Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Хууль санаачлагчдаас тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4, Төрийн байгуулалтын байнгын хороо 4, Төсвийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо 5, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэмж оруулах санал гаргасан боловч өргөн баригдаагүй байгаа хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд тусгах зарчим баримтлаагүй гэсэн байнгын хорооны даргын тайлбарын дагуу саналаа татаж авсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж