УИХ дахь Ардчилсан нам/АН/-ын бүлэг даваа гаригт засагт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг дүгнэн хэлэлцсэн. Тус хуралдаанаас Монгол ардын нам/МАН/-ыг хангалтгүй ажиллаж, хамтарсан засаг байгуулсан үр дүн гарсангүй гэж үзсэн юм. Тиймээс Ардчилсан намын бүлгээс “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтэд анхаарч, хууль тогтоомжуудыг батлахад саад учруулахгүй хамтран ажиллах тухай мэдэгдлийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод илгээсэн. Энэхүү мэдэгдлийн МАН-ын бүлгийн гишүүд хэрхэн хүлээж авч байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодруулаа.
-АН-ын зүгээс та бүхнийг ажлаа хангалттай хийгээгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу?
-Сүүлийн үед АН-ын бүлгийн удирдлагууд Засгийн газраас МАН-ыг хөөх тухай хэлэх болсон. Тэр ч байтугай ард иргэдээс хөөх нь зөв үү үгүй юу гэсэн судалгаа авсан гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг Ардчилсан намынханд сануулмаар байна. МАН Засгийн газарт гуйж ороогүй шүү гэдгийг. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өөрсдөө уйлж дуулж гуйж байгаад л манай намыг Засагт оруулсан. Гэтэл одоо хөөж байна. Тийм учраас МАН Засгаас гарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол улс төрийн хоёр хүчин хоорондоо тохироод л Засгаас гарах нь хамгийн зөв сонголт юм. Муур хулгана болж тоглох шаардлагагүй. Нэг ёсондоо манай намаар АН-ынхан тоглож байна. Ардын нам бол Ардчилсан намын тоглоомны нам биш.
-АН-ынхан МАН-ыг ажлаа хийхгүй байна. Том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад саад болж байна гэх болсон?
-Ардын нам ажил хийхгүй байна гэдэг дээр би эсрэг саналтай байна. Хамтарна гэдэг чинь болохгүй, бүтэхгүй байгаа зүйл дээр нэгнээ буруутгахыг хэлэхгүй шүү дээ. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулинд татварын маргаантай байгаа аж ахуйн нэгжүүдийг Өршөөлийн хуулинд хамруулахгүй гэж байгаа юм. 2013, 2014 онд 11260 мянган аж ахуй нэгж хуулийн байгуулагаар шалгуулсан. Шалгагдаж байгаа хүмүүс өрөө төлөхгүй, татвараас бултахыг МАН эсэргүүцэж байгаа нь үнэн. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль олонхийн дэмжлэгийг авч чадаагүй унасанд МАН буруугүй. АН-ынхан болохоор “Чингис” бонд, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниудыг хамруулах гээд байгаа юм. Энэ хуулинд бүх аж ахуйн нэгжийг харилцан тэгш эрхтэйгээр хамруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хаана байна, Сонгуулийн тухай хууль нь хаана байна. Ажлын хэсгийн ахлагч нараар нь Ардчилсан намынхан ажиллаж байгаа.
Мөн Ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатарын илгээсэн мэдэгдлийн хариуг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр бичиж байгаа бөгөөд тэрбээр ямар хариу өгөх талаар мэдээлэхгүй гэв.
Д.ЖАРГАЛ