Нийтийн тээврийн шинэчлэл 50 хувьтай

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн шинэчлэл 50 хувьтай

Энэ сараас нийтийн тээврийн шинэчлэл албан ёсоор эхэлнэ. Ингэснээр иргэд автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх бус, цахим карт ашиглаж хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Нийтийн тээврийн цахим системийг хариуцаж буй “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс энэ сарын 22-нд ажил дуусна хэмээн мэдээлж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 1170 автобусанд цахим машиныг суулгахаар төлөвлөжээ. Суулгалтын ажил 50 хувьтай байгаа аж. Тус компанийн ажилчид цахим машин суулгалтаа шөнөөр хийх аж. Нэг удаад 20-50 автобусанд цахим машин суулгадаг гэв. Гэхдээ энэ ажилд хэд хэдэн хүндрэл үүсчээ. Өдгөө нийтийн тээвэрт явдаг автобуснууд насжилт өндөртэй. Тиймээс цахим машин суулгахад зарим зохион байгуулалтыг өөрчлөх шаардлага тулгарчээ. Үүнээс гадна цахилгааны асуудал ч тулгарсан байна. Тиймээс автобусны дотор зохион байгуулалтыг бага зэрэг өөрчлөх, баганыг авах зэргээр зохицуулж байгаа гэв.

Цахим машиныг суурилуулж дууссанаар энэ сарын 22-ноос иргэд автобусаар ухаалаг карт ашиглан зорчино. Иргэд "U money" гэх картыг 3600 төгрөгөөр худалдаж авна. Картыг нэг удаад 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Автобусны буудлын ойролцоох 450 цэгээр ухаалаг карт худалдан авах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэх юм. Одоогоор ухаалаг карт борлуулах 40 газартай гэрээ байгуулжээ. Ихэнхдээ автобусны буудал дээрх ТҮЦ-ээр худалдаалах аж.

Цахим карт нь таван төрөлтэй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэдэд зориулсан төрөл бий. Иргэд картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж автобусаар зорчих юм.

Ямартай ч нийтийн тээвэрт цахим машин суулгах, ухаалаг карт борлуулах цэгүүдтэй болох зэргээр бэлтгэл хийж байгаа гэх мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компаниас өгсөн. Иргэд ухаалаг картаа хаанаас, хэдэн төгрөгөөр авах, хэрхэн ашиглах зэрэг нарийн мэдээллийг энэ сарын 22-нд болох нээлтийн үйл ажиллагааны үеэр өгөх юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж