Монгол улсын Ерөнхийлөгч айлчлын тухай Оросын хэвлэл мэдээлэлд…

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Монгол улсын Ерөнхийлөгч айлчлын тухай Оросын хэвлэл мэдээлэлд…

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тав хоногийн хугацаатайгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ.  Хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээр хийсэн нь айлчлалын гол үйл явдал байв. Монгол-Орос улсуудын Анагаах ухааны  академи хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай, хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай болон “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай тус тус санамж бичгүүдийг үзэглэсэн байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг анхаас нь хоёр жил хүлээсэн айлчлал эхэллээ хэмээн Оросын хэвлэл мэдээллээр онцлон мэдээлж байлаа. Байгалийн баялагт нөөцөөрөө дэлхийн уул уурхайн “акулуудын” анхаарлын төвд буй улсын Төрийн тэргүүн айлчилж буй боломжийг ашиглан оросууд өөрсдийн ашиг сонирхолоо хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн найдлага нь хүлээлтийн гол учир байв. Гэсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй болохыг тус улсын хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээнүүдийн гарчигнаас илхэн. “Монгол газрын баялагтаа Оросуудыг гар хүргэхийг хүссэнгүй, Хоёр улсын олон чухал асуудлууд шийдэгдэж чадсангүй” гэсэн утгыг агуулсан байлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар Оросын хэвлэлд хэрхэн бичсэн болохыг нэр хүнд бүхий хоёр сониноос түүвэрлэн хүргэе.

Монгол улс газрын баялагтаа Оросыг нэвтрүүлэхийг хүсэхгүй байна

Александр Габуев  “Коммерсантъ”

ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведев,  Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёрын хооронд явагдсан хэлэлцээр нь Улаанбаатар Москвагийн саналыг анхааран сонсдог ч асуудлыг ямагт өөрийнхөөрөө шийдэж орхидгийг дахин харууллаа. Хоёр улсын Ерөнхийлөгчийн  хэлэлцээр Монголын газрын баялгийн төлөөх тэмцэлд Москвагийн ялалтыг авчирсангүй.
Москва Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1,5 тэрбум  ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байгааг Улаанбаатар үл харгалзан дэлхийд томоохонд тооцогддог Тавантолгойн ордын ашиглалтад Оросын компаниудыг оролцуулна гэсэн баталгаа өгөөгүй байна. Монголын удирдагчид энэхүү том төслийн хувийг янз бүрийн орны хэд хэдэн компанид өгч, орд газраас Орос руу ч, Хятад руу ч төмөр зам тавихаар болж байна. Монголын шинжээчид ОХУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх нь БНХАУ-аар тээвэрлэснээс зарлага ихтэй бөгөөд эрэлт хэрэгцээ багатай гэж үзэж байгаа аж.
Ц.Элбэгдоржийн Москва дахь айлчлалд ихээхэн найдлага тавин хүлээж байсан юм. ОХУ-ын Гадаад харилцааны яамны ажилтны ярьж буйгаар Монголын Ерөнхийлөгчийн айлчлал Тавантолгойн ордын ашиглалтад Оросын компаниудыг оролцуулах эсэх асуудлыг тодорхой болгох ёстой байв. Тавантолгойн ордын нөөц нь  6,5 тэрбум тонн ба үүний 40 хувь нь коксжих нүүрс юм. Орост нэлээд томд тооцогдох Эльгиний ордын нөөц ердөө л хоёр тэрбум тонн. Гэвч Кремльд Төрийн тэргүүн Дмитрий Медведев болоод Ерөнхий сайд Владимир Путин нартай хийсэн хэлэлцээрүүд Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцох Оросын хүсэлтийн хувь заяаг тодорхой болгосонгүй.
“Бид Тавантолгойн асуудлаар үргэлжлүүлэн ажиллах болно. Ойрын хугацаанд энэхүү орд газрыг хэн хэрхэн ашиглах талаар Монголын төр, засаг эцсийн шийдвэр гаргана гэж би найдаж байна” хэмээн ноён Медведев Монголын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн дараа мэдэгдсэн юм. Тэрбээр “Бид өөрийн саналыг дэвшүүлсэн. Бид энэхүү саналаа эдийн засгийн хувьд маш тэнцвэртэй бөгөөд Монголын хөгжилд ач холбогдолтой, мэдээж манай хоёр орны аль алинд нь харилцан ашигтай санал болсон гэж үзэж байгаа” гэв. Оросын төмөр зам ХНН-ийн тэргүүн Владимир Якунин хэлэлцээрийн дараа ордыг ашиглах компаниудын хувь заяа 6-7 дугаар сард тодрох болно гэж Монголын тал мэдэгдсэнийг уламжлав. “Ъ”-ын эх сурвалж ноён Ц.Элбэгдоржоос Оросын төмөр зам орд газрын ашиглалтад оролцох ирээдүй хэр их байгаа талаар тодорхой хариу авч чадаагүй байна. Монголын Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлал ч дээрх асуудлыг шийдэхэд тус болоогүй юм. Тухайн үед Тавантолгойн орд газрын ашиглалтад оролцох Москвагийн ашиг сонирхлыг харгалзан үзэх амлалтын хариуд Монголоос ОХУ-д төлөх өрийг зохицуулахаар тохиролцсон. /2010-12-15 өдрийн “Ъ” дугаарт. “Дэд бүтцийн  хөгжил”  хамтарсан үйлдвэрийг байгуулж, ОТЗ 50 хувь, 25 хувь тус бүр нь Монголын аж ахуйн нэгжүүдийнх байхаар шийдвэрлэсэнийг нийтэлжээ./ Тухайн байгууллага нь ОХУ болон Хятадын хооронд хавчуулагдсан Монгол улсаас дэлхийн зах зээлд байгалийн нөөц баялгийг гаргах төмөр зам барих ажлыг эрхлэх ёстой юм. Орос улс урьдчилгаа болгон энэхүү хамтарсан үйлдвэрт 1,5 тэрбум ам.доллар оруулахаа амласан. Харин Монгол улс өөрийн хувийг Тавантолгой болон алт зэсийн Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлөөр оруулахаар болсон байсан юм. Владимир Якунины 2009 оны тавдугаар сард “Ъ”-д өгсөн ярилцлагад өгүүлснээр /2009-05-14 өдрийн “Ъ” дугаар/ ямар ч байсан Монголын Ерөнхий сайд байсан Санжийн Баяр Владимир Путинд ингэж амласан байна. Гэвч үүний дараа сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлжээ. 2009 оны аравдугаар сард Оюутолгой ордын тусгай зөвшөөрлийг Монголын Засгийн газар Австрали-Английн хамтарсан  “Rio Tinto”  болон Канадын “Ivanhoe Mines”-д өгсөн байна. Тэр бүү хэл энэхүү тусгай зөвшөөрлийг Улаанбаатар аль эрт өгсөн болох нь мэдэгдсэн юм. Хэдэн жилийн турш энэ тусгай зөвшөөрлийн нөхцөлийн талаар хэлэлцэж ирсэн байжээ. Дараа нь Монголын Засгийн газар гэнэт Тавантолгойг ашиглах эрхийг олон улсын сонгон шалгаруулалтаар /үүнийг Оросын төмөр зам түншлэх хүсэлт гаргахаас өмнө зарласан  байв/ олгох болсноо мэдэгдэв. Сонгон шалгаруулалтад орд газар бүхэлдээ орохгүй ажээ.
Өнгөрсөн жилийн долдугаар сард Монголын УИХ-аас Тавантолгойн ордыг баруун ба зүүн хэсэг болгон хуваасан хөтөлбөрийг баталсан байна. Зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших бөгөөд 50 хувийг нь улс эзэмшиж, нөгөө 50 хувийг нь худалдах аж. Энэхүү худалдах хувийн 10 хувийг Монголын ард иргэд, мөн адил хувийг дотоодын аж ахуйн нэгждээ дуудлага худалдаагаар худалдах бөгөөд үлдсэн 30 хувийг хөрөнгийн зах зээл дээр борлуулах юм байна. Улаанбаатар IPO гаргах зөвлөх ажилд Goldman Sachs, Deutsche Bank, BNP Paribas болон Macquarie Group гэсэн хөрөнгө оруулагч банкуудыг хэдийнэ сонгочихоод байгаа. Энэ багцаас банкууд 1,5-5 тэрбум ам.долларын ашиг олохоор тооцоолоод байна.   Оны эхээр “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээр Хонгконг эсвэл Лондонгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх аж.
Оросууд Тавантолгойн баруун хэсэгт л оролцох боломжтой ч зөвхөн 30 хувьд л орж болох юм. ОТЗ сонгон шалгаруулалтад оролцохдоо Korean Resources Corporation тэргүүтэй Өмнөд Солонгос, Японы Itochu, Sumitomo, Marubeni, Sojitz зэрэг компаниудтай хамтарсан СУЭК консорциумд нэгдэн оролцохоор хүсэлтээ гаргасан билээ. Ялалт байгуулсан тохиолдолд ОТЗ тэргүүлсэн консорциум уг төсөлд 1,5 тэрбум ам.доллар оруулахаар амласан. Энэ нь орд байрлах газар нутгаас Оросын стандартын 1520 мм-ийн өргөн царигтай төмөр замыг Сайншанд хүртэл барих ба хожим нь уг замыг Орос Монголын хувь тэнцүү хөрөнгө оруулалтаарт УБТЗ-тай холбох юм. Түүнчлэн ОТЗ сонгон шалгаруулалтад ялсан тохиолдолд УБТЗ-ын сүлжээгээр Транссибирийн төмөр замаар дамжуулан Алс Дорнодын усан боомтоор нэвтрүүлэх нүүрс тээвэрлэлтийн үнийг хөнгөлөхөө амлаад байгаа. Монголын төмөр замын байгуулах гүйцэтгэлийг авч, тус улс Транссибирийн тээвэрлэлтийг ашиглаж байх нь монополийн гол сонирхол оршиж байгааг  ОТЗ-ын тэргүүн Владимир Якунин нуугаагүй юм. Үүнээс гадна Олег Дерипаскагийн En+ групп ч мөн хүсэлт гаргасан билээ. Монголын Засгийн газраас гуравдугаар сард гаргасан Тавантолгойд өрсөлдөгчдийн хураангуй жагсаалтад зургаан компани багтсан байна. ОТЗ-ын тэргүүлсэн консорциумаас гадна дэлхийн томоохон ган цутгалтын концерн Arselor Mittal, Бразилийн Vale, Их Британи-Швейцарийн  Xstrata, Америкийн Peabody, Хятадын Shenhua корпораци болон Японы Mitsui зэрэг маш хүчтэй өрсөлдөгчид багтжээ. Ордыг ашиглах хувилбарт Тавантолгойн нүүрсийг хойд чиглэлээр биш харин өмнөд чиглэлээр зөөх санал бий. Хэргийн учир нь бүр 2008 онд Дэлхийн банк Улаанбаатарын захиалгаар тээвэрлэлтийн ямар зам илүү хямд төсөр байх талаар судалгаа хийжээ. Өмнө зүг тээвэрлэх нь Тавантолгойн нүүрсийг Хятадын асар том зах зээлд нэвтрүүлэх ба хүдрийг Япон болон Өмнөд Солонгос руу Хятадын Тяньжинийн боомтоор дамжуулан гаргах нь Оросоор дамжуулан гаргаснаас хоёр дахин хямд байх болно гэж судалгаанд тэмдэглэсэн байв.
ОХУ-ын  Гадаад хэргийн яамны эх сурвалж “Ъ”-тэй  хийсэн ярилцлагадаа чухам ийм л учраас Улаанбаатар Оросын хүсэлтийг илүүд авч үзэх боломж тийм их биш байгаа тул Монгол Хятадын харилцаа ээдрээтэй байгааг тэмдэглэсэн байна. Учир нь сүүлийн 13 жилийн турш Хятад улс Монголын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд эдийн засгийн гол хөрөнгө оруулагч нь байсаар ирсэн тул тус улсын удирдлагууд өөрийн өмнөд хөршөөсөө хараат байдлаа улам нэмэгдүүлэхээс эмээж байгаа юм.
Гэхдээ Улаанбаатар урт зам туулах нь Монголын нүүрсийг улам үнэтэй болгож, ингэснээр Австралийн нүүрстэй харьцуулахад үнийн хувьд өрсөлдөх чадвараа алдах болно гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ Улаанбаатар энэ байдлаас гарах илүү нарийн арга олсон бололтой. Монгол улсын Эрдэс баялаг эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэвийн өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдсэнээр нэр дэвшсэн зургаан оролцогчоос нэгээс илүү нэр дэвшигчийг шалгаруулж магадгүй ажээ. “Ъ”- ийн Монголын  Засгийн газарт ойр байдаг эх сурвалж ч ийм магадлал өндөр гэдгийг баталж байна. Мөн сонгон шалгаруулалтын үр дүнд ордын хувийг Хятад болон Орос улсууд руу төмөр зам тавиулахын тулд хоёр болон түүнээс дээш компанид өгч магадгүй. Харин аль зам нь ашигтай болохыг зах зээл л шийднэ, харуулна.

“Росатом” цэвэр  Дорнодын төлөө өрсөлдөж байна

В.Дзагуто “Известия”

Дорнод дахь ураны томоохон орд газрыг ашиглахаар “Росатом”-тай хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг Улаанбаатар удаашруулж байна. Оросын тал өмнөх тусгай зөвшөөрлийг эзэмшигч Канадын Khan Resources-тэй явуулж буй маргаанд оролцохыг хүсэхгүй байгаа бөгөөд Монголын тал хамтарсан үйлдвэрт оруулах хөрөнгийг хууль эрх зүйн эрсдэлгүй тэр хэсгээс оруулахыг шаардаж байгаа билээ. Гэвч одоогоор Монголын түншүүд маань “Росатом”-д ийм санал хараахан тавиагүй байна. Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” үйлдвэрт хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн оролцоо дахиад л хэрэг болов. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсаныхаа дараа Д.Медведев хоёр орны хамтарсан төслүүд, түүний дотор ураны хамтарсан үйлдвэрийн ажлыг түргэтгэх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.
Үүний өмнө “Росатом”-ын тэргүүн  С.Кириенко “Монголын талаас үйл ажиллагааг удаашруулж байна гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөгөөр бол “Монголын тал хамтарсан үйлдвэрт шилжүүлэхэд бэлэн хөрөнгө болон активын жагсаалтыг тодорхойлох ёстой боловч энэ үе шат сунжраад байна” хэмээжээ. Монгол-Орос улс хэдэн жилийн турш Дорнодын ураны томоохон орд газарт /нөөц нь ойролцоогоор 22 мянган тонн/ уран олборлох хамтарсан үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт 2010 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд В. Путиныг Улаанбаатарт айлчлах үеэр л гарын үсэг зурж чадсан юм. Уг баримт бичигт хамтарсан үйлдвэрийн хяналтын багц 51 хувийг Монголын “Мон-Аытом” улсын үйлдвэрт хэвээр байлгах ба 49 хувийг “Росатом”-д  багтдаг ураны “Атомредметзолото” (АРМЗ) холдингт ногдохоор тусгасан.
Монголын тал хамтарсан үйлдвэрт оруулах хувь болгон орд газрын хэсгийг тусгай зөвшөөрлийн хамт өгөх юм. Харин  АРМЗ төслийн гол санхүүжилтийг  хангах /төсвийг дэлгэх боломжгүй/ ёстой байв. Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр АРМЗ “Дорнод Уран”-тай холбоотой нөхцөл байдлыг тайлбарлахаас татгалзлаа. Эсвэл илүү ирээдүйтэй ураны талбай авах, эсвэл хууль эрхзүйн эрсдэлгүй хэсгийг авах сонирхолтой байна. Нөгөө талаас АРМЗ-д хамтарсан үйлдвэр байгуулж, орд газрыг ашиглах хангалтай хөрөнгө одоо байгаа гэж үзэж болох юм. Хууль эрхзүйн үндсэн гол эрсдэл нь Монголын Засгийн газар, Дорнодод ажиллаж байсан  Канадын Khan Resources-ын хоорондын шүүхэд заргалдаж байгаа асуудал дуусаагүйд байгаа юм.
Орд газрын хайгуул, судалгааны ажлыг бүр Зөвлөлт засгийн үед эх орны мэргэжилтнүүд хийсэн бөгөөд 1990-ээд оны үед Орос уг төслийг орхисон юм. 2000-аад оны үед Дорнод дахь тусгай зөвшөөрлийг Khan ба хувьцааны 58 хувийг нь канадчууд эзэмшдэг Төв Азийн уран компани эзэмшсэн байна.  2009-2010 онд АРМЗ ба Хятадын CNNC улсын компани Khan-ын хяналтын багцыг худалдан авахын төлөө эмцэл өрнүүлж, илүү өндөр үнэ санал болгосон Хятадын компани ялсан  билээ. Гэвч 2010 оны хоёрдугаар сард  Монголын тал Дорнодын тусгай зөвшөөрлөө эргүүлэн татсан юм. Khan энэхүү шийдвэрийг  эсэргүүцэн Монгол болон Канадын шүүхэд хандсан юм. Канадад ППГХО /Приаргунскийн уулыг баяжуулах, хими технологийн нэгдэл/-ийн охин компаниар дамжуулан “Төв Азийн уран” компанийн хувьцааны 21 хувийг эзэмшдэг АРМЗ өөрөө хариуцагчаар орж байгаа аж. Дорнод нь АРМЗ-ийн хувьд маш сонирхол татсан хувьцаа юм гэж  “Тройки Диалог”-ийн  Михаил Стискин үзэж байна. Нэгдүгээрт, тус орд нь Оросын мэрэгжилтнүүдэд сайн танил.  Хоёрдугаарт, энэ бол АРМЗ-ын мөнгөний арилжааны дүнд бус харин  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд олж авсан гадаадын цөөхөн хувьцаануудын нэг гэж шинжээч үзэж байгаа юм. Атона”  брокерийн  компанийн    шинжээч Михаила Пакийн бодлоор Дорнод нь АРМЗ-ийн 2020 он хүртэлх холын ирээдүйд хэрэгтэй бөгөөд ойрын хугацаанд  Орос болон гадаадын бусад хувьцаанууд хангалттай аж. Үүнээс гадна Дорнодын орд газар нь Оросын цөмийн технологи ба ураны гол хэрэглэгч Хятадтай ойр байрлалтай  гэдгийг шинжээч цохон тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж