Цагаансуваргын ордоо 2013 онд бүрэн ашиглалтад авна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Цагаансуваргын ордоо 2013 онд бүрэн ашиглалтад авна

Уул уурхайн салбарын түүх нэн шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирлээ. Энэ цаг үед үндэсний маань Miner-уудын бодол санаа, санаж сэдэж байгаа зүйлс бүгдээс үнэ цэнэтэй билээ. Тэд салбарынхаа хөгжлийг хэрхэн үнэлж цэгнэж байна вэ? Тэд юуг санаж сэдэж явна? Тэдэнд ямар давуу тал, бас саад бэрхшээл учирч байгаа бол? MMJ “Miner” булангаараа эдгээр асуултад хариулт авахыг хичээдэг юм. “Miner” энэ удаагийн зочноороо “Монголын Алт” /МАК/ ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Нямтайширыг урилаа.

МАК-Д ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ГАРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ

Эх оронд маань үндэсний томоохон “Miner”-ууд төрөн гарч байна гэж хэлж болно. Монголын уул уурхайн хөгжлийн бас нэгэн тодорхойлолт болж буй тэдгээр “Miner”-уудын намтар, түүх уншигчдад маань сонирхолтой байдаг юм. Уурхайчин болсон түүхээс тань яриагаа эхэлье.

Бид бүгд л социализмын үед сургууль төгссөн хүмүүс. Би тохиолдлоор уул уурхайн инженерийн мэргэжлийг сонгосон юм. Уул нь өөр мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой байв. Аравдугаар анги дөнгөж төгсөж байгаа хүүхэд юугаа мэдэх билээ. Ихэвчлэн дээд тоо үздэг, тооны талын мэргэжил гэхээр нь л сонгосон хэрэг.   Тохиолдлоор сонгосон ч уул уурхайн маркшейдер инженер гэж ховор сайхан мэргэжил эзэмшсэн дээ.

Тоонд их сонирхолтой хүүхэд байжээ дээ?

Тооны төрлийн хичээлдээ гайгүй. Сургуулиа төлөөлөн хот, улсын олимпиадад дандаа оролцоно. Тэгээд л инженерийн мэргэжлийг сонирхдог болчихсон байсан юм. Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурсан. Дараа нь тухайн үеийн Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг төгссөн. 300 гаруй жилийн түүхтэй, дэлхийд нэртэй сургууль даа. Дэлхийн уул уурхайн сургуулиудыг эрэмбэлэхэд Германы дараа ордог. Ийм сургуульд сурснаараа их бахархдаг.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос бизнесийн салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм. “Одод” гэж гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани байгууллаа. Хоёр улсын хооронд худалдааны томоохон гэрээнүүд хийж, амжилттай хэрэгжүүлсэн дээ. Эндээс тодорхой хэмжээний орлого олсон. Үүгээрээ Монголдоо уул уурхайн үндэсний компани байгуулахаар шулуудсан. Нэгэнт мэргэжлийг нь эзэмшсэний хэрэг юү билээ. Уул уурхайн мэргэжилтний хувьд Монгол улс цаашид уул уурхайн баялгаа зүй зохистой ашиглан улс орноо хөгжүүлэх үндэс суурийг бий болгох ёстой гэдгийг тааварлаж байсан. 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Монголын Алт” компаниа байгуулсан юм. 1994 оноос алтны салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 17 жил тасралтгүй уул уурхайн салбарт ажиллаж байна.

МАК манай улсын уул уурхайн нөлөө бүхий компани. Энэхүү амжилтад хүрэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа байх. Тэднээс онцолж дурдаач?

Бид анх компаниа байгуулахдаа л барууны дэвшилтэт техник технологийг Монголдоо нэвтрүүлье, нутагшуулъя, тэдгээрийг монголчууд бид өөрсдөө эзэмшиж, ажиллаж суръя гэсэн уриа дэвшүүлж байлаа. Барууны хөгжилтэй улс орнуудын дэвшилтэт  техник технологиос суралцаж, Монголдоо оруулж ирэх ёстой. Байгаль орчинд ээлтэй уул уурхайн үйлдвэрлэл явуулах хэрэгтэй гэсэн зарчмыг барьсан. Ингэхдээ геологи хайгуулын шатнаас эхлэх ёстой. Хайгуулын ажлаа барууны стандартын дагуу хийе. Хайгуулын ажилд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн техник, аргачлалыг өргөнөөр ашиглах нь зүйтэй гэдэг үүднээс хандсан.
Уул уурхайн салбарт анхдагч чухал зүйл нь геологийн мэдээлэл байдаг. Хайгуул судалгааны ажлыг өндөр түвшинд, найдвартай хийж, нөөцийг илрүүлж тогтоохоос цаашдын үйл ажиллагаа хамаардаг. Хэрэв хайгуулын шат нь ямар нэгэн алдаа мадагтай байх юм бол цаашдын олборлолт, ашиглалтын явцад том бэрхшээл учирна. Хий дэмий хөрөнгө оруулалт хийнэ. Энэ талаасаа геологи хайгуулын ажил нь хамгийн чухал, анхдагч, үндсэн мэдээлэл бүхий судалгааны суурь ажил болдог.
1994 оноос бид АНУ-ын Caterpillar-ийн техникийг уул уурхайн үйлдвэрлэлдээ өргөнөөр ашиглаж эхэлсэн. Ер нь МАК уул уурхайн салбартаа анхдагч байхыг хүсч тэмүүлдэг. Монголын хувийн хэвшлийнхнээс анх удаа Catelpillar-ийн техникийг авч ашигласан нь манай компани. Тэр үед бидэнд 3,2 сая ам.доллар гэдэг их мөнгө байв. Энэ өндөр үнэтэй техникийг лизингийн гэрээгээр худалдан авч байлаа.
Ер нь хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, ашиглалтын өртөг зардал хямд дэвшилтэт техник технологийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэр цаг үеэсээ л ашиглаж, давуу талыг нь мэдэрсэн учраас өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд уул уурхайд ашиглагдаж байгаа техник, технологийг үйлдвэрлэлдээ түлхүү нэвтрүүлж ирлээ. Энэ нь ч бидний амжилтын гол үндэс болсон байх.
Техник технологиос гадна хамгийн чухал зүйл бол боловсон хүчин. МАК байгуулагдсан цагаасаа л монгол залуучуудаа гадаадын их, дээд сургуульд өөрсдийн зардлаар сургах, инженерийн боловсрол эзэмшүүлэх, эзэмшсэнийг нь баруунд дахин сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэхэд түлхүү анхаарсан. Хөрөнгө мөнгөтэй байж болно. Харин түүнийг ажиллуулах боловсон хүчинтэй байна гэдэг хамгийн чухал хүчин зүйл. Бид үүнийг байнга анхаарлынхаа төвд авч явдаг.

МАК-ийн ам бүлд нийт хэчнээн хүн багтаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн байна. МАК-д хэрэгжүүлэх гэж буй нэлээд олон төсөл бий. Бэлтгэл ажлууд нь үндсэндээ хангагдаж дуусч байна. Тухайлбал, Цагаансуваргын зэс молибдений төсөл байна. Ирэх жилээс бид ил уурхайгаа ажиллуулж эхэлнэ. Жилдээ 15 сая тонн хүдэр олборлоно. Энэ маань “Эрдэнэт” үйлдвэрийн 60 хувийн хүчин чадалтай тэнцэх хэмжээний үйлдвэр байх юм.
Мөн нүүрсээ баяжуулж, боловсруулан эрэлт хэрэгцээ байгаа тэр зах зээлд бүтээгдэхүүн гаргах судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж байна. Төслүүд маань  хэрэгжээд ирэхээр хэдэн мянган ажилтан, ажиллагсадтай хамт олон болж өргөжнө.

Сүүлийн үед хэрэгжүүлж буй томоохон төслүүдээсээ танилцуулахгүй юу? МАК-ийн ирээдүйг хэрхэн харж байна вэ? Үндэсний том компаниудаасаа монголчууд ихийг хүлээж байгаа?

МАК компани тав таван жилээр үйл ажиллагааны үндсэн чиглэлээ боловсруулдаг юм. 2010-2015 онд гэхэд ямар салбарт хөрөнгө оруулж, аль салбараа түлхүү хөгжүүлэхээ үндсэн чиглэлдээ тодорхойлоод түүнийгээ жил бүр тодотгоод явчихдаг зарчимтай.
2013 онд МАК компанийн 20 жилийн ой тохионо. Энэ ойгоо угтаад бид их том зорилт тавьчихаад явж байна. Хорин жилийн ойн өмнө Цагаансуваргын зэс, молибдений ордоо бүрэн хэмжээнд ашиглалтад авна.
Дорноговь аймагт нэг сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн ажил эхлээд байгаа. 2012 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 
Элдэвийн уурхайн нүүрсээ боловсруулах үүднээс жилд 75 мянган тонныг үйлдвэрлэх хагас коксын чадалтай туршилтын үйлдвэр байгуулж байгаа. 90 хувийн гүйцэтгэлтэй явна. Энэ арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад авна. Гол зорилго нь Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байгаа юм. Хагас коксжуулсан нүүрснээс гурван төрлийн бүтээгдэхүүн гардаг. Хагас кокс, газ буюу хий, нүүрсний давирхай гурав. Хийгээр үйлдвэрийнхээ эрчим хүчийг үйлдвэрлэж болно. Нүүрсний давирхайг гадаад оронд усан онгоцны түлш болгож ашигладаг. Бас цахилгаан станцад мазутын оронд хэрэглэх боломжтой. Туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулаад Улаанбаатарын ойр орчмын нүүрсний ордын нүүрсэн дээрээ туршилт, судалгааны ажил явуулна. Хэрэв амжилттай болох юм бол Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад хүрэлцэхүйц хэмжээний үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байна.
Ирэх жилээс Нарийнсухайтын орд дээр таван сая тонн угаасан баяжмал гаргах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ. 2012 онд ашиглалтад оруулах юм.
Монгол-Хятадын улсын хил хүртэл нийтдээ 56 километр төмөр замын суурь бүтцийг барих төслүүд бэлтгэгдчихсэн байгаа. Ирэх хавраас барилгын ажил эхэлнэ. Цаашлаад Нарийнсухайт орчмын бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг найдвартай байлгах үүднээс зохих хэмжээний эрчим хүчний үйлдвэрлэл явуулах бодолтой байна. Адуунчулууны ордын хүрэн нүүрсийг нүүрс, химийн чиглэлээр хөгжүүлэх  төслийг манай нүүрс, химийн мэргэжилтнүүд боловсруулж байгаа.
Ер нь XXI зуунд дэлхий нийтээрээ нүүрсээ дахин боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Эрчим хүчний хомсдол бий болж байгаа өнөө үед энэ нь ч зайлшгүй зүйл юм. Нөгөө талаар нефть бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдон нүүрсээр нефть бүтээгдэхүүнийг орлох,  ийм төрлийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд гол анхаарлаа хандуулж байна. Энэ тал дээр МАК ч гэсэн зохих судалгааны ажлуудыг өндөр түвшинд хийж байгаа. МАК өнөөгийн түвшинд Монгол улсдаа нүүрс олборлолт, экспортоор тэргүүлж байна. Энэ байр сууриа цаашид ч хадгалахыг хичээнэ.

Монголын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай компаниуд олон улсын глобал зах зээл дээр гарч, хөрөнгө босгож байна. Монголчуудад ч бас ийм боломж байгааг харуулж, үндэсний хөрөнгө оруулалттай ММС компани Хонконгийн бирж дээр амжилттай IPO хийлээ. МАК-д глобал зах зээл дээр гарч, хөрөнгө босгох төлөвлөгөө бий юү?

Байхгүй. Бидэнд өөрсдийн стратегийн бодлого бий. Нэгдүгээрт, хэдий том төсөл хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийг заавал хөрөнгийн биржээс босгох шаардлагагүй гэж үздэг. Хөрөнгө оруулалтыг шийдэх маш олон санхүүгийн боломж бий. Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох аргыг голчлон эрсдэлтэй төсөл, эсвэл хөрөнгө оруулалт өндөртэй төсөлд хэрэглэдэг. Ялангуяа эрэл, хайгуулын ажлын эрсдэлийг олон нийттэй хуваалцах зорилгоор хувьцаа гаргаж, хөрөнгийг босгодог.
2005 онд МАК компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдэхээр бүх бэлтгэлээ хангачихаад байсан юм. Амжилттай ч явж байсан. Тухайн үедээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай  удаан хугацаанд зөвлөлдсөн л дөө. Тэд МАК-ийн хувьд бэлэн мөнгө босгож буй төслүүдээ заавал хөрөнгийн бирж дээр гаргаж, эрсдэлийг олон нийттэй хуваалцах шаардлагагүй гэж зөвлөсөн. Ер нь хөрөнгө оруулалтаа шийдэх боломж байгаа бол заавал хөрөнгийн бирж дээр гарах шаардлагагүй гэж бид үздэг.

НЭГДСЭН НЭГ ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДЭД БҮТЦЭЭ ТҮШИЖ БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ

Цементийн үйлдвэр байгуулж байгаа гэж ярилаа. Танайхаас гадна Монполиметийн байгуулж буй үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монголын цементийн эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэдэг. Гэтэл жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр байгуулагдаж байгаа сурагтай. Энэ талаар Таны бодлыг сонсмоор байна?

Эх орныхоо барилгын материалыг өндөр чанарын бүтээгдэхүүнээр хангахын тулд бид 2000 оноос барилгын материалын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Урт удаан хугацаанд туршилт судалгааны ажил хийлээ. Хятадын технологиор цементийн үйлдвэр байгуулах гээд нэлээд хэдэн жил хөрөнгө мөнгөө зарсан. Эцэст нь барууны, тэр дундаа Германы технологиор байгуулахаар шийдэж, төслөө өөрчилсөн юм. Төслийн маань ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын DKT компани ажилласан. Энэ цементийн үйлдвэрт нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүд дандаа баруунд үйлдвэрлэгдэнэ. Хамгийн өндөр зэрэглэлийн цемент  үйлдвэрлэх технологитой үйлдвэр байх болно.
Цементийн хоёроос гурван үйлдвэр байгуулагдсанаар дотоодынхоо эрэлт хэрэгцээнээс үйлдвэрлэл нь давчих юм биш үү гэсэн санаа зовнилт байгаа байх. Цементийн үйлдвэр байгуулах төслийг олон жилийн өмнөөс эхлүүлсэн учраас зайлшгүй хэрэгжүүлж дуусгах зорилт бидэнд байна. Цементийн үйлдвэр маань гол зах зээлдээ ойрхон. Дээрээс нь цементийн үйлдвэрт шохойн чулуунаас гадна гөлтгөнө, нүүрс, төмрийн исэл, шавар, элс гээд олон төрлийн түүхий эд шаардагддаг. Энэ бүх түүхий эдийн орд  МАК-ийн эзэмшилд байдгаараа давуу талтай. Ингэснээр бага өртөг бүхий өндөр чанарын бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд өрсөлдөж чадна гэж бид үзэж байгаа.

Олон жижиг үйлдвэр байгуулж байхаар өрсөлдөх чадвартай томоохон үйлдвэр байгуулах нь зөв юм биш үү?

Энд манай төр засгийн зохицуулалт үгүйлэгдэж байна. 1990-ээд онд хүн бүхэн ганзагын наймаанд явж байлаа. Түүнтэй адил цементийн эрэлт хэрэгцээ их байгаа тул ашигтай гээд хүн бүр цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байж мэднэ. Гэхдээ төслөө  хэрэгжүүлэхээс өмнө тооцоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Гарсан бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөж чадах уу, үгүй юү гэдгийг тооцоолох хэрэгтэй юм. Монгол улсад өнөөдөр илүү өндөр маркийн цементийн эрэлт хэрэгцээ их байна. Цаашдаа өндөр өндөр барилга байгууламжууд олноор баригдана. Барилгын хийц төмөр, бетоны хийц рүү орчихсон. 500 ба түүнээс дээш маркийн цемент шаарддагддаг. Тиймээс манай цементийн үйлдвэрийн төсөл технологи талдаа их анхаарсан. Маш өндөр зэрэглэлийн цемент гаргаж зах зээлд нийлүүлэх зорилготой байгаа. Цементийн үйлдвэрээ байгуулснаар цаашлаад бетон зуурмагийн үйлдвэр, барилгын хийцийн үйлдвэр, энэ бүхэндээ  үндэслээд магадгүй барилгын гүйцэтгэлийн компани байгуулахыг ч үгүйсгэхгүй. Нэг зүйлийг төрөлжүүлэн хийх нь илүү үр дүнтэй, чанартай болдог. Энэ үүднээс Германы өндөр технологи бүхий газ бетоны үйлдвэр байгуулахаар зураг төслийг хийж байна. Туршилт маш амжилттай болсон. Их өндөр хүчин чадалтай, жилдээ 405 мянган метр куб. газ бетон үйлдвэрлэнэ. Энэ нь хамгийн хөнгөн чанарын, хүний эрүүл ахуйд нийцсэн, Германы стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн юм. 2012 оноос үйлдвэрлэж эхэлнэ дээ.

МАК Цагаансуваргын зэс, молибдений ордоо түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулах уу? УИХ-аас Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай тогтоол гаргаад зургаан сарын хугацаанд ТЭЗҮ хийх үүргийг Засгийн  газарт өгсөн. Хэрвээ зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэвэл Засгийн газрын зорилттой уялдаж байгаа юу?

МАК зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэж төлөвлөөгүй. Бид дангаараа зэс хайлуулах үйлдвэр байгуулах ямар ч боломж байхгүй. Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад маш их хөрөнгө оруулалт шаардагдана. Цагаан суваргаас жилдээ 300 мянган тонн зэсийн баяжмал гардаг. Монгол улс нэгдсэн бодлогоор зэс хайлуулах үйлдвэр байгуулбал тэнд зэсийнхээ баяжмалыг нийлүүлж, боловсруулах ёстой гэсэн бодолтой байдаг. 
Монгол улсын хэмжээнд зэс боловсруулах, хайлуулах үйлдвэр байгуулна гэхэд бид саналаа өгч байсан юм. “Эрдэнэт” үйлдвэр, Цагаансуварга, Оюутолгой гэсэн ордуудын зэсийн баяжмалыг нэгдсэн байдлаар хайлуулж, боловсруулах ёстой гэсэн санал өгсөн. Тэгвэл бид баяжмалыг зүгээр экспортлох бус эх орондоо нэмүү өртөг шингээн худалдаалах боломжтой болохоос гадна цэвэр зэс өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үйлдвэрүүд ч бий болох нөхцөл бүрдэнэ.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар мэргэжлийнхний санал зөрөлддөг асуудал олон бий? Орд болгон дээр жижиг хэмжээний зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэсэн байр суурьтай нь байхад нэгдсэн нэг том үйлдвэр байх нь зүйтэй гэж үзэгсэд ч бий. Байршлын хувьд төмөр замаа дагах хэрэгтэй гэх, нөгөө хэсэг нь ордоо түшиглэх ёстой гээд л. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Орд бүрийг түшиж байгуулна гэдэг хэзээ ч бүтэшгүй асуудал. Хөрөнгө оруулалтаа дийлэхгүй шүү дээ. Ордын нөөц тодорхой, хэмжээ хязгаартай. Тийм учраас зэс боловсруулах нэгдсэн үйлдвэр байгуулах нь зайлшгүй чухал. Тэгэхдээ аль болох дэд бүтцээ түших хэрэгтэй. Зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил их хэмжээгээр ялгарч гарна. Энэ бодисыг яах вэ гэдгээ зайлшгүй шийдвэрлэх ёстой. Тодорхой хэсгийг нь шохойн чулуутай саармагжуулж гипс, барилгын материал үйлдвэрлэх нэг боломж бий. Хүхрийн хүчил хэвээр нь бага хэмжээгээр зарж борлуулах боломж ч бас байгаа байх. Гэхдээ маш өндөр хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулахад ялгарах хүхрийн хүчлийг яах вэ гэдэг хамгийн ярвигтай асуудал. Дэлхийн жишгээр бол улс орондоо байгуулахаас аль болох зайлсхийж, хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнт байгуулагдчихсан зэс боловсруулах үйлдвэрт баяжмалаа боловсруулах нь үр ашигтай гэж үздэг юм билээ. Манай дэд Ерөнхийлөгч Даваацэрэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Жаахан явц муутай л байгаа байх. Хүхрийн хүчлээ хэрхэх вэ гэдэг дээр гацчихаад хүчтэй яригдаж байснаа саармагжих хандлагатай болоод байх шиг байна. Зарим улс оронд фосфорын ордоо ашиглан, фосфорын бордоог хүхрийн хүчилтэй нэгтгэн боловсруулдаг. Бүгдийг цогц байдлаар авч үзэхгүй бол хэцүү л асуудал даа.

Уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, Монгол улс эрдэс баял­гийнхаа нөөцөөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Уул уурхайгаар мэргэшсэн хүний хувьд энэ цаг үеийг хэрхэн тодорхойлох вэ? Монгол улсын хөгжлийн ирээдүй уул уурхайн салбар мөн үү?

Миний хувийн бодлоор хүн болгон уул уурхай руу хошуураад байх шаардлагагүй юм. Уул уурхай маш олон төрлийн нарийн мэргэжлээс бүрдсэн бие даасан шинжлэх ухаан бүхий салбар. Тиймээс тухайн чиглэлээр боловсрол эзэмшсэн, ажлын тодорхой дадлага туршлагатай хүмүүсийн хийдэг бизнес. Хөрөнгө оруулалт ихтэй, эрсдэл ч ихтэй. Иймээс хүн бүр хийж чадаад байдаг бизнес биш. 
Ер нь уул уурхай гэдэг аливаа улс орны хөгжлийн үндэс суурь болж, түүн дээрээ түшиглэн бусад салбараа хөгжүүлдэг. Дан уул уурхайгаар амьдарна гэдэг хэцүү. Уул уурхай бол түр хугацааных. Тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ хэлбэлзэх, үнэгүйдэх асуудал гарч болно. Уул геологийн нөхцөл хүндэрнэ. Цаашид ашиглахад эдийн засгийн үр ашиггүй байж болно. Орчин үед технологи их хөгжиж байна. Ялангуяа нанотехнологи их хөгжиж байгаа үед зарим төрлийн бүтээгдэхүүнийг орлох материал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр нэгэнтээ зах зээл нь байгаад, ашигт малтмалын үнэ ханш өндөр байгаа бол бид тэр цаг үеийг хамгийн өндөр боломжоор ашиглах ёстой. Харин цаашид улс орныг авч явах бусад салбараа хөгжүүлэх хэрэгтэй.  Монгол улсын хувьд мөнхийн гэж хэлж болох бизнесийн салбар бол хөдөө аж ахуй байж болно. Бусад салбарыг хөгжүүлснээр Монгол улс тэнцвэртэй хөгжлийн шатандаа орох ёстой гэж боддог юм. Тэгэхээр уул уурхайгаас боссон, татвараар бүрдсэн хөрөнгийг төр, улс маань бусад салбар, аж үйлдвэрүүдээ хөгжүүлэхэд зориулаасай. Монголчуудаа ажлын байр, мэргэжилтэй болгоосой. Ингэж хавсарч, зэрэгцүүлэн авч явбал улс орны хөгжил тогтвортой байх болно. Ганцхан уул уурхайг түшвэл хэцүү. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн их уналтын үед Эрдэнэт үйлдвэр өртөг нь үнээсээ дээгүүр гарч, хувь заяа нь их л хүнд байсан үе саяхан. Ийм асуудал тохиохыг үгүйсгэх аргагүй. Миний бодлоор Монгол улс үйлдвэржүүлэлтийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй.

ХАЛААСАНД ХИЙСЭН МӨНГӨӨР ЭХ ОРНЫХОО ХИШГИЙГ ХҮРТЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

Тавантолгойг ашиглах талаарх суурь зарчмуудыг Та хэрхэн үзэж байгаа вэ?  

Тавантолгой шиг ийм том төслийг монголчууд бид дангаараа хэрэгжүүлж чадахгүй. Хөрөнгө мөнгө нь ч байхгүй. Мэргэжилтэй боловсон хүчин нь ч хүрэлцэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж, ордоо эргэлтэд оруулах нь зайлшгүй чухал. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжин, бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, үйлдвэрлэлээ эхлүүлээд авбал маш их ажлын байр бий болно. Улс орны эдийн засагт ч их түлхэц өгнө.

Бүх ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ хувьцаа эзэмшүүлнэ гэсэн шийдлийг хүлээн зөвшөөрдөг үү?  

Үүнийг би анхнаас нь л эсэргүүцэж байсан. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. 2.7-хон сая хүн амтай. Социализмаас зах зээлийн эдийн засагт шилжээд бэлэнчлэх сэтгэлгээнээсээ ангижирч ядан байна. Хүн бүр өөрийн хүчин зүтгэлээр амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх ёстой өрсөлдөөний нийгэм бий болчихсон байхад эргээд нөгөө социализмын үеийн тэгшитгэсэн бодлого, бэлэнчлэх сэтгэлгээг хөндөн манай улстөрчид мөнгө амлаад эхэлсэн. Энэ нь их аюултай юм. Өнөөдөр АНУ-д индиануудын бэлэн жишээ байна. Тэд ажил огт хийдэггүй. Засгийн газраас нь нутгийн уугуул иргэд гээд тусгайлсан  өндөр хэмжээний тэтгэмж өгдөг. Тэдэнд ажиллах, сурч боловсрох шаардлага алга. Үүнийг хардаг, мэддэг учраас би их эмзэглэдэг. Монголчууд маань тэр замаар явчих вий гэж их айж байна. Австралийн аборигенууд мөн адилхан. Бид цөөхүүлээ. Эдгээр цөөнх үндэстэн цаашид устаж, үгүй болохыг үгүйсгэх аргагүй. Америк, Австрали гэж холоос жишээ татаад яахав. Бидэнд ойрхон жишээ ч байна. Манж гэж хүчирхэг үндэстэн өнөөдөр хаана байна вэ? Бүгдийг хятадууд бэлэнчилж өгсөөр тэр үндэстнийг байхгүй болгочихсон. Үүнээс бид сургамж авах ёстой. Бэлэн мөнгө тараахын оронд монголчуудаа өндөр боловсролтой болгож, эрүүл байлгаж, ажлын байраар хангах хэрэгтэй байна. Энэ нь нийгмийн баталгаа болж чадна. Ажлын байртай болсноор хүмүүсийн амьдралынх нь баталгаа бий болно. Хятадын Шиньжан-Уйгарт би саяхан очсон юм. Нүүрс химийн  том төслүүд хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Уйгарчууд боссоныг бид бүгдээрээ мэднэ. Бослогын дараа  Хятадын төр засгийн хүмүүс газар дээр нь очиж байдалтай танилцсан. Хүн бүртэй уулзаж, асуудал юунд байна, ард түмэн юунаас болж бухимдаад байна вэ, үндэстэн хооронд яагаад ийм мөргөлдөөн болоод байна гэдгийг нарийн судалжээ. Гол шалтгаан нь ердөө л ажилгүйдэл байж. Ард түмэн ядуу, ажилгүй, ирээдүйдээ итгэлгүй байна. Энэ бүхнээс бухимдал бий болжээ. Хятадын төр засаг маш шуурхай арга хэмжээ авсан байна. Аж үйлдвэрийг хөгжүүлж, хүн бүрийг ажилтай болгоё. Ингэснээр хүмүүсийн бухимдал арилах юм байна гэдэг гол шалтгааныг олж харж чадсан байна. Тэгээд жил гаруйн хугацаанд энд тэндгүй маш том бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байна. Манай Монгол улс ч гэсэн энэ туршлагыг авч хэрэгжүүлэхсэн гэж би дотроо бодож явлаа.
Өнөөдөр манай улсад маш олон иргэний хөдөлгөөн, улс төрийн   намууд бий болоод байна. Бухимдал их байна. Гол асуудал нь ердөө ажилгүйдэлтэй л холбоотой. Манайх 700 гаруй ажилтантай. Цаана нь буй гэр бүлийнх нь хүмүүс нийлбэл хэдэн мянга болно. Жагсаал, цуглаан гээд элдвийн юманд манайхнаас оролцоно гэдэгт би итгэдэггүй.  Оролцох ч шаардлага байхгүй. Учир нь тэд ажилтай.
Ард түмэнд хувь хүртээхдээ ямар хэлбэрээр яаж өгөх вэ гэдэг бол өөр асуудал. Шууд мөнгө тараах нь л хамгийн буруу хэлбэр гэж хэлэх байна. Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн  санг бий болгоод ашигт малтмал, нөөц ашигласны төлбөрөөс бүрдэж байгаа хуримтлалыг миний түрүүн ярьснаар боловсрол, эрүүл мэндийн салбарт, Монгол улсынхаа төлөө хүчин зүтгэж ирсэн ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж болно. Бас тодорхой хэсгийг нь аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр ашиглах юм бол монголчууд бид ашигт малтмалынхаа баялгаас хүртэж байна гэж бодох ёстой. Түүнээс биш халаасанд хийсэн мөнгөөр эх орныхоо хишгийг хүртэж байна гэж ойлгож болохгүй.
Хувьцаа хэлбэрээр ашиг хүртэх гэж их ярьж байна. Хувьцааг маш сайн судалж, ойлгох хэрэгтэй. Хувьцааны талаарх боловсрол манай монголчуудад хэр билээ. Нөгөө цэнхэр, ягаан тасалбар шиг авдрынхаа буланд хийж мартчихаад хэдэн жилийн дараа ногдол ашгаа авах ёстой гээд жагсаал, цуглаан болох юм бол бас л асуудал болно. Хувьцаа эзэмшигч гэдэг өөрөө эрсдэлээ 100 хувь хариуцдаг. Ногдол ашиг авахаасаа илүүтэй хувьцааны үнийн өсөлт бууралт дээр өөрийн чөлөөт мөнгийг эргэлдүүлдэг зарчимтай. Монголчууд маань хувьцаа, үнэт цаасны талаар мэдлэг нимгэнтэй. Нийгмийн дунд бол бэлэн мөнгө гэсэн ойлголт л байгаа. Энэ үед ард түмэнд хувьцаа эзэмшүүлнэ гэснээрээ магадгүй дараа нь хууран мэхэлсэн гэсэн асуудлыг үүсгэж мэдэх юм. Баруунд өөрийнхөө чөлөөт хөрөнгийг банкинд хадгалуулъя гэхэд хүү нь маш бага. Тиймээс ашигтай төслийн хувьцаа худалдаж авах, үнэ өссөн үед нь зарах байдлаар эргэлтэд оруулан арвижуулж байдаг. Гэхдээ тухайн төслийн талаар маш сайн мэдлэг, мэдээлэлтэй байж, хэзээ хувьцааны үнэ өсөх, унах, ханш нь унасан ч ямар үед цаашид өсөх боломжтойг мэддэг байх ёстой. Энэ нь их өндөр мэдлэг шаардсан, бизнесийн бас нэг онцгой салбар шүү дээ. Хүн болгон энэ салбарт ороход ихээхэн мэдлэг мэдрэмж шаардагдана.

Монгол улс ашигт малтмалаа экспортлогч улс биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг орон болохын тулд бодлогын чанартай ямар алхам хийх ёстой вэ?

Дэд бүтцийн асуудал байна. Төр засгийн хамгийн том үүрэг бол дэд бүтцээ хөгжүүлэх. 1990 оноос хойш зах зээлд шилжсэн энэ хорин жилд бид нэг ч цахилгаан станц нэмж барьсангүй. Социализмын үед барьсан хэдэн станц өнөөдөр Монгол улсын эрчим хүчийг хангаж байна шүү дээ. Гэтэл хэрэглээ өссөөр хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрлээ. Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудалд тооцогддог нэг чухал зүйл бол  эрчим хүчний хангалтын асуудал байдаг юм билээ. Тухайн улс орон эрчим хүчнийхээ салбарыг хөгжүүлээгүй бол хараат байдалд ордог.
Монголд нүүрс шиг их юм алга. Ялангуяа хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг боловсруулж эрчим хүч гаргадаг. Улаанбаатарын ойролцоо ч гэсэн хүрэн нүүрсний нөөц баялаг маш их байна. Тэгэхээр бидэнд нэг биш нэлээд хэдэн цахилгаан станц барих боломж байсан. Энэ үүргээ гүйцэтгэсэнгүй. Хэрэв цахилгаан станц байгуулагдаж, дэд бүтцийн асуудал шийдэгдвэл маш олон аж үйлдвэр хөгжих боломж байна.
Өнөөдөр бид Цагаансуваргын төсөл хэрэгжүүлнэ гээд явж байгаа ч эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй л байна. Багануураас Чойр хүртэл 180 км, Чойроос Цагаансуварга хүртэл 280 км гээд нийтдээ 460 км газарт 220 кВ-ийн хос шугам барихаар эрчим хүчний техникийн нөхцөл гарч байна. Ийм ажлыг  компани үүрэх ёсгүй юм. Энэ шугамыг барилаа гэхэд Цагаансуваргын хэрэгцээг хангах 70 мВт-ын эх үүсвэр байна уу гэдэг бас эргэлзээтэй. Аливаа төр засгийн анхаарлын төвд дэд бүтэц нь байх ёстой. Эрчим хүч, төмөр зам болон авто зам. Хаана, хаана ямар аж үйлдвэрүүд баригдах гэж байгааг угтуулан дэд бүтцээ бүтээн байгуулсан байх ёстой. Оюутолгой гээд л хүн бүхэн ярьж байна. Их л  хурдан ашиглалтад орох юм шиг байна. Миний сонссон мэдээллээр бол эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх том бэрхшээлтэй байгаа байх. Хятад улсаас авна гэхээр эрчим хүчнийх нь тариф их өндөр байдаг. Бид ч гэсэн Хятадаас авах асуудлыг давхар судалж л  байна.

Уул уурхайн хүчирхэг, олон улсын хэмжээний  том компаниуд Монголд олноор орж ирж, салбаруудаа нээж байна. Энэ тохиолдолд үндэсний болоод гадны компаниудыг ямар хэм хэмжээнд авч явах ёстой юм бол?

Аливаа улс орны төрийн хар хайрцагны бодлого гэж бий. Ихэнх улсууд үндэснийхээ үйлдвэрлэгчид, компаниудыг өөрийн бодлогоор хамгаалдаг, түлхүү дэмждэг. Тэгж байж тэднийгээ гадны компаниудын зиндаанд аваачна. Гадаадынхантай өрсөлдөгч компани болгон өсгөж бойжуулах асуудал төр засгийн бодлогоор явах ёстой. Хэрэв төр засгийн бодлого байхгүй бол бид гадныхантай өрсөлдөж чадахгүй. Тэгвэл үндэсний үйлдвэрлэл хөгжих үндэс суурь бий болохгүй. Бид зах зээлд ороод удаагүй байна. Одоо л дөнгөж зарим нэг компани хөл дээрээ босох төдий байна. Боссон гэж хэлэхэд ч эрт байна. Үндэсний компаниудад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтаас гадна боловсон хүчнээ бэлтгэх гээд хамгийн том, хүнд асуудал бидэнд бий. Уул нь үүнийг төр засаг нуруун дээрээ үүрч явах ажил. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч бид дэд бүтэц, боловсон хүчний асуудлаа бүгдийг нь үүрч явна. Өөрсдөөсөө давсан том ачааллыг бид үүрч явна. Гэхдээ Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлээр манай хамт олон хөдөлмөрлөж байгаа. Үүнийг ойлгох хүмүүс ч бий. Ойлгохгүй, зөвхөн хувьдаа мөнгө олох гэж байна гэдэг өрөөсгөл байдлаар ханддаг хүмүүс ч их байна.
Хувь хүний хэрэгцээ хязгаарлагдмал шүү дээ. Би 1990 оноос хойш бизнес хийж байгаа хүн. Энэ хугацаанд нэг ч удаа төрийн албан тушаалд очоогүй. Төрийн ажил эрхэлсэнгүй. Яг хорин жил бизнесийн салбарт явж байна. Тийм учраас өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн хэрэгцээг ч хангачихсан. Тэгэхээр би юуны төлөө хөдөлмөрлөж байна вэ гэхээр улс нийгмийнхээ төлөө л ажиллаж байна. Харин ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг төр бидэнд гаргаж өгөх ёстой юм. Ийм олон компани байна шүү дээ. MCS, Петровис,  АПУ, Шунхлай гээд сайхан хөдөлмөрлөж байгаа компаниуд байна. 1990-ээд оноос хойш  аль нь ямар вэ гэдгээрээ компаниуд ерөнхийдөө ялгараад гараад ирлээ шүү дээ. Одоо харин эднийгээ дэмжих бодлого л үгүйлэгдэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Н.Ариунтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж