдал ямар болсон бэ гэхээр өмнөх шигээ ойрхон хилийн цаанаас нефтийн бүтээгдэхүүнээ татаж чадахгүй байна. Яагаад гэвэл тэр газарт нефтийн бүтээгдэхүүний хангамж муу байгаа учраас.  Өөрөөр хэлбэл, холоос зөөж байгаа учраас тээврийн зардал өсч байна. Тээврийн зардал нэмэгдэж байгаа учраас үнэд нөлөөлж байна. Бид бүх татвараа буулгасаар, буулгасаар  0 болгосон ч үнийхээ өртгийг нөхөх хэмжээнд хүрэхгүй байгаа. Тийм учраас үнийн өсөлт гарч байгаа. Байдал хэвийн болж, хангамж жигдэртэл энэ асуудал цаашид үргэлжилнэ байх. Бидний хувьд нефть импортлогч компаниудтай тогтмол санал солилцож байгаа. Мөн нефтийн бүтээгдэхүүний үнэд Шударга бус өрсөлдөөн,  хянан зохицуулах газраас хяналт тавьж ажиллаж байна. Байдал хэвийн жигдэрсний дараа үнийн асуудлыг ярина.

-Хятад улсаас орж ирж байгаа шатахууны үнэ хойд хөршөөс үнийн хувьд ямар байгаа вэ, харьцуулахад?

-Хятадын газрын тосны бүтээгдэхүүн харьцангуй үнэтэй. Арилжааны үнийг нарийвчилж хэлэх боломжгүй.

-Зүүн бүсийг шатахуунаар хангах нефтийн үйлдвэр байгуулах тухай асуудал өнгөрсөн хоногт нэлээд хөндөгдлөө. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Асуудал хэлэлцээрийн шатанд байгаа. Ернь 51 хувийн төрийн өмчийн оролцоотой компани байгуулна гэсэн чигтэй байна. Зүүн бүсүүдийг  шатахуунаар хангах юм, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдсэний дараа асуудал нэлээд тодорхой болно. Санхүүгийн хувьд боломж бололцоо байгаа гэж харж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж