Ядуурлын түвшин буурсан гэх дүн Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч хийсэн Өрхийн орлого, зарлага, амжиргааны түвшний судалгаанаас гарчээ. Тухайлбал, 2010 онд ядуурлын хэмжээ 38.8 хувь байсан аж. Харин энэ хэмжээ 2014 онд 21.6 болж буурсан хэмээн судалгааны тайланд дурьдсан байна. 2014 оны байдлаар улсын хэмжээнд 600 гаруй мянган иргэн ядуу гэсэн дүнг гаргажээ.
Нийслэл, орон нутагт ялгаагүй жил ирэх тусам ядуурлын хэмжээ буурч байгаа гэх статистикийг тайлагнав. Судалгаанд дурьдсанаар эдийн засагт бага зэргийн өсөлт ажиглагдахад ядуурал буурахад түлхэц болж байна гэв.
Монгол Улсын ядуурлын түвшний судалгааг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран гаргажээ. Гэхдээ энэ удаагийн судалгаа нь 2014 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн учраас 2015 онд хамаарахгүй гэдгийг онцолсон юм.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар ядуурлын түвшин буурсан хэмээн мэдээлсэн. Үүний дагуу иргэдийн бодлыг сонслоо.
Чингэлтэй дүүргийн иргэн С.Төгсбаяр
Өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед иргэдийн амжиргаа дээшилсэн гээд телевизороор ярьж байсан. Гэтэл бидний амьдралд лав мэдрэгддэггүй. Жил ирэх тусам дордсоор л байна. Хэдэн жилийн өмнө хүнс, барааны үнэ гайгүй байсан. Гэтэл одоо тэнгэрт хадлаа.
Миний хувьд сард 450 мянган төгрөгийн цалинтай. Үүний тал нь автобус, унаанд явдаг. Үлдсэн 200-аадхан мянган төгрөгөөр хувцас хунар авна, үр хүүхдээ тэжээхээс эхлээд хэрэгцээ их. Гэтэл миний авдаг хэдэн төгрөг хаанаа ч хүрдэггүй. Ийм нөхцөл ихэнх айлд тохиолддог болов уу. Ийм үед ядуурлын түвшин буурсан гэдэгт үнэмшихгүй л байна.
Чингэлтэй дүүргийн иргэн н.Цэрэв
Ядуурал дээд цэгтээ хүрч байна. Бүх юмний үнэ нэмэгдээд, иргэдийн цалин, тэтгэвэр өсөхгүй байгаа. Хуруу, хумсаа маажиж нэг иддэгээ хоёр хоногт хувааж идсээр л болгож байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Мөнхбаатар
Ядуурлын түвшин буурна гэдэгт огт итгэхгүй байна. Би одоогоор группээ хөөцөлдөөд явж байна. Гэтэл группээ хөөцөлдөх гэж зурагтаас Чингэлтэй дүүргийн эмнэлэг хүртэл алхаж ирлээ. Би ч гэлтгүй иргэдийн амьдрал тэр чигтээ тааруухан байна. Ийм нөхцөлд ядуурлын түвшин нэмэгдэх нь тодорхой. Сүүлийн таван жил иймэрхүү байдалтай л боллоо.
Сүхбаатар дүүргийн иргэн Л.Болорцолмон
Ядуурлын түвшин нэмэгдэнэ үү гэхээс буурна гэдэг худлаа. Олж байгаа хэдэн төгрөг маань хаанаа ч хүрдэггүй. Гэтэл хүнс барааны үнэ нэмэгдсээр л байна. 20 мянган төгрөгөнд хоёр, гурван кг мах авъя гэхэд хүрэхгүй. Хамгийн доод тал нь тэмээний мах 6000 төгрөг гэдэг. Гурил, будаа, саван, боокны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад ядуурлын хэмжээ улам тэлнэ л гэсэн үг. Бид нар уг нь дундаж давхаргадаа ордог байсан бол одоо ядуу анги руу дөхсөөр л байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхтуяа
Ядуурлын түвшин буурсан гэдэгт би огт итгэхгүй байна. Намайг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд ажиллах үед 11 мянган хүн амтай байсан. Эдгээрийн ихэнх хувь нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой. Ганцхан хорооны хэмжээнд ийм байхад ядуурлын түвшин буурсан гэж худлаа.
Би төрийн байгууллагад ажилладаг. Сардаа 520 мянган төгрөг авдаг. Манайх дөрвөн ам бүлтэй. Гэтэл хоол унд, ойр зуурын хэрэглээ, автобус унааны мөнгөнд хаанаа ч хүрдэггүй. Төрийн байгууллагынхан л цалингаас цалингийн хооронд амьдарч байхад биднээс доогуур амьдралтай иргэдийн хувь буурна гэж байхгүй.
Б.ЗАЯА