Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

ОУВС-г хаавал таарна

Брайан Димитрович, “Форбес”-ийн тоймч  

 
“Америкчууд та нар их сонин хү­мүүс юм. Банкийг сан гэж, сангийг нь банк гэж нэрлэхээр яагаад зүтгээд байна вэ?” Алс тэртээ 1944 онд Нью-Хэмпширт болсон Бреттон-Вудын бага ху­рал дээр Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банк (ДБ) бай­гуулах үндсэн зарчмыг гаргасны дараа Жон Мэйнард Кейнс мэргэжил нэгт­нүүддээ хандаж ингэж хэлж байсан юм.

Бага хуралд америкчуудын санал давамгайлж, ОУВС-г байгуулсан юм. ОУВС үндэсний валютаа америк доллартой солилцох ханшийг барихад хүнд байгаа орнуудад зээл олгох ганцхан зорилготой. Тиймээс бараг л банк гэсэн үг. Гэхдээ л сан гэсэн нэртэй. Сан гэж юу байдгийг хэн хүнгүй мэднэ. Сангийн хөрөнгийг ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд буцаана гэсэн ойлголт хэний ч толгойд буухгүй. Харин ОУВС өөр зарчмаар байгуулагдсан, зээлдэгч мөнгөө тодорхой нөхцлөөр буцаан  барагдуулдаг.

Дэлхийн банкийг бас л Бреттон-Вудын бага хурал дээр ОУВС-гийн туслах маягаар байгуулсан. Зорилго нь ОУВС-гийн нөхцлийг биелүүлж чадах­гүй улс орнуудад туслах. Зээл аваад мөнгөнийхөө ханшийг барихад биш “эдийн засгийн хөгжилдөө” зориулна. Зээлээ буцаан төлөхөөс унжиж бас болно. Ерөнхийдөө ОУВС зээлээ төлөхийг шаардаж суудаг банк биш. Харин Барууны орнуудын бий болгосон бусад орнуудад туслах ивээгч сан мөн.

Энэ өмнөх түүх яагаад сонирхол татаад байгаа нь ойлгомжтой болж бай­гаа биз.  Эндээс ОУВС-гийн өмнөх ерөн­хийлөгч Стросс-Каны таа­ламжгүй явдал эхэлсэн. Албан тушаалт­ны эрүүгийн хэргийг сонирхоод байхдаа ОУВС бидэнд хэрэгтэй юу? гэсэн асуудлыг яагаад тавьж болохгүй гэж?

ОУВС-г байгуулсан нь ганцхан чухал зорилготой байсан юм. Тэр нь валютын ханшийг америк долларын солилцоонд барьж байх. Харин одоо ОУВС энэ зорилгоо биелүүлсэн гэдгийг хэн ч санахыг хүсэхгүй байна. Энгийн жишээ, евро мөнгө 12 жилийнхээ карьерт энэ валютын нэгж нь 0,83-1,60 ам.долларын ханштай байна. ОУВС-гийн дүрмэнд эхнээсээ валютын ханш нэг хувиар ихсэхэд л  тус сан зохицуулалт хийж байна гэж заасан. Гэтэл Еврогийн ханш 100 хувиар нэмэгдсэн байдаг.

Өнөөдөр ОУВС-нд учир утга байна уу? Тус санд 365 тэрбум ам.доллар бий. Ихэнх нь америкчуудын хандив. Энэ их мөнгөөр юу хийх ёстой вэ? Ажилтнууддаа зарцуулж болох л доо гэж та хэлж магадгүй. Үүнийг ч тэд бас аль хэдийнэ амжуулсан. “Алтан шүхэр” гэгдэх Стросс-Каны тэтгэврийг хар. Дээр нь нэмэхэд ОУВС-гийн түүний төв байрны зоогийн газар нь дэлхийн дээд хэмжээний хоол, ундтай хамгийн хямд ресторан.  Гэхдээ энэ бүх зарлага 365 тэрбумтэй (энэ мөнгөний гуравны нэг нь алт) харьцуулахад юу ч биш. Саяхан болтол ОУВС шуурхай зээл хэнд ч хэрэггүй байна гээд л үглэж байсан. Валютын ханш нэг их онцгой хэлбэлзээд байсангүй. ОУВС бараг хийх юмгүй байлаа. Магадгүй ажилтнуудаа халсан эхлэх байсан биз.

Гэтэл гэнэтхэн хямрал гарч бүгдэд мөнгө хэрэгтэй болж, ОУВС ч шинэ ажилтай болсон. Тэр цагаас эхлэн сан өөрийгөө бүх дэлхийн төв банк ухааны юм яриад байгаа. Тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцох хувь нийлүүлэгчид байхгүй. Бэлэглэгчид нь л шаардлага тавихгүй бол 365 тэрбумтай хүн чинь өөрийн зорилго морилгоо тодорхойлох асуудалтай учралгүй яахав.

Ердийнхөөр бол ОУВС мөнгөө өөрөөсөө аваад л хаах ёстой байсан. Тэгээд л 3000 ажилтнаа саятнууд болгочихоод их наяд доллараа эргүүлж төлүүлээд л байж болох жишээтэй. Тийм зүйл гарахгүй нь лавтай. Баримт баримтаараа л байдаг хойно ОУВС-г валютын солилцооны ханшийг зохи­цуу­лах цорын ганц үүрэгтэйгээр бай­гуулсан нь үнэн. Гэтэл 1973 оноос хойш ийм үүрэг үгүй болсон. Өөрөөр хэлбэл, оршин тогтнох утга учир нь алдагдсан.

Гэхдээ ОУВС өөрийгөө хамгаалсаар байгаа. Түүнийг байгуулсан гол зорилго нь валютын солилцооны тогтсон ханшийг барихдаа ч биш “валютын хамтын ажиллагаа” гэх мэтийн онцгой бодлого явуулахад чиглэгдсэн гэж ярьж байгаа. ОУВС-гийн албан ёсны түүх нь “Бреттон-Вудын бага хурлын дараах олон улсын валютын хамтын ажиллагаа” гэж нэрлэгдэж буй.

Валютын солилцооны ханшны зэр­лэг хэлбэлзэл нь сүүлийн дө­чин жилд хамтын ажиллагааг өрнүү­лээд байгаа юм шиг. Бреттон-Вудын цуглааны дараа  Кейнс дээр дурдсанаар шоглохдоо зөвхөн нэрийг нь далимдуулаагүй байх. Тэр үнэн хэрэгтээ юу болж байсныг харжээ. Колончлолоос салсан улс орнуудад сан хэрэгтэй гэдгийг АНУ хөндөхгүй байхыг хичээж байсан юм. Тэр нутаг дэвсгэрт байдал тогтвортой байсан нь банк л шаардагдаж байсан. Харин ОУВС америкчуудын “нэг гар” гэдгийг харуулахгүйгээр нэг тийм дулаан, аяхан зүйлийг санагдуулах ёс­той байв. Тиймээс энэ санг байгуулсан

Ийм маягаар л америкчууд энэ байгууллагаар хүссэндээ хүрэх болом­жийг өгсөн билээ. Түүнд залгиулахгүйн тулд бид болгоомжтой байхад илүүдэх­гүй биз.

ОУВС-ИЙН МАДАМ

Саяхан Парис хотноо Францын Сангийн сайд Кристин Лагард мэдэгдэл хийж, өөрийн нэрийг ОУВС-гийн тэргүүнд дэвшүүлж байгааг зарласан билээ.  Доминик Стросс-Кан сексийн дуулианаас болон огцронгуут л энэ эмэгтэйг дэмжиж байгаагаа Европын холбооны нөлөө бүхий орнууд мэдэгдсэн юм. Ийм маягаар ОУВС-нд байгаа Европын орнуудын 35 хувийн саналыг аваад байна. “Лагардын хувьд асуудал бараг шийдэгдсэн харагдаж байна” гэж ОУВС-гийн дэд тэргүүн асан Десмонд Лакман тайлбарлав. Түүний европ хүн томилуулмааргүй байна хэмээн зарлаж байсан BRICC-ийн орнууд л түүний эсрэг байгаа юм. Хөгжиж буй орнуудын шаардлагын талаар Лагард үндэс угсаа нь сонгууль дээр “ололт ч биш дутагдал ч биш” гэжээ. Сонгуулийн хувь заяаг 17 хувийн санал атгаж байгаа АНУ шийднэ.

“Санхүүгийн зөвлөгөөний рок од”

Францын улстөрчдөөс Лагард америкчуудын сайн харьцдаг хүмүүсийн нэг. Хямралын үеэр энэ эмэгтэй сайн мэргэжилтэн, туршлагатай дипломат гэдгээ АНУ-ын Сангийн сайд Тимот Гейтнертай ажиллан харуулсан юм. Улстөрд орж ирэхээсээ өмнө Лагад АНУ-ын томоохонд орох Хууль зүйн Baker & McKenzie гэх компанийг зургаан жил толгойлж байлаа. Ажлынхаа стилиэр тэр франц гэхээсээ илүү америк талдаа.  Шулуухан прагматик тэрээр хуулийн болон санхүүгийн ертөнцөд нэр хүндтэй. Түүнийг “хурц тод, хүчтэй хүн. Дэлхийн санхүүгийн хурал зөвөлгөөн дээр түүнд рок одод хандаж байгаа юм шиг л байдаг” гэж ОУВС-гийн ерөнхий эдийн засагч байсан Кеннет Рогофф ярьж байна.

Санхүүгийн байгууллагын ирээдүйн од 1956 онд англи хэлний профессор болон багш эмэгтэйн гэр бүлд төржээ. Сургуульдаа тэрээр синхрон сэлэлтээр хичээллэдэг байв. 15 настайдаа Францын аварга болон хоёр жил Францын шигшээ багт өаыэн. Тэрээр 17 настайдаа АНУ-д суралцах тэтгэлэг хожин нэр хүнд бүхий коллежуудад суралцсан байв. Тэр үед АНУ-ыг эзэмдээд байсан хиппи хөдөлгөөнийг тэр тоож оролцсонгүй. “Би хэтэрхий консерватив, сахилга баттай байсан учраас хөдөлгөөнд татагдаагүй юм. Би  Rolling Stones гэхээсээ илүү Beatles-ийг сонсох дуртай” гэж хожим Лагард дурссан байдаг. 

Лагард Францын нэгэн элит сургуулийг төгссөн нь улс төр ба бизнест карьер хийх гол үндсийг нь өгсөн байна. АНУ-д суралцсан сэтгэгдэлдээ автан тэрээр Institut d’studes politiques сургуульд Америк судлалаар суралцаж дараа нь Парист хуульчийн диплом хамгаалсан байлаа. Тэрээр 1981 онд Америкийн Baker & MсKenzie гэх өмгөөллийн конторын Парисийн салбарт ажиллахаар иржээ. Францын компаниудад ажиллаад эрэгтэйчүүдийн адил урагш ахих боломж байгаагүйгээс тэрээр Америкийн компанийг сонгосон. Baker & MсKenzie конторт эмэгтэйчүүд, залуу эхчүүдэд ажиллах нөхцөл маш сайн гэж тэрээр ярьдаг. Лагард 1987, 1989 онд хүүхэд төрүүлж байсан ч гайхамшигтай карьераа хийхэд нь саад болсонгүй. Тэрээр 1987 онд Baker & MсKenzie компанийн түнш болон “нэг гартаа угжтай, нөгөө гартаа хуулийн баримттайгаар” ажиллаж байв. 1991 оноос тэрээр Парисийн салбарыг нь толгойлох болжээ. M&A-гийн арилжаагаар  Baker & MсKenzie хэд хэдэн том гэрээ байгуулж чадсан юм. Лагардыг 1995 онд Чикаго дахь Baker & MсKenzie-ийн Гүйцэтгэх хороонд сонгосон бөгөөд 1999 оноос тэрээр “Madame chairman” болон хувирав.

“Хэрэв бензин үнэтэй гэж байгаа бол дугуй унацгаа”

Францын ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарен 2005 онд Лагардыг улс төрд орохыг ятгаж чадав. Тэрээр шинэ Засгийн газарт Гадаад худалдааны нарийн бичгийн дарга болсон байна. 2007 оноос тэрээр Эдийн засаг болон сангийн сайдаар ажиллаж байна. “Бидний харилцааг зураглахад мадам Лагардад “хүндэтгэл” гэх үг үл тохирно. Тэрээр ажилд таарахгүй зөвхөн өнгөн талын гялбаа” гэж Доминик Стросс-Кан хэлсэн байдаг. Олон хүнийг Лагард америк шулуухан  зангаараа гайхшруулж байлаа. Сангийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа “Хэрэв бензин үнэтэй гэж байгаа бол дугуй унацгаа” гэж олонд мэдэгдэж байв. Мария-Антуанеттийн хэлсэн “Ард түмэнд талх байхгүй байна уу, тэгвэл бялуу идэцгээг”  гэсэн үгтэй нь Лагардыг зүйрлээд түүнийг Мадам-Хамаагүй гэж нэрлэж байсан юм. Хамаагүй гэсэн La gaffe гэгдэх үг нь Lagarde гэсэн овогтой нь ойр учраас л тэр.

Тэрээр хямралын үеэр гайхалтай чадвараа бүрэн харуулсан. Хэлэлцээрийн мастер тэрээр Европын холбооны болон G-20-ийн санхүүгийн тэргүүнүүдтэй сайн харилцаа тогтоож чадсан. Тэрээр 2009 онд хямралд нэрвэгдсэн Европын орнуудад зориулсан 750 тэрбум еврогийн санг байгуулахад чухал үүрэгтэй байлаа. Тэр жилд “Financial Times” сонин түүнийг “Оны шилдэг Сангийн сайдаар” тодруулсан юм.

Лагард өөрийгөө англо-саксоны либерализмыг баригч гэдэг. Гэхдээ Францын Засгийн газарт ажилласан хугацаандаа ерөнхийлөгч Николя Саркозийн протекционист чиглэлийг дэмжин олон удаа буулт хийж байв. Францын Хөдөө аж ахуйн сайд байхдаа Франц үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлогыг барьж байлаа. Жилийн өмнө тэрээр хөрш Германд хандан Европын сонирхлын үүднээс экспортоо хязгаарлаж, цалин хөлсөө нэмэх хэрэгтэй гэж байв. Хямралын үеэр тэрээр санхүүгийн салбарт төрийн хатуу зохицуулалт хийлгэхийн төлөө байв. Түүнийг  “социалист амь  голтой либерал” гэж нэрлэдэг.

Лагард “америкжсан” франц эмэгтэй. Англи хэлээ хоёр дахь төрөлх хэл гэж нэрлэдэг бөгөөд ажилтнуудаа чи гэж дуудан яамныхнаа шоок-онд оруулж байв. Лагард хоёр удаа нөхөрт гарч хоёр удаа салжээ. Одоо Марселийн нэгэн бизнесмен найзтайгаа сэтгүүл сониноор гарах болсон байгаа. Чөлөө цагаараа йог, усанд сэлэлтээр хичээллэн шог зураг зуглуулж, жимсний чанамал хийх дуртай. Лагад ОУВС-гийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж магадгүй. Стросс-Каны дуулианы дараа түүний хүйс энд нэмэлт түлхээс болж байна. “Бидэнд либидо ба тестостерон бага” гэж Лагад нэгэн ярилцлагадаа хэлж байхдаа түүний карьерт эрэгтэй хүний тестостерон хэрхэн нөлөөлөхийг таагаагүй явсан байх.

Лагардын асуудлууд

Гэхдээ Лагардаас ОУВС-г толгойлоход нь саад болох “шүүгээн дэх араг яс” олж болно. Одоо Францын прокурорын газар Adidas-ийн эзэн асан  Бернар Тапийн хэрэгт Лагард оролцоотой эсэхийг мөрдөн шалгаж байна. Тэрээр компаниа 1993 онд  “Credit Lyonnais” бнкны зуучлалтайгаар зарсан юм. Хожим бизнесмен уг банк залилан хийсэн гээд заргалджээ. Тапигийн хэлж байгаагаар Credit Lyonnais компанийг хэтэрхий доогуур үнээр худалдан аваад дараа нь үнэ хүргэн зарсан ажээ. Олон жил үргэлжилсэн энэ шүүхийн ажиллагаанд Лагард 2007 онд оролцон бие даасан арбитрийн коллегийг томилох санал дэвшүүлжээ. Тэр нь Тапийн талд шийдвэр гарган хөрөнгийн ихэнхийг улс  эзэмшдэг банкнаас Тапид 285 сая евро төлөх шийдвэр гаргасан юм. Одоо Лагардыг улсын мөнгө хөрөнгө үрсэн хэрэгт тус дэм болсон гэж яллаж магадгүй. Зургадугаар сарын дундуур прокурор жинхэнэ мөрдөн байцаалтыг эхлүүлэх эсэхээ шийдэх юм. Хэрэв дахин мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзвэл Европын орнууд ОУВС-гийн суудлын төлөөх тэмцэлдээ ялагдана. Үлдэж буй хоёр долоо хоногийн дотор тэд шинэ нэр дэвшигч олоход бэрх юм.

ОУВС-гийн тэргүүнд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 10 хүртэл бүртгэж, сонгууль зургадугаар сарын 30-нд болно.  

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж