Сагсчид Азийн аваргын эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Сагсчид Азийн аваргын эрхийн төлөө

Лигийн аваргуудаа тодруулаад төд удаагүй байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооны шигшээ багийнхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тун удахгүй урд хөршийг зорих гэж байна. БНХАУ-ын Нанжинь хотноо энэ сарын 10-15-нд болох тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан шинэчилсэн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд М.Бадрах, Г.Ихбаяр нар бэртэл гэмтэл болоод хувийн шалтгаанаар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй ажээ. Багийн ахлагчаар Ш.Сэдбазар оролцох юм байна. Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, дасгалжуулагч Ж.Майбаяр нар ахална.

Зүүн Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд нийт зургаан улс хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Монголын багийн тухайд В хэсэгт Япон болон Тайванийн багтай учраа таарсан бол А хэсэгт Хятад, Өмнөд Солонгос болон Хонконгийн баг багтжээ. Тэмцээний эхний дөрөвт шалгарвал ирэх есдүгээр сард Хятадын Үхан хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж