Ерөнхий сайдад барьсан “сюрприз”

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад барьсан “сюрприз”

Ерөнхий сайдын эзгүйд МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл гаргалаа. Уг нь ч гарах шийдвэр тодорхой болчихсон зүйл, гол нь ганц хоног хүлээж Ерөнхий сайдыг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа оролцуулсан бол АН зарчимтай харагдах байлаа. Харамсалтай нь, чадсангүй. Засгийн газрыг өөрчилхөд тэгтлээ их яарсан нөхдүүд үү, эсвэл Ерөнхий сайдын зүгээс ИБУИНВУ-д айлчлал хийх мөчид гэрээг цуцлаарай гэж намынхандаа захисан байв уу. Ямартай ч энэ шийдвэр төрийн дээр нам гарсан гэх Ц.Нямдорж нарын үгийг батлаад өглөө.

Сурсан занг сураар ороолгоод ч дийлэх биш, наамдын өмнө Засгийн газраа бужигнуулах нь нэгэнтээ тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, засагтай ч юм шиг засаггүй ч юм шиг наадмаа угтана гэсэн үг. УИХ-ын даргын зүгээс наадмын дараа ээлжит бус чуулган зарлана гэж урьдчилан анхааруулсны цаана Засгийн газарт сэлгээ хийхээ тооцоолсных байж.

МАН-ын зургаан сайдыг явуулах шиг амархан зүйл үгүй. Харин орных нь зургаан сайдыг сонгож томилуулна гэдэг бол АН дотор “дайн” үүсгэхээс наахнуур юм болно. Фракци бүр төлөөллөө оруулахын төлөө зүтгэнэ. Хэрвээ энэ хүслийг нь хясах юм бол гомдсон тал нь сөрөг хүчинтэйгээ хамтраад морио эмээллэж аваад сэлэм эргүүлээд давхихдаа сийхгүй. Засгийн газраа унагаж чадаж байсан нөхдөд энэ бол юу ч биш.

Гэхдээ АН УИХ-д 35 суудалтай тул зургаан сайдыг зөвхөн намаасаа томилох боломжгүй. Хоёр суудлынхаа нэгийг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд, нэг суудлыг ИЗНН-д хуваалцахаас аргагүй. Энэ тохиолдолд дөрвөн сайдын суудал АН-д оногдоно. Хэвлэлүүдээр янз бүрийн л таамаг хөвөрч байгаа, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг, Хөдөлмөрийн сайдаар Д.Арвин гишүүнийг, Шадар сайдаар экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарыг Зам тээврийн сайдаар томилох тохироо хийгдсэн гэж…

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар дуудаж, мэдүүлэг өгөхийг шаардах болсон нь намын нөхдийнх зүгээс давхар хамгаалалт авахын тулд Шадар сайдад томилохоор ярьсан гэх “бор шувуу” нисэх ч ийм томилгоо хийсэн нөхцөлд АН-ын нэр хүнд бүр навсайж мэдэх аж. Харин үүний оронд шалгуулаад гэм буруугүйгээ нотолчихвол Н.Алтанхуяг гишүүн баатар л болж үлдэнэ.

Дээр нь Д.Арвин, Г.Баярсайхан нар АН-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг байсан “Шонхор” фракцид харьяалагддаг. Дөрвөн сайдын суудлынхаа хоёрыг нь зөвхөн энэ фракцид өгөхийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй. Өгвөл том зодоон гарах аж. Тиймээс энэ өдрүүдэд АН-д оногдох дөрвөн сайдын суудал Засгийн газарт сэлгээ хийлгэх үү, эсвэл бүр дахиад шинээр байгуулахаас аргагүйд хүргэх үү гэдгийг шийдэж ч мэдэх нь.

Ерөнхий сайдыг ИБУИНВУ-д айлчлаад ирэхэд нь МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл нь гаргачихлаа, харин наадмын дараа ямар “сюрприз” барьж халаах болдоо.

АН засаг барьж чаддаггүй, МАН жагсаж чаддаггүй гэж хэний хэлсэн үг юм болдоо.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж