“ХЭРЛЭН ГОВЬ” ТӨСЛИЙГ ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨСӨӨ ХАСЧЭЭ
даа, ийм нимгэхэн хувцастай, дээр нь сурвалжлага энэ тэр бэлтгэх хүн
говьд очоод осгох вий” гэж Амгаа ахыг хэлмэгц битүү цасан тал, хаврын
эхэн сарын улаан түйрэн юу юугүй л нүдэнд буугаад ирэв. “Өмнөговьд+2
хэм” гэсэн өмнөх өдрийн цаг агаарын тойм мэдээнд эргэлзэн, онгоцны
цонхоор байн байн өндөлзөн харахуйд говь нутгийн цасан бүрхүүл аль
хэдийнэ хайлсан нь илхэн, нүцгэн бор тал гарын алга мэт тэнийсээр…
Ноднин зуны эхээр Цэций нутагт очиход айхтар шуурч байж билээ. Ажилчдын
кэмпээс толгой цухуйлгангуут л хамхуул шиг авч шидчих гээд байсан юм
чинь, өвөл бүр тамтаггүй хүйтэрдэг биз гэсэн шүү юм бодож явсан юм.
Гэтэл “Цогтцэций хавиар хэд хоног орсон цас ганцхан өдөр хайлчихлаа,
аргагүй л хавар иржээ” гэх үл таних эрхмийн үг таатай сонстов.
Хэдхэн
хоногийн өмнө, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн
эвслээс “Ногоон од” өргөмжлөл хүртэж, эко гишүүнээр шалгарсан
Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нарын УИХ-ын гишүүд онгоцны урд хэсэгт
тухалжээ. Ганц цагийн нислэгийг сонин сэтгүүл гарчигласан шигээ
өнгөрөөлөө. “Тавантолгой” нисэх буудалд газардахад санасныг бодвол
салхи шуурга багатай, цасны ул мөргүй, урьдын танил Цогтцэций сум
угтлаа. Улаанбаатарын нүд хорсом гашуун утаанаас эндхийн агаар тэс
ондоо. Хүв хүйтэн цэнгэг ус залгилан цангаагаа тайлах шиг л
санагдав.
Бид шуудхан л сумын төвийг зорьж, сурвалжлагаа
бэлтгэхээр төлөвлөсөн байсан юм. Тэгэхнээ УИХ-ын хэсэг гишүүн
Тавантолгойн Цанхийн зүүн хэсэг дэх хөрс хуулалтын ажилтай биечлэн
танилцахаар явна гэсэн мэдээ чих дэлсэв. Оюутолгой, Тавантолгойн уурхайн
газруудад байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн
байдалтай танилцахаар Ажлын хэсгийнхэн яваа нь энэ аж. Сурвалжлагч хүн
ийм боломжийг алдаж болохгүй гэж дотроо бодоод, шуудхан л шийдвэрээ
өөрчилж орхив. Монголчуудыг хэдэн арван жилийн турш тэжээж, хөгжилд
хөтлөх аварга орд үүцээ дөнгөж нээх гэж буй эхний алхмыг нүдээр харах нь
“алтан боломж” биш гэж үү. Магадгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрс
хуулалтыг нүдээр үзэх анхны сэтгүүлч ч байж мэднэ гэсэн олзуурхалдаа
давхар хөтлөгдөх нь тэр.
Хээр талын хуурай шороо
пургиулан давхисаар “Эрдэнэс МГЛ” компанийн ажилчдын гэр хотхонд хүрч
очлоо. Энэ хооронд арваадхан минут л зарцуулав. Эгнүүлж барьсан 30
гаруй таван ханат гэр, явган хүний засмал зам, бие засах газрууд гээд
хэрэндээ тохичихож. Энд 150 гаруй ажилчин хоёроос гурван ээлжээр
байрлаж буй ч алс хэтдээ 600 ажилчинтай том кэмп болж өргөжих юм
байна. Кэмп төдийхөн бус, дагалдах олон арван барилга байгууламж
сүндэрлэж, тэр хавьдаа олны хөл бужигнасан орчин үеийн тохилог хотхон
босох нь гэсэн өөдрөг төсөөлөл эхнээсээ төрж эхлэв.
“Нүүрсний
томоохон уурхайтай, дэлхийн зургаан том компанийн зах зээлийн үнэлгээг
харьцуулж үзэхэд хамгийн дээд тал нь “Би Эйч При Биллитон” групп 200
тэрбум ам.доллараар, хамгийн бага нь Шведийн “Экстрата” компани 52
тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, үйлдвэрлэл
эрчтэй явагдаж байгаа, бүтээгдэхүүн борлуулалтаараа тэргүүлэгч
компаниудын үнэлгээ ийм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд
олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа хараахан эхлээгүй, дэд бүтэц
гэхээр зүйл огт байхгүй. Төрийн өмчийн хороотой хамтарч хийсэн
урьдчилсан тооцоогоор тус компанийн зах зээлийн үнэлгээг 15 тэрбум
ам.доллар гэж тогтоосон” хэмээн “Эрдэнэс МГЛ” компанийн Тавантолгойн орд
хариуцсан дэд захирал Б.Ганхуяг танилцуулгаа эхлэв.
“Манай
компани энэ жилдээ доод тал нь 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж
байгаа” хэмээн түүнийг ярихад Ц.Сэдванчиг гишүүн “Тэгээд нэгдүгээр
сараас нүүрсээ олборлоод эхэлчихсэн үү” гэсэн гэнэн асуулт тавьж байв.
Тус ордод одоогоор нүүрсний ямар ч олборлолт хийгдээгүй. Нүүрсний
агуулахаа л бэлдсэн. Уурхайн бусад барилга байгууламжийн ажил хавраас
хийгдэж эхэлнэ гэдгийг эрхэм гишүүд газар дээр нь очиж байж л “ойлгож”
байгаа бололтой. Юутай ч уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажил 90 гаруй
хувьтай явж буйг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан дахин давтан онцолж
байлаа.
Төрийн зуун хувийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани
Тавантолгойн ордын баталгаат нүүрсний 96 хувийг эзэмшдэг. Өөрөөр
хэлбэл, тус ордын нийт коксжих нүүрсний нөөцийн 87-88 хувь нь энэ
компанийн мэдэлд байгаа юм. Гэхдээ үүнийг нарийвчилсан хайгуул,
өрөмдлөгийн үр дүнд илүү тодорхой болгох учиртай.
Уурхайг ашиглаж
эхлэхэд ус шиг хэрэгтэй зүйл байхгүй. Ерөнхийдөө Тавантолгой ордын үйл
ажиллагааг Балгасын улаан нуурын гүний усны нөөцөд түшиглэж явуулна
гэсэн тооцоо гарсан. Мэдээж усны эх үүсвэрийн нэмэлт хайгуулууд хийх
шаардлагатай. Б.Ганхуягийн хэлснээр бол стратегийн хөрөнгө оруулагчдад
энэ ажлыг гардаж хийх үүрэг хариуцлага ногдох юм байна. Хэдэн жилийн
өмнөөс л нийгэмд талцал үүсгээд байсан “Хэрлэн говь” төслийг “Эрдэнэс
МГЛ” төлөвлөгөөнөөс хасчээ. Бүтэхгүй ажил гэдэг нь тодорхой аж.
Тавантолгой
гэсэн ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй энэ бүлэг ордод зуун хувь
төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК, төр, хувийн хэвшлийн холимог
менежмэнттэй жижиг “Тавантолгой” ХК, үндэсний компаниудын нэгдэл буюу
хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” гэсэн гурван компани
үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, менежментийн огт өөр
бодлоготой гурван компани нэг ордыг тал бүрээс нь ашиглах юм. Бүгд дор
бүрнээ цахилгаан станцтай, төмөр замын сүлжээтэй болох зорилго тавьсан
эдгээр компанийн үйл ажиллагаанд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт
хэрэгтэй гэх үг гишүүдийн амнаас унаж байв.
Хэдэн жилийн дараа
эдгээр компанийн дунд гүний усны хэрэглээний томоохон маргаан гарахыг ч
үгүйсгэх аргагүй. Уул уурхай өндөр хөгжсөн Австралид энэ маргааныг
эвтэйхэн шийдчихдэг Усны зөвлөл байдаг.
Манайд яваандаа энэ зөвлөлийг байгуулах хэрэгтэй юм гэсэн санааг Д.Энхбат гишүүн өгч байлаа.
Уурхай,
улс төр хоёр тэс ондоо ухагдахуун гэдгийг говийн хөрсөн дээр буусан
хойноо л ойлгож байна, манай төрийн түшээд. Тодруулбал, асар нарийн
төлөвлөгөөтэй, хатуу механизмын дагуу эрчимтэй явагддаг уурхайн
ажлыг ойлгодоггүйгээс бодит байдлаас тасархай, дээр нь маш их удаж
байж шийдвэр гаргадаг юм байна гэдгийг “Энержи ресурс” компанийн бүтээн
байгуулалттай танилцсан гишүүд ярьж байна лээ.
Тавантолгойн
ордын нөөцийн хэмжээг 1988 онд Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан
зөвлөлийн үнэлгээгээр тогтоосон. Энэ тооцоогоор өнөөг хүртэл явж
байгаа. Өнгөрсөн хугацаанд манай ашигт малтмалын салбарт олон удаа хууль
журам өөрчлөгдлөө. Ашигт малтмалын ордын нөөцийг Эрдэс баялгийн
зөвлөлөөр оруулж бүртгэдэг боллоо. Гэхдээ Тавантолгой ордын нөөцийг
Эрдэс баялгийн зөвлөлөөр эцэслэн тогтоогоогүй. Нөөцийг дахин тогтоож,
үнэлгээ гаргах ёстой”. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уурхайн дарга
Р.Нацагдаш Ажлын хэсгийнхнийг Цанхийн зүүн хэсгийн дөрөвдүгээр хучаас
буюу давхаргад явуулж буй хөрс хуулалтын ажилтай танилцуулах үеэрээ ийн
ярьсан юм. “Вагнер Ази”, Комацу”, “Моннис”-ийн хүчирхэг техникүүд
уурхайн хөрс хуулалтын ажлыг чөлөө завгүй гүйцэтгэх ба хүчтэй салхи
шуурганы улмаас агаарт дэгдэх тоос шороо нь хүртэл бараа сүртэй.
Эрдэнэтийн
хүдрийн ил уурхайг “Яг л зураг шиг” гэж олон улсад тодорхойлж байсан
юм билээ. Цанхийн зүүн хэсгийн уулын ажлын өнгийг харсан хэнд ч болов
ийм бодол төрнө. “Эрдэнэс МГЛ” компани өөрийн хөрөнгөөр худалдаж авсан
таван ширхэг өөрөө буулгагч Белазыг уурхайн ажилдаа дайчилж байна.
Угсраад хоёр хонож буй шинэ эксковатор ч хэзээ мөдгүй ажилдаа гарахад
бэлэн болжээ.
Цанхийн зүүн хэсэг буюу Тавантолгой ордын “зулай”-гаас
нүүрс гаргаж авахад бэлэн болжээ. Хөрс хуулалтын ажил бага шаарддаг,
тэрэг техник ажиллахад хүндрэлгүй хэсэг гэнэ. Р.Нацагдаш даргын хэлснээр
бол уурхайн ашиглалтын дөрөвдүгээр давхаргад урьдчилсан ТЭЗҮ-гээр
тогтоосон 9.8 сая тонн коксжих нүүрс бий аж. Энэ оны нэгдүгээр сард
нөөцийн хэмжээг Улсын комисст албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгчээ.
Дөрөвдүгээр давхаргаас доошоо гуравдугаар, бүр “0” хэсэг гэж бий.
Хамгийн доод хэсэг гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК эхний жилдээ
дөрөвдүгээр давхаргаас олборлолтоо явуулаад гурав, дөрөв дэх жилээсээ
“том” гэж нэрлэсэн ТЭЗҮ-ийн дагуу “0” давхаргаас олборлож эхлэхээр
тооцоолжээ. Жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж үзвэл 30 жилийн
хугацаанд ойролцоогоор 410 сая тонн нүүрс гаргаж авах ТЭЗҮ хийгджээ.
Тавантолгой
ордын Цанхийн баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран
ашиглах бол зүүн хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан, гэхдээ
эхний 5-10 жилд гэрээт олборлогчтой хамтран ашиглах төлөвлөгөөтэй.
Цанхийн баруун хэсэг 1204 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь
коксжих нүүрс, харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн дангаар эзэмших
зүүн хэсэг 1078 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 78 хувь нь коксжих нүүрс
гэсэн албан ёсны тооцоо ч гарсан байна.
“ЭРДЭНЭС МГЛ” ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРС ХУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА
Уурхайн ам нээх болон хөрс хуулалтын гол ажлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын хооронд нугалжээ.
Асар
их ажил хийгдсэн нь нүднээ илхэн. Нийтдээ 530 гаруй мянган шоо метр
уулын цулыг хуулах ажил хийсэн агаад 50 гаруй мянган тонн нүүрс
олборлоход бэлэн болжээ. Олборлох нүүрсний зузаан нь 15-18 метр. Үүнээс
доошоо, гуравдугаар давхаргад 5-7 метрийн зузаантай коксжих нүүрс хүлээж
байгаа. Ерөнхийдөө 280-300 метрийн гүнд ашиглалт явуулж байж, 410 сая
тонн нүүрс олборлох байдлаар ТЭЗҮ боловсруулсан гэдгийг уурхайн дарга
танилцууллаа. Дараа жилээс байгаль орчны нөхөн сэргээлтийг хамтад нь
хийж эхлэх юм байна. Энгийнээр хэлэх юм бол олборлосон хэсгээ шимт
хөрсөөр хучаад ногоожуулалт хийнэ.
Ерөөс Цанхийн зүүн хэсгийн “0”
давхаргыг ашиглахдаа аяндаа дотоод овоолгуудаа хийж, нөхөн сэргээлтийг
ном журмаар гүйцэтгэх юм байна. “Уг нь Австралид уурхайн овоолгыг
бетоноор хашаад маш том агуулах юм уу, тунель байгуулдаг юм билээ” гэж
Д.Энхбат гишүүн харь улсад очиж уурхайн туршлагатай танилцсанаа
хуваалцах гэтэл хэн нэгэн “Энэ бол асар их хөрөнгө мөнгө шаардах ажил
шүү дээ. Ийм зүйлийг манайд хийж чадахгүй байх аа” гэх нь дуулдав.
Нарийн тооцоон дээр тулгуурлаж ажилладаг уурхайн мэргэжилтнүүдэд энэ үг
хэт хөнгөн, оновчгүй санагдсан ч байж магад.
Тавантолгойд
хөрс хуулалт гүйцэтгэх ажлын тендерийг ч зарлаагүй байхад Цанхийн зүүн
хэсэгт гэв гэнэт л машин техникийн дуу нүргэлж, уурхайн ам нээлээ гэх
мэдээг сонсоод олон хүн цочирдсон. Тэр ч бүү хэл, “Энэ ажилд зарцуулах
хөрөнгө мөнгийг хаанаас гаргаж байна вэ” гэсэн хартай асуулт ч
тэнүүчилсэн билээ. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани учраас оператор
компани орж ирэхээс өмнө төсвийн хөрөнгө оруулалтаар л үйл ажиллагаагаа
явуулж байгаа гэсэн энэ хардлага үнэндээ цөөнгүй улстөрч, иргэний
хөдөлгөөнийхний цөсийг хөөргөдсөн гэхэд буруудахгүй. Гэхдээ 2011 оны
Улсын нэгдсэн төсөвт тус компанийн үйл ажиллагааны зардал гэхээр тусгай
хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй нь энэхүү эргэлзээг бага ч болов
тайлсан билээ.
“Хэдийгээр “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани ч
гэлээ тодорхой хэмжээнд өөрийн хөрөнгөтэй. Хөрс хуулалтыг өөрийн нөөц
бололцоондоо тулгуурлан явуулж байгаа. Үүнд ямар нэгэн “но” байхгүй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Хөрөнгийн бирж дээр гаргахаас өмнө
нөөцөөсөө гадна үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд явагдсан, нэлээд
жигдэрсэн компани гэдгийг харуулах хэрэгтэй. Аливаа уул уурхайн
компанийн зах зээлийн үнэлэмжид энэ нь их чухал нөлөө үзүүлдэг” гэж
“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэвлэлийнхэнд учирлаж
байсан удаатай.
Юутай
ч, хөрс хуулалтад асар их мөнгө урсаж байгаа нь ойлгомжтой ч гэрээт
олборлогчийг орж ирэхэд уурхайн хөрс хуулалтын ажил жигдэрчихсэн, бэлэн
талбай угтаж авах нь. Нүүрсээ ухаж эхлэхэд өөр асуудал байхгүй гэсэн
үг.
Ажлын хэсгийн гишүүд “Хөрс хуулалтын ажил маш шуурхай явж байна. Гурав,
дөрөвдүгээр сараас нүүрсээ олборлоод эхлэх нь. Бидний бодож төлөвлөснөөс
ч түргэн хугацаанд ажил өрнөж байна шүү” гэхээс өөр дүгнэлт хийсэнгүй.
“Энэ чигээрээ төлөвлөлтөө бариад ажиллаад байгаарай” гэсэн захиас
үгийг дайхаа ч бас мартсангүй.
Тавантолгой ордын дэвсгэр нутаг дээр одоогоор 17 айлын өвөлжөө,
хаваржаа, байшин сууц бий гэнэ. Бүгдийг нь нүүлгэж, шилжүүлэх том ажил
мэндлээд удаагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанид ногджээ. Хувийн
өмчийг трактороор хамаагүй түрээд буулгачихаж болохгүй, эзэдтэй нь
урьдчилан тохиролцож, шаардлагатай бол мөнгө төгрөг өгөх хэрэг гарах нь.
Гэхдээ иргэн хүн өмчөө хэдээр үнэлэх нь дурын хэрэг ч “арай дэндэнэ ээ”
гэмээр явдлууд ч гарч байгаа бололтой.
Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага тэдгээр айлын өвөлжөө,
хаваржааг өөр газарт нүүлгэж, хүсвэл бүр сайжруулаад, орчин үеийн
хэлбэрт оруулаад барьж өгье гэж амлажээ. Малчид одоо л хөрөнгөжих
боломж гарлаа гэж ойлгов уу, тус компаниас санаанд багтамгүй их мөнгө
шаардаж эхэлжээ. Нэг малчин 900 гаруй сая төгрөг нэхэмжилсэн гэж байгаа.
Гэхдээ Б.Ганхуяг захирал сумын иргэдтэй уулзах үеэрээ “Энэ асуудлыг
иргэн хүнээ хохироохгүйгээр, хууль журмаа баримтлаад шийдчихнэ. Малчид
өмч хөрөнгөө хувьцаа хэлбэрт оруулах замаар өөрт ашигтай сонголт хийх
боломж бий” гэж хэлж байсан.
ЦОГТЦЭЦИЙД ГАЗРЫН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭЖЭЭ
Өрх толгойлсон нэг эмэгтэй төрөөд удаагүй нялх үрээ гэртээ гаднаас нь
цоожилж үлдээгээд, сумын захиргааны үүдийг хэдэн өдөр сахиж байж, алга
дарам газар хэмжүүлж авчээ. Одоо л нэг хувийн газартай боллоо гэж
баярласан бүсгүй хулхидуулснаа харин хожим нь мэджээ. Учир нь, түүний
хэмжүүлж авсан газрын гэрчилгээг сумын эрх мэдэлтнүүд өөр хүний нэр дээр
гаргачихаж. Эрхэм гишүүдэд тэрээр энэ явдлыг гомдлын нулимс унаган байж
ярьсан юм. Гэтэл энэ юу ч биш гэнэ. Цогтцэций сумд насаараа амьдарсан
өвгөн олон жилийн өмнө газар хүссэн өргөдлөө сумын удирдлагад өгчээ.
Хариу хүлээсээр байгаад залхсан өвгөн одоо айлын хашаа түрээслэн амьдарч
байна. “Би газартай болж чадахгүй байгаа юм чинь үр хүүхдүүд маань ч
бүр хэцүүдэх байлгүй дээ” хэмээн өгүүлж байлаа.
Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций, Ханбогд сумд хэдхэн жилийн дараа
хот болж өргөжих нь нэгэнт тодорхой тул бэл бэнчинтэй хүмүүс түрүүлээд
хамаг л өөдтэй газрыг нь худалдаад авчихсан гэсэн яриа сумаар тархжээ.
Өрхийн хэрэгцээний 0.07 га газар 15 сая төгрөгийн үнэ хүрдэг гэхээр
газрын наймаа хэр хөгжиж байгаа нь харагдах биз ээ. Шатахуун
түгээгүүрийн газар 808 сая төгрөг, кэмп байгуулах дөрвөн га газар 560
сая төгрөг, үйлчилгээний зориулалт бүхий хагас га газар 55 сая төгрөгөөр
дуудлага худалдаагаар зарагдсан гэж сумын иргэд ярьж байв. Сумын
төвөөр явж байхад саарал блокоор барьсан хэд хэдэн хоосон хашаа харагдаж
байна лээ. Зургийн аппарат хэрэгсэл барьсан мань мэтийн сурвалжлагчийг
“Та кадастрын газраас явж байна уу. Аль газрыг хэмжих гэж байгаа юм”
хэмээн хоргоох шинжтэй. “Газартай холбоотой зүйлийг сонин хэвлэлээр
хамаагүй ярьж болдоггүй юм. Сумын удирдлага биднийг мэдчихээд хавчиж
мэднэ” гэх хүн ч таарлаа. Шинэхэн банзан хашаа бүхий сумын гудамжууд
эгнээ шугамаа эрчимтэй тэлж байна.
Монгол улсын хэмжээнд газар хувьчлал 2012 оноор дуусгавар болно.
Тэгэхээр хоёр жилийн дараа Цогтцэций сумд шинээр газар олгохгүй юм
байна. “Сум дээр яагаад иргэн хүнд газар олгохгүй байна вэ. Төрийн ажлыг
ингэж хийж болдог юм уу” гэх уурсангуй үгсийг эрхэм гишүүдийн хийсэн
уулзалтын үеэр иргэд амнаасаа унагаж байлаа. Сумын удирдлагыг төлөөлж
ирсэн нэг эмэгтэй “Бид төрийн ажлыг хуулийн дагуу хийж байгаа. Энэ
тогтоол шийдвэрээ харна уу” гээд Ц.Сэдванчиг гишүүн рүү өнөө цаасаа
“чулуудаж” харагдав.
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор
байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Оюутолгой орд газрын орчим 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгой орд
газрын орчим 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 882.3
га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын
нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт хамаарах 12084.9 га газрыг
томоохон бүтээн байгуулалтын тусгай хэрэгцээнд авч, хувь хүн, аж ахуйн
нэгжүүдэд олгохгүй, Тусгай хэрэгцээний газарт хамааруулахаар Засгийн
газрын 2010 оны зургадугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор журамлажээ.
Цогтцэций сумын иргэд энэ тогтоол шийдвэртэй огт танилцаагүй, ам дамжсан
мэдээлэлтэй л байна. Сумын удирдлагууд болохоор энэ мэдээллийг иргэдэд
өч төчнөөн удаа сурталчилсан гэж “гүрийж” байна лээ. Х.Баттулга сайд уг
тогтоолтой холбогдуулан “Орон нутаг газрыг дур мэдээд бусдад өгчихдөг
болохоор төр тухайн газрыг авсан хүмүүстэй наймаалцах хэрэг гардаг юм.
Үүнээс урьдчилан сэргийлж ийм арга хэмжээ авлаа“ гэж тухайн үедээ
хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан билээ.
ӨРХ ГЭРЭЭСЭЭ НЭГ ХҮНИЙГ Ч БОЛОВ УУРХАЙД АЖИЛД ОРУУЛЧИХ ДАВХАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
Амьдарч суух газар олдохгүйн зовлонг мэдэх атлаа Цогтцэций рүү
тэмүүлэгсдийн цуваа тасрахгүй нь. “Говьд хүн болж төрснөөс хангайд бух
болж төрсөн нь дээр” гэсэн нэгэн цагийн ёж үг бий. Хоёр мянга хүрэхтэй
үгүйтэй байсан Цогтцэций сумын хүн ам өдгөө 9000 хол давсан гэх мэдээ
байна. Олон хөлийн газар болохоос нь урьтаж, бушуухан газар авч, дэлгүүр
нээе, бизнес эрхэлье гэж дор бүрнээ нэгийг бодсон хүмүүс сумын хүн
амыг гэрлийн хурдаар нэмэгдүүлжээ. Өрх гэрээсээ нэг хүнийг ч болов
уурхайд ажилд оруулчих давхар төлөвлөгөөтэй. Гэхдээ тэдэнд тулгарч буй
нэг бэрхшээл бол хүүхдүүд нь сургуулиас завсардах вий гэсэн айдас. Сумын
дунд сургууль 750 хүүхдийн багтаамжтай атал өнөөдөр хоёр мянга гаруй
сурагчтай болжээ. Цэцэрлэгийн хувьд бүр ачааллаа дийлэхээ больсон гэнэ.
Цогтцэций сумд нэн тэргүүнд хоёр сургууль, гурван цэцэрлэг шаардлагатай
байгаа ч сумын удирдлага мөнгө төсөв байхгүй гэсэн ганцхан хариулттай
байдаг хэмээн иргэд ярьж байв. Цогтцэцийн хэдэн айлаар орж, ахуй
амьдралынх нь зах зухаас сонирхлоо.
Б.Жаалбаатар гэдэг хувиараа бизнес эрхлэгч залуу сумын төвөөс холгүйхэн,
ил задгай хогийн цэгийн дэргэд жижигхэн бор гэртээ амьдарна. Бор
дарсанд автаж явсан тэрээр Өмнөд Солонгост очоод сайн сайхан амьдрах
боломж Монголд дүүрэн байдгийг ухаарчээ. Хувьдаа 20 гаруй гахайтай. Уул
уурхайн компаниудаас гарсан хоол хүнсний хаягдлаар хэдэн гахайгаа
тэжээчихнэ. Хогийн цэг дээрх элдэв лааз, сав суулгыг ангилж ялган хэдэн
төгрөгөөр борлуулдаг, сүйхээтэй эр. “Хүний нүдэнд хог муухай
харагддаг ч үнэндээ мөнгө шүү дээ” гэж тэрээр ярьсан юм. Ирээдүйн
хөрөнгөтөн эндээс төрөхийг хэн байг гэх вэ. Жаалбаатар сумын удирдлагад
хэдэнтээ хандаж, дэмжлэг хүссэн ч тоймтой хариу сонсоогүй аж.
“Цогтцэцийн эрүүл орчин” төрийн бус байгууллагыг толгойлж, сумын цөөн
хэдэн ядуусыг хөдөлмөрийн доод хөлсөөр цалинжуулдаг байна. “Дэлхийн
хэмжээний том уурхайтай Цогтцэций сумд ядуу хүн дэндүү олон бий шүү”
хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв. 40 хүрсэн хүнийг уул уурхайн
компаниуд ажилд авдаггүй болохоор түүнээс ажил хүсч ирдэг гэнэ. Сумын
ойролцоо ил задгай хаясан хог хаягдал салхи шуурганд туугдан, талаар нэг
тарчихна. Дийлэнх нь компаниудын хаягдал. “Баялгийг маань
олборлочихоод, байгаль дэлхийгээ ингэж хорлож болохгүй шүү дээ. Үүний
эсрэг би зүтгэнэ ээ. Байгаль орчны яаманд хандана гэж бодож байгаа”
хэмээн Жаалбаатар өгүүлэв.
UBS телевизээр нэг хэсэг “Гэртээ харих замд” хэмээх төслийн цуврал
нэвтрүүлэг гарсныг уншигчид санаж байгаа биз ээ. Нэвтрүүлгийн гол
баатар болох залуу хос Цогоо, Баярмаа нарт “Энержи ресурс” компани ажлын
санал тавьж, улмаар өнгөрсөн оны
сүүлээр Цогтцэцийд онгоцоор авчирчээ. Авчраад зогсоогүй, “Энержи
хашаа”-нд байрлуулж, шинэ гэр барьж өгсөн байна. Цогоогийнх дөрвөн
хүүхэдтэй. “Нөхөр маань одоо галчийн ажилтай. Яваандаа оператор болбол
амьдрал илүү сайжрах байх” хэмээн Ухаахудагийн Галерей кэмпийн үйлчлэгч
Баярмаа ярилаа. Улаанбаатар хотод хог түүх шахам амьдарч байсныг бодвол
энд өөрийн гэсэн ажил албатай, найз нөхөдтэй ч болжээ. Нялх нойтон
хүүхдүүдтэй айлд асуудал мундах биш. Энэ байдлыг байгууллагаас нь харж
үзэн, тэр хоёрын ажлын цагийг хүртэл зохицуулж өгчээ. “Энержи ресурс”
компани ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг барьж байна. Цогоогийнх
энэ цэцэрлэгт хүүхдүүдээ оруулна гэсэн бодолтой.
Мөн л Улаанбаатараас өмнийн говийг зорин, энэ нутагт өөрийн гэсэн байр
сууриа олж авах гэж зүтгэж яваа хүн бол Д.Отгонбаяр. Айлын хашаанд,
жижигхэн шавар байшин түрээслэн гэрийн тавилга энэ тэрийг хийдэг
ажилтай. Сумын гэрэл цахилгаан байсхийгээд тасарчихдаг болохоор ажил
зогсох энүүхэнд гэнэ. “Морин хуураас авахуулаад гэрийн бүх төрлийн
тавилга хийдэг. Хүссэн загвар, хийцээр нь хийж өгөхөд бэлэн. Энд
төвхнөчихвөл эхнэр хүүхдээ авчрах санаатай” хэмээн Д.Отгонбаяр
хуучиллаа.
Цогтцэций суманд мод, түүхий эдийн үнэ тийм ч хямд биш. Урт хугацаатай
зээлд хамрагдан, жижигхэн ч хамаагүй ажлын байртай болчихвол түүний
хүсэл биелэх нь тэр. Тэрээр бас зах зээл дээрх өрсөлдөгчдөө ч судлаад
амжсан гэж байгаа. Лав хоёр мужаантай өрсөлдөх хэрэг гарах юм билээ.
Залуус бол над шиг мод хөрөөтэй ноцолдож байснаас уурхайд ажилд орсон нь
дээр дээ гэж ярьдаг гэнэ.
Д.Отгонбаярын найз Түвшинжаргалынх Дундговь аймгаас шилжиж иржээ.
Жижигхэн бор гэрт нь хөл тавих зай алга. Аргагүй л үйлчин айл юм.
Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт шилжиж ирээд нэг жил болсон ч сарын 70
мянган төгрөгөөр гэр түрээслэн бизнесээ эрхэлж байна. Буриад гутлаас
авахуулаад сумынхны өмсөх дуртай “жолооч гутал”-ыг хүртэл хийнэ.
Ялангуяа эмээл хийдгээрээ олонд сайн танигджээ. Монголын олон алдартай
уяачид, малчид түүний эмээлээр гангардаг байна. Суманд гутлын түүхий эд
байхгүй. Улаанбаатар хотоос нэг гутлын материалыг 40-50 мянган
төгрөгөөр авдаг ба 70 мянган төгрөгөөр зарж борлуулдаг аж. Цэвэр ашиг
нь тун бага. Гэр түрээсэлж амьдрахын зэрэгцээ хажуу айлаасаа гэрэл
цахилгаан “хулгайлдаг”-аа Түвшинжаргал нуусангүй. Ёстой л бор зүрхээрээ
зүтгэж байж хэдэн төгрөг олдог гэнэ. “Заавал энд ирэх шаардлага байсан
юм уу. Хотод гарын дүйтэй хүн амьдрах боломжтой шүү дээ” гэхэд “Тэнд
гутал хийдэг хүн дэндүү олон, харин худалдаж авах нь цөөн шүү дээ” гэв.
Энэ сумын удирдлагуудаас бусад нь Түвшинжаргалаар гутлаа хийлгэж,
янзлуулдаг тул Цэцийчүүдийн итгэлийг огт алдаж болохгүй гэсэн зарчмыг
өөртөө хатуу барьдаг гэнэ. “Дундговь аймагт байхдаа авсан одон медаль,
шагнал өргөмжлөлөө бүгдийг хамж аваад Цогтцэцийн Засаг дарга дээр орж
үзсэн. Тусламж гуйх санаатай. Гэтэл эд нар чинь ийм жижиг зүйлд
толгойгоо гашилгадаг улс биш байна. Нүүрс, уул уурхай гээд л давхилдаад
байх юм” хэмээн гомдоллох.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны ажилчдын нэг, Үйлчилгээний хэлтсийн
ахлах Н.Адъяасүрэн дэлхийн хэмжээний болж томрох компанид ажиллаж
буйгаараа, тэр тусмаа Өмнөговийн иргэн болж төрснөөрөө бахархаж байна.
Н.Адъяасүрэнгийн нөхөр нь “Энержи ресурс” компанид жолоочоор ажилладаг.
Цогтцэцийд арав гаруй жил амьдарсан тэднийх өдгөө 30 гаруй сая
төгрөгөөр боссон тохилог сууц, жип машин, хувийн томоохон хашаатай.
Цогтцэций суманд олон өнгийн амьдрал ийн сүлэлдсээр. Говийн тэнэгэр тал
нутагт Цэций хороолол удахгүй сүндэрлэнэ. Дагаад зах зээл нь өргөжинө,
хүмүүсийнх нь амьжиргаа сайжирна. Ирээдүйн хот улс ийнхүү шинэ цагийн
их нүүдлийг даллан дуудаж байна.
Г.Идэрхангай Өмнөговь аймаг . Цогтцэций сум. 2011.02.04