Ц.Нямдорж хуралдааныг орхив

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж хуралдааныг орхив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Дээрх хуулиар Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд зохицуулж ирсэн 240 гаруй асуудлыг зохицуулахаар тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд Зөрчлийн хуулийг хэзээнээс эхэлж хэрэгжүүлбэл тохиромжтой вэ гэдгийг ярилцлаа.

Хууль зүйн яамны хувьд Зөрчлийн хуулийг 2015 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжих боломжтой хэмээн үзсэн бол Улсын Дээд Шүүх 2016 оны долдугаар сарын 1-н гэж үзсэн аж. Гэвч гишүүд хэрэгжих хугацааг нэг сараар сунгаж 2015 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2002 онд Эрүүгийн хуулийг баталсны дараа хэрэгжүүлэхийн тулд долоон сар сургалт зохион байгуулж, хуулийнхныг хамруулж байсан. Ингэж бэлтгэл хангахаас эхлээд ажил нэлээд ордог. Тийм учраас Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг тавиу тавьж өгөх ёстой, ингэхгүй бол будилаан бий болно” гэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Та дандаа бэлгэ дэмбэрэлгүй юм ярьж байх юм. Хууль зүйн яам нь боломжтой гэж үзэж байхад, болж л таараа” гэсэн тайлбар хийсний эсрэг Ц.Нямдорж гишүүн “Энд бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм бэ” хэмээн хэлж картаа сугалж аван хуралдааныг орхиж гарлаа.

Одоо байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж