12:25 цаг. Цэргийн офицерууд тусгайлан зассан талбайн хоёр талд гаран эгнэн зогссон байх аж. Талбайн доод талд Хүндэт харуулын цэргүүд хөгжмөө бэлтгэн зогсох. Хөгжимт салааны нөгөө талд нь хүндэт харуулын цэргүүд Их цагаан туг барин жагссан харагдав. Тусгайлан зассан талбайн нөгөө талд нь төрийн өндөр албан тушаалтнууд машинтайгаа зогсох. Энэ үйл явдлыг тохиолдуулан нэгэн студи баримтат кино хийж байгаа бөгөөд хэрэгцээтэй төхөөрөмжүүдээ байрлуулжээ.
Талбайн хойморт Их хар сүлдийг байрлуулах хөх саарал өнгийн боржин чулуун суурь байрлуулжээ. Ард нь хүндэт харуулын долоон цэрэг зогссон байх аж. Талбайн голд зандан ширээ зассан байх агаад идээ, шүүс тэргүүтнийг дээр нь тавьжээ. Ширээний ард энэхүү ёслолын гол хүмүүс болох Их хар сүлдний тугчид зогссон аж.
12:30 цаг. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Лу.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар гарч ирсэн нь Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол эхэлсэнийг илтгэнэ. “Цэргийн Их хар сүлдний өмнө бүгд номхон” гэх дуу Цонжинболдогийн талаар нэг цуурайтлаа. Хүндэт харуулын салаан захирагч энэхүү ёслолд тусгайлан зохиосон хэллэгүүдийг хэлсний дараа Их хар сүлд байрлах газраа ирж яваа харагдав. Их хар сүлдийг залж яваа цуваа нь долоон хүнээс бүрдсэн байх юм. Таван цэрэг Их хар сүлдийг нэг нэгээрээ барьсан байх бөгөөд бэлгэдлийн үүднээс цувааны эхэнд хоёр цэрэг явдаг ажээ. Хүндэт харуулын хөгжимчид Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын зохиосон аязыг эгшиглүүлэн Их хар сүлд залсан цувааг угтсан юм. Талбай руу Их хар сүлд ойртох тусам сонирхох хүмүүсийн тоо ч чамгүй нэмэгдэж байлаа. Талбайн голд зассан боржин чулуун суурин дээр Их хар сүлдийг байрлуулсны дараа бэлгэдэл ёс журмын дагуу таван тугч идээ, шүүс, сархад, зул тэргүүтнийг өргөх агаад эдгээр нь бүгд өөр өөрийн өргөлийн үгтэй. Талбайд удалгүй өнгөрсөн жилийн баяр наадмын сурын тэмцээнд түрүүлсэн Л.Отгонболд гарч ирэв. Их хар сүлдний ёслолыг тэнгэрт мэдүүлэх үүднээс гурван сумыг тэр тавьсан юм. Ерөнхийлөгч, салбарын сайд нар ч тусгай журмын дагуу Их хар сүлдэнд мөргөх, өргөл өргөх ёслолыг үйлдэх аж.
12:40 цаг. Удаан үргэлжилсэн ёслолын арга хэмжээнээс залхсан хүүхдүүд “Ааваа жинхэнэ ёслол нь хэзээ эхлэх юм бэ” гэж ам, амандаа шаагилдаж байлаа. Уг нь ёслолын үйл ажиллагаа эхлэхээс өмнө энд нэг ч хүүхэд байгаагүй билээ. Талбайн хоёр талын офицерууд ч халуун нар, хатуу журамтай ёслолд алжаасан уу яасан эвшээж байгаа харагдав. Энэ хооронд Төрийн тэргүүн талбайн голд зассан ууцанд гар хүрч, Хар сүлдэнд өргөл өгч байв. Хэсэг завсарласан хатуу журамтай ёслол дахин үргэлжилж ЗХЖШ-ын дарга Монгол цэргийн тангарагыг уншив. Удалгүй төрийн тэргүүн, салбарын сайд нь Их хар сүлднээс адис авцгаасан юм. Тэнд цугларсан чамгүй олон хүмүүст адис авах боломж олгохын тулд Их хар сүлднээс цагаан хадаг уян талбайн тэг дундуур татжээ. Энэ нь тэнд цугларсан хүмүүст адис хүртээх гэсэн хэрэг байлаа. Тэнд цугласан хурандаа, хошууч, ахлагч, жирийн иргэд бүр дүрсгүй жаалууд хүртэл адис авахыг хүсч байгаа бололтой цагаан хадаг руу дайрч байв. Энэ мөчөөс л эхлэн нарийн хатуу байсан журам алга болж олны хөлд талбай дарагдсан юм. Талбайн голд зассан идээнээс ч гэсэн хүмүүс авахын тулд бөөн бөөнөөрөө дайрч байв. Тавгийн идээнээс залуу нэг нь том, том ул боов аван гүйлдэх агаад хөгшид нь нэгийг ч авч чадалгүй гар хүрээд толгойдоо хүргэж байгаа харагдав. Олон хүн дайрсан учир ихэнх нь газар унасан байв. Газар унасан идээ рүү нь хүмүүс дайрах аж.
Их Хар сүлдийг ингэж тахьсанаар түүний их шүншиг шингэж, хийморь сэргэнэ гэсэн итгэл тэнд цугларсан хүн бүхэнд байсан. Ямар сайндаа бүх хүмүүс тавгийн идээ, цагаан хадаг хоёр руу дайрч байхав дээ. Хоёр жилийн дараа дахин Их Хар сүлдийг цэнгүүлнэ. Тэр үед ч бас их итгэлдээ хөтлөгдсөн хүмүүс ирэх болно.
Тэр болтол түр баяртай Их хар сүлд минь.