Татварын шахааны дэвтрийг эсэргүүцэж жагсъя

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Татварын шахааны дэвтрийг эсэргүүцэж жагсъя

Хэдүүлээ нийлээд жолооч нарын холбоо байгуулж, Сүхбаатарын тал­байг машинтай “гороолъё”. Хүмүүс Төрийн ордон руу сум тавьж болж байна. Их жанжны хөшөөг яагаад машинтай тойрч болохгүй гэж. Морьтой хүмүүсийг манай цагдаагийнхан яаж ч чаддаггүй юм билээ. Мануус машиныхаа хаалгыг түгжчихээд цагт 60 километр цагийн хурдтай гороолж байхад цагдаа нар яав л гэж. Цагаан хоолой энэ тэр хэрэггүй ээ. Дуут дохиогоо хан­ги­нуулж, дүлий төрийн чихийг онгой­тол дүнгэнүүлье.   

Монголын маргааш дуусах биш дээ. Маргааш, маргааш гээд яваад бай­вал машингүй болчих ч юм бил үү. Татвар арай дэндэж байна. Замаа олигтойхон засчихгүй хайран сайхан машины минь эд ангийг эвдэж гүйц­лээ. Тэгсэн хэрнээ татвараа 50, 50 ху­­виар нэмээд л даварч байна. Одоо бүр давраад маниусыг мөнгөтэй, төл­чихдөг юм гэсэн шиг татварын дэвт­рээ жил болгон шинэчлэн шах­даг болчихож. Өмнөхөөсөө огтоос ялгаагүй тийм “шахаа”-гаа Баянгол дүүр­гийнхэн 800 төгрөгөөр үнэлж бай­на лээ. Харин Сүхбаатарынхан бүр амташчихсан 1000-аар үнэлсэн гэсэн.

Улаанбаатарт л гэхэд 200 мянган өөрөө явагч хэрэгсэл бий гэсэн. “Өөрөө явагч” гэж машиныг хэлээд байгаа юм. Энэ тоог бод доо. 200 сая. Татварын дэвтэрийн зай талбай дуусчихсан. Эсвэл шинэ машин худалдаж авсан бол зүйн хэрэг. Гэтэл 2010 онд татвар төлснийг гэрчлэн ганцхан тамганы дардаснаас бусад зай талбай нь хоо­сон байгаа дэвтэртэй хүнийг “Дэвтэр шинэчлэгдсэн, мянган төгрөг” гэж байгааг юу гэж ойлгох юм бэ. Шахаа л биз дээ. Улайм цайм дээрэмддэг болчихсон байгаа биз. Тэр шинэч­лэгд­сэн гээд байгаа дэвтэр нь хуучнаасаа ямар ч ялгаагүй. Өмнөх дээр нь эзэмшигчийн нэр, машины дугаар байсан уу, байсан. Иргэний үнэмлэх шиг машиных нь зургийг тавьчихсан бол яая гэхсэн. Ингэж л бизнес хийж байна.

Чухам хэний санаачлагаар аль компанийг дэмжээд байгаа юм, бүү мэд. Татварт ажилладаг танилаасаа энэ тухай асуусан чинь “Уг нь бол 500 төгрөгөөр өгөх ёстой. Манайхан 1000 гээд байгаа юм” гэх. Түүний хэлснээр бол татварынхан наймаачид болчихож. Шуналтай нь 1000 төгрө­гөөр, арай гайгүй шуналтай нь Баян­голын татварын хэлтсийнхэн шиг арай хямд буюу бөөний үнээр 800 төгрөгөөр зараад байж л дээ.  

Гэтэл “Жолооч нар татвараа төлөхгүй байна. Цагийн ажлыг цагт нь төлчихвөл ачаалал ингэж ихсэх­гүй шүү дээ” гэж ирээд л дарга нар нь биднийгээ баалдаг байгаа. Харин ч жолооч нар ажилтай нь ажлаа таслаад, “халтуурчин” нь мөнгө­нөөс татгалзаад дугаарлаж байгаад тэр дэвтрийг чинь авсан. Шинээр дэвтэр шахаагүй бол тийм дараалал үүсэхгүй байсан гэдэгт итгэлтэй бай­на. Мөнгийг нь тоолж аваад, тат­вар төлөв гэсэн тамгаа дараад, гурвал­жин тэмдгээ өгчихсөн бол тийм дараалал ч үүсэхгүй. Гэтэл тэгэхгүй, бага ангийн сурагч шиг өмнөх хуучин дэвтрээс шинэ дэвтэрт хуу­лан бичлэг хийсээр байгаад хамаг цаг авчихсан. Нэг удаагийн хуулан бичлэг татварын байцаагчийн хур­дан удаанаас шалтгаалаад 6-10 минут. Ингэхээр бүтэн цагт 6-10 хүнээс л татвар авч байгаа юм. Өмнө нь 30 хүний ард орсон 31 дэх нөхөр 3-5 цаг хөлөө чилтэл зогсч байж нэг юм татвар төлнө. Цайны цаг, ажил тарах болоогүй бол шүү дээ. Ингэж л луйвар хийж байна. Албан байгууллагуудын дарамталж, айлгаж байгаад тэмдэглэлт баяраа үнэгүй тэмдэглэдэг татварынхан энэ удаад дунд сургуулийн багш нар сураг­чид­даа ном шахаж дүн тавьдаг шиг жолооч нарт 500 төгрөгийн дэвтрийг 1000 төгрөгөөр хоёр дахин нугалж шахлаа.

Тэрхүү дээрэмдэж, луйвардаж олсон 200 сая төгрөг хэний халаасанд орж, хэн гээч луйварчин жийп авч унах юм, бүү мэд.

Ингэж давраад байгаа учраас л жагсаал хийе. Татвараар дарамталж тэжээл­гээд зогсохгүй одоо бүр дээ­­рэм хийдэг болчихож. Тендер энэ тэрээ зарлаж байгаад дэвтэр хийл­гэх компаниа шалгаруулсан юм бай­гаа биз дээ, татварынхаан. Эсвэл дарамталж байгаад хийлгэчихсэн үү. Авлигатай тэмцэх газарт шалгуулаад мэдчихнэ ээ, гайгүй.



Л.Нарантөгс

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж