Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд орон нутгийн Уго Чавес болох зүүний популист, бэлтгэл дэд хурандаа Ольянта Умала ялж байна. Хүний эрхийг зөрчсөн хэргээр шоронд сууж байгаа ерөнхийлөгч асан Альберто Фухиморийн охин мөн л популист бөгөөд гэхдээ барууны стильтэй. Кейко ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн түүнд хэдхэн хувиар ялагдлаа.
Ням гаригт Перу улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болж урьдчилсан дүнгээ гаргахад “Перу ялж байна” эвсэлд багтдаг Үндэсний намын лидер Ольянта Умала ялж байна. Саналын хуудсын 81 хувийг тоолсны дараа тэрээр 50,7, Кейко Фухимори 49,3 хувийн санал авсан байлаа. Кейко сонгуулийн албан ёсны дүн гарангуут ялагдлаа хүлээхэд бэлэн байна гэжээ. Тэрээр саналыг дахин тоолуулахыг шаардаагүй байна.

Умалаг ялсан гэсэн  exit polls-ийн дүн гарсны дараа түүний талынхан гудамжинд гарж баярлаж эхлэв. “Бид сонгуульд яллаа. Бид иргэний нийгэмд нээлттэй ардчилсан Засгийн газарт байгуулна” гэж Умала хэлжээ.

Умалад гадаад орнуудын лидерүүд баяр хүргэсэн цахилгаан илгээж эхлээд байгаа. Хамгийн түрүүнд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес баяр хүргээд түүний ялалтыг “Нэр төр, тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн ард түмний ялалт” гэж нэрлэжээ.

Умалагийн засаг тийм ч амаргүй байх магадгүй. Сонгуулийн кампани нь улс орныг туйлдуулж, ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны дараа нэр дэвшигчид нь гадна үлдсэн перучуудын дэвшилтэт либерал хэсгийг ажил хэргээс холдуулсан.

2006 онд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялж, дараагийн шатанд өнөөгийн ерөнхийлөгч Алан Гарсиад ялагдаж байсан одоо 49 настай бэлтгэл хурандаа нь сүүлийн үед Латин Америкт хүч авч байгаа зүүний популист лагерийн төлөөлөгч юм. Энэ урсгалын гол шүтээнээр 12 жилийн турш боливарианы хувьсгал хийж байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тодроод байгаа билээ.
Умала үргэлж Венесуэлийн лидерийг нээлттэйгээр шагшин магтдаг, түүнтэй нөхөрсөг харилцаатай. Тэднийг цэргийн түүх нь холбодог: Бас хоёулаа авторитари барууны дэглэмийн эсрэг Чавес 1992 онд, Умала 2000 онд бослого гаргаж байлаа.

Сонгуулийн хоёрдугаар шатанд ялахын тулд тэр өөрийгөө төвийн үзэл санаа баримтлагч гэдэг. “Умала 2006 онд аймшигтай байсан. Гэхдээ перучуудын гуравны хоёр нь хэт даварсан өөрчлөлтийг хүсэхгүй байгаа. Умала үүнийг бодолцохоос өөр аргагүй. Тэрээр прагматик талдаа учраас засагт гарлаа гэхэд бүхнийг хийх тийм эрхтэй болохгүй байх” гэж Харвардын их сургуулийн профессор Стивен Левицкийн хэлснийг  The Los Angeles Times  иш татсан байна.
Түүний сонгуулийн амлалт нь стандартын зүүний хөтөлбөр байв. Ажлын цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, эмзэг бүлгийнхэнд зээл олгохыг хөнгөвчлөх, уул, уурхайн компаниудын татварыг нэмэгдүүлэх, улс орны дотоодын зах зээлийг хангах байгалийн хийн экспортын гаалийн хориг тавсан татварыг бий болгох зэргийг тэрээр амласан юм. Индиан цустай түүнийг Андын уулархаг районуудын уламжлалаар зүүний талыг баригч индиан хүн ам дэмжсэн байна. Тэднийг өмнөх барууны Засгийн газрууд нь бага анхаарч иржээ. Дэд хурандаагийн төлөө өөрийн нэр дэвшигчгүй болсон хотын сэхээтнүүдийн либерал хэсэг саналаа өгсөн байна. Умала Библийн судар дээр гараа тавьж байгаад Чавесаас өөр байж ардчилал, эрх чөлөөг хүндэтгэн “ерөнхийлөгчийнхөө хувьд Үндсэн хуулийн хүрээнд  ажиллан хууль ёсыг дээдлэнэ” гэж тангарагласан юм.
Умала, Фухимори хоёрын хооронд сонголт хийхийг “хорт хавдар ба ДОХ хоёроос шилэлт хийхтэй адил гэж уран зохиолын Нобелийн шагналтан Марио Варгас Льоса эхний шатны өмнө хэлж байснаа одоо “ардчиллыг аврахын тулд” Умалагийн төлөө саналаа өгөхийг уриалсан байлаа. Түүний хэлснээр Кейко Фухимори нь эцгийнхээ авторитар-олигарх дэглэмийг сэргээх аюултай гэнэ. “Хамгийн чухал нь бид аймшигтайгаар авлигад идэгдсэн цуст дэглэмийг засагт оруулахгүй байх ёстой. Бид бие биедээ баяр хүргэх хэрэгтэй” хэмээн тэр CPN радио станцад уг сонгуулийн дүнг дүгнэн ярьжээ.

Одоо сенатор байгаа 37 настай Фухимори засаглалд гарахаараа эцэгтээ өшөөл үзүүлэхгүй, санхүү, аж үйлдвэрийн том бүлэглэлүүдийг дэмжинэ гэж амлаж байсан ч санал нэмэгдүүлж чадсангүй. Сонгуулийн компанидаа тэрээр перучууд элбэг дэлбэг амьдралтай байсан Альберто Фухиморийн  засаглалын 10 жилийг тогтмол дурьдаж байлаа. Перучуудын гуравны хоёр нь тэр үеийг санагалзаж байдаг ч Кейкод саналаа өгсөнгүй. Фухиморийг 2007 онд Чилид баривчлан 25 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэр авлига болон сөрөг хүчний 25 хүнийг хөнөөсөн, төсвийн мөнгөөр бизнесменүүд, сэтгүүлчид, улстөрчдийг худалдан авсан хэрэгт буруутгагджээ. Экс-ерөнхийлөгчийн охин өөрийн хөтөлбөртөө бизнест таатай татварын орчинг бүрдүүлэх, тэтгэврийн даатгалыг өргөжүүлэн үнэ төлбөргүй боловсрол олгоно гэж байсан ч хотын консерватив сонгогчдын хүрээг дагуулж чадсангүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж