Монголын хөлбөмбөгийн холбоо МССХ-той хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн холбоо МССХ-той хамтарч ажиллана

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоохамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Гэрээнд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар гарын үсэг зурлаа.

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлсэд үргэлж хамтран ажиллаж, хослон зүтгэж ирсэн  хоёр холбоо ийн албан ёсны санамж бичиг байгуулснаар хүүхэд, залуучуудад хөлбөмбөгийн спортыг сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгоход  нөлөөлөх том зорилгоо улам далайцтай, хүртээмжтэй болж өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн бодлого, хөтөлбөр, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилт, гадаад харилцаа, тэмцээн, уралдааныг олон нийтэд мэдээлэн, таниулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд хамтран оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээхийг зорьж ажиллах, спортын сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх, хөлбөмбөгийн спортоор дагнан бичих сонирхолтой, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, тэднийг сургалт, дадлагад хамруулж, дотоод гадаадын тэмцээн, уралдаан сурвалжлахад дэмжлэг үзүүлэн ажиллахад хоёр холбоо хамтран ажиллах ажээ.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 25 жилийн ойн баярын өдөр өчигдөр тохиосон байгаа. Нийгэмд спортын талаарх мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээн дэлгэрүүлэх хүндтэй агаад хариуцлагатай үүргийг хүлээж, спортын хөгжилд үнэтэй увь нэмрээ оруулан хамтран ажилладаг спортын сэтгүүлчид та бүхэндээ Монголын Хөлбөмбөгийн Холбооноос баярын мэнд хүргэж байна.

Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэндээ үг нь мэргэн үзэг нь хурц байж шударга ёс, үнэний эрлийн төлөөх бүтээл тууривал, уран бүтээлдээ их амжилт олж, эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

Монголын хөлбөмбөгийн холбоо

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж